Байнга холбоотой бай, хамгийн түрүүнд бодогд
Цагаан сарын үеэр олдохгүй болоод нэлээд удсан “Та өөрөө стартап компани” номоо дахиж нэг уншлаа. Бага сага зүлгээд удахгүй дахин хэвлүүлэх санаатай. Энэ удаа хуудасны хэмжээ, ковер гээд хэвлэлтийг нь тэр чигээр өөрчилж байгаа. Зарим монгол уншигчийн сэтгэгдэл ч орно.
Өнөө цагт карьераа хэрхэн харж төлөвлөх ёстойг, ажил мэргэжилдээ амжилт гаргахад юу чухлыг сургасан болохоор; стартап, энтрепренер зэрэг ойлголтуудыг маш ойлгомжтой цэгцтэй тайлбарласан байдаг болохоор, намайг дараа дараагийн боломжуудад хөтөлсөн тул энэ номдоо би дэндүү хайртай байдаг.
Хэвлэгдээд олон жил болсон ч агуулга нь “шинэ” хэвээрээ байсаар байгаа энэ номын хэсгээс хүргэж байна. Дөрөвдүгээр бүлгийг уншаад би лав нетвөрк, танилын сүлжээний талаар мартсан зүйлсээ сэргээж, нэлээд зүйлийг бодсон шүү.
4-р бүлэг. Танилын сүлжээ үүсгэ, 102-103 дугаар тал
Байнга холбоотой бай, хамгийн түрүүнд бодогд
Гурван жил нэг ч холбоо бариагүй хүнээс гэнэт имэйл хүлээж авах шиг онцгүй зүйл байдаггүй: “Сайн уу? Хэдэн жилийн өмнө бид нэг чуулга уулзалт дээр танилцаж байсан даа. Би маркетингийн ажил хайж байгаа юм. Энэ чиглэлийн хүн хайж буй ажил олгогч мэдэхгүй биз?” гэсэн байвал “Чи ч хэрэг болсон үедээ л намайг санах юм даа” гэж бодогдоно.
Завгүй хүмүүс ажлын байр асуусан, аль нэг салбарын сайн мэргэжилтэн таньдаг бол хэлж өгөөч гэж хүссэн имэйл авахаараа хамгийн түрүүнд өөртэй нь ойрмогхон харилцсан хүмүүсийг л санадаг. Тэгвэл аятайхан санал түүний ширээгээр дамжих үед тэр таны тухай бодох болов уу? Гагцхүү түүний санаанд та хамгийн түрүүнд бууж байвал, гагцхүү таны нэр имэйл хайрцагных (inbox) нь дээгүүр хэсэгт харагдаж байвал тэр таныг санах болно. Арга хэрэгслийн хувьд хүмүүстэй тогтмол харилцаатай байх нь өнөө үед тийм ч хэцүү биш. Гэвч олон сар чимээгүй явсныгаа “Уучлаарай, би тогтмол бичихдээ их муу л даа” хэмээн, имэйл гялс бичээд илгээчих нь төрөлхийн чадвар юм шиг тайлбар тавьдаг хүмүүстэй ойр ойрхон таардаг бол, байнгын харилцаатай байх нь үнэхээр амаргүй бололтой гэж та бодож магадгүй.
Үнэн хэрэгтээ таньдаг хүмүүстэйгээ холбоотой байх нь харилцаагаа үргэлжлүүлэх чин хүсэл, бага зэргийн зохион байгуулалт, идэвх санаачилгыг л шаарддаг. Энэ талаар та олон л зөвлөгөө сонссон байх. Гэхдээ бид тэр болгон тааралдаад байдаггүй, санаж явууштай хэдэн зүйлийг зөвлөе.
• Та тийм ч их төвөг учруулаагүй байх. Хүмүүс өөрийгөө нөгөө хүндээ ядаргаатай, эрээ цээргүй амьтан гэж бодуулчих вий гээд тогтмол харилцаатай байхаас, дахин дахин холбогдохоос цэрвэх нь элбэг. Та нэг хүн рүү хамт кофе уух уу гэж бичлээ гэж бодъё. Хариу ирсэнгүй. Та имэйлээ дахин явуулав. Бас л хариу байдаггүй. Одоо яах вэ? Дахиад имэйл явуулбал зүдрүү нэгэн болчих уу? Тэгж харагдах тохиолдол байдаг ч ихэнхдээ тийм биш. Хэрвээ хариу ирүүлээгүй бол соёлтойгоор хариу хүссээр л бай. Ингэхдээ дан ганц имэйлээр биш, зурвас илгээж, бяцхан бэлэг барьж, хандлагаа өөрчлөн, янз янзаар оролд. Завгүй хүмүүсийн имэйл хайрцаг дүүрчих нь элбэг тул таны имэйл ёроолд нь мартагдчихсан байх магадлалтай. “Үгүй” гэж хариулаагүй л бол үргэлжлүүлэх хэрэгтэй.
•Үнэ цэн нэмэхийг хичээ. Зүгээр л мэндлэх, сонин сайхан дуулгахаас илүү үнэ цэнийг харилцаандаа нэм. Жишээлбэл, түүний бичсэн юм уу нэр нь дурдагдсан мэдээ, нийтлэлийг унш. Эсвэл ажилтан авахаар хүн хайж буй бол түүнд нь тэнцэх хэн нэгнийг санал болго. Зүгээр л “Сайн уу?” гэж асуусан имэйл, зурвас явуулах нь цаад хүний тань сэтгэлийг хөдөлгөхгүй.
• Хэрвээ та хэтэрхий хувийн харилцаа тогтоох гээд байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхээс эмээж байвал нийтэд хандаж байгаа мэт харилц. Олон жил уулзаагүй дунд сургуулийн найзтайгаа холбоо барих жаахан эвгүй байдаг даа. Тэгвэл дахин холбоо тогтоох аргаа нийтэд хандсан үйлдэл мэт харагдуул: “Сайн уу? Би дунд сургуулийнхантайгаа эргэж нэг холбогдъё гээд...” гэх мэтээр эхлэх нь эвгүй санагдахаас тодорхой хэмжээгээр сэргийлдэг. Ингээд нэгэнт холбоо тогтоочихсон бол зурвасаа илүү хувийн чанартай болгож болно.
• Нэг үдийн хоол олон арван имэйлтэй тэнцэнэ. Хэн нэгэнтэй та үдийн хоол идэж нэг цаг ярилцахад л олон арван имэйл солилцож байж тогтоох харилцааг тэр дор нь үүсгэчихдэг. Тэгэхээр боломж байвал нүүр тулан уулзахыг эрхэмлээрэй.
• Сошиал медиа. Сошиал медиа нь идэвхгүйгээр харилцахад нэн тустай. Та сүлжээ рүүгээ буюу дагагчид руугаа шинэ мэдээлэл түгээхэд хүссэн нэг нь л хариу бичдэг. Учир нь, үүнд ямар ч дүрэм журам, үүрэг хариуцлага байдаггүй. Бичсэн зүйл, жиргээ, хуваалцсан нийтлэлд олон хүн тэр болгон хариу өгөөд байдаггүй болохоор хэн ч уншихгүй байна даа гэж бодогдох нь бий. Гэвч хүмүүс уншиж л байдаг. Тогтмол шинэчлэгддэг богинохон бичвэрүүд нь заримдаа дэмий зүйл мэт байвч та болон таны онлайн танилуудын хооронд хүний харилцааг үүсгэж л байдаг. Тиймээс ЛинкэдИнийг ажил мэргэжилтэй холбоотой мэдээлэл оруулахдаа, Фэйсбүүкийг хувийн чанартай мэдээлэл өгөхдөө, Твиттерийг хоёуланд нь зориулж ашиглаарай.
Хэрвээ хэн нэгэнтэй харилцаа тасраад удсан бол эргэж холбогдох хүн нь та өөрөө бай. ”Удаан холбогдсонгүй шүү” гэх мэтийн үг ашиглан урьдын харилцаандаа эргэн оч. Сургуульд байхдаа, хуучин ажил дээрээ, хуучин амьдарч байсан газраа дотно нөхөрлөж байсан хүмүүстэй харилцаагаа сэргээх нь үнэхээр сайхан зүйл. Мөн “шинэхэн” сайн найзтай болох нэг сайн арга билээ.
Урьд нь Unread.today дээр тус номын хэсгүүдээс бас ийн оруулж байв:
–Өрсөлдөх давуу талаа хөгжүүл
–Танилын сүлжээгээ хэрхэн хүчирхэгжүүлж, тордох вэ?
Танд миний илгээдэг Товшлол ба бусад бичвэрүүд таалагддаг бол бусдад санал болгож дэмжээрэй 🤟