Ганзогийн товшлол #10 – 2021/01/29
Сонирхолтой, мэдүүштэй, шинэ санаануудыг хуваалцах зорилготой долоо хоног тутмын товшлолд тавтай морил. (Товшлол = Товших + Товчлох)
САНАА
Энэ удаа дадал хэвшлийн тухай хөндье. Ташрамд хэлэхэд, би дадал гэж ярих, бичих дуртай. Зуршил гэж өөр үг бий ч "муу зуршил" гэсэн холбоо үгийг сонссоор яагаад ч юм сөрөг утга нь буугаад байдаг юм.
Дадлын тухай "The Power of Habit” гэх ном нэг хэсэг их уншигдсан. Харин сүүлд гарсан Жэймс Клирийн “Atomic Habits” бол уг номын зарим санааг бүр илүү хөгжүүлж, олон шинэлэг санаа нэмснээрээ энэ сэдвийн хамгийн сайн ном болсон байна гэж дүгнэсэн шүү. Өнөөдөр энэ номоос надад хүчтэй туссан хоёр санааг онцолсу.
Зохиогч хүний зан төлөвийн өөрчлөлт гурван давхаргатай байдаг гэсэн. Тойргийн гадна талынх нь “Үр дүн”, дундах давхарга нь “Үйл явц”, харин цөмд нь “Identity” байдаг гэжээ. ("Identity" гэх энэ үгийн орчуулга бас их төвөгтэй. "Ижилсэл", "өвөр төрх" гэх мэт цөөнгүй хувилбар яваад буй. Би "Та өөрөө стартап" номдоо "хувь шинж" гэж орчуулсан байх юм. Сүүлд "Непко" ийм нэртэй номыг "Танигдахуй" нэрээр гаргажээ.)
Үр дүнд суурилсан өөрчлөлт нь жингээ хасах, аварга болох, ном бичих гэх мэт зорилттой холбогдоно. Үйл явц нь болохоор дадал болон системээ өөрчлөх талаар юм. Фитнес хийх шинэ дадал хөгжүүлэх, төвлөрч ажиллах шинэ арга барилыг суулгах гэх мэт. Харин "Identity"-ийн өөрчлөлт нь итгэл үнэмшил, өөрт тогтсон ойлголтыг өөрчлөх тухай юм. Үр дүн – Юу авах. Үйл явц – Юу хийх. Identity – Юунд итгэх.
Зан төлөвийн жинхэнэ өөрчлөлт бол "Identity"-ийн өөрчлөлт гэнэ. Та нэг шинэ дадал эхлүүлж болно. Харин түүнийг алдахгүй үргэлжлүүлэх нь тэр дадал таныг итгэл үнэмшлийн нэг хэсэг болох уу, үгүй юу гэдгээс шалтгаалах юм. Та бид магад 7 хоног эрүүл хооллож болох ч энэ үйлдлийн цаадах суурь итгэл үнэмшлээ өөрчлөхгүйгээр эрүүл хооллодог болж чадахгүй гэсэн санаа. Тэгэхээр:
–Нэг ном унших нь зорилго биш юм. Уншигч болох нь зорилго юм.
–Нэг марафонд гүйх нь зорилго биш юм. Гүйгч болох нь зорилго юм.
–Хөгжмийн зэмсэг сурах нь зорилго биш юм. Хөгжимчин болох нь зорилго юм.
Ухаан нь та тамхинаас гарах гэж хичээж байна гэж бодъё. Найз чинь таараад “Тамхилах уу?” гэвэл “Би гарах гэж хичээх байгаа” гэхгүй “Би тамхичин биш болсон” гэх нь зүйтэй ажээ. Хүмүүс өөртөө итгүүлсэн санаа бодолдоо автаж, сохроор дагадаг гэсэн нь үнэн санагдсан. Ийм жишээнүүд бий:
–Өө би зүг чиг олохдоо муу хүн.
–Би өглөөний хүн биш ээ.
–Би угаасаа хоцордын (Дэмбэрэл).
Энэ бүхэн таны "identity" буюу таны нэг хэсэг болчихсон болохоор сална гэдэг амаргүй. Энэ бодлыг та үнэн болтол нь олон жил давтчихсан хэрэг.
"Identity" гэдэг нь "essentitas" буюу байх, орших, "identidem" буюу байн байн, давтан давтан гэх латин үгсийг нийлэмжээс буй болсон аж. Өөрөөр хэлбэл "identity" гэдэг “давтагдах оршихуй” гэсэн санаа байх нь.
Тэгвэл яаж зан төлөвийн жинхэнэ өөрчлөлтийг хийх вэ?
Тухайн итгэл үнэмшлийг бататгах баримт, нотолгоо их байх тусам та түүнд улам бүр итгэнэ. Тэгэхээр,
Та ямар төрлийн хүн болохыг хүсэж байна? Таны үйлдэл болгон тэр төсөөллийг тань бататгаж буй нэг санал, нэг оноо гэдгийг санагтун.
Өөрөөр хэлбэл,
1. Ямар төрлийн хүн болохыг хүсэж буйгаа шийд.
2. Түүнийгээ жижиг алхмуудаар, жижиг хожлуудаар өөртөө батал.
Та ямар үр дүнд хүрмээр байгаагаа бодоод "Ямар төрлийн хүн ийм үр дүнд хүрэх вэ?" гэж асуун төгсгөлөөс нь эхлэл рүүгээ буцаж сэтгэх хэрэгтэй байх нь. Би лав үүнийг уншаад сэтгэл их хөдөлж, "Би угаасаа л эмх цэгцтэй, цэвэрч хүн. Би чадна, банди минь" гэж өөртөө хэлж байлаа. Энэ бүхний гол дүгнэлт нь бид өөрсдийнхөө хамгийн сайн хувилбар байхын тулд тогтсон итгэл үнэмшлүүдээ байнга эргэн харж, "давтагдах оршихуй"-гаа тордож сайжруулж байх хэрэгтэй ажээ.
Өөр нэг чухал санаа бол Жэймс Клирийн “2 минутын дүрэм” юм. Энэ нь “Хөгжүүлэх шинэ дадал чинь хийхэд хоёроос илүү минут шаардахгүй байх хэрэгтэй” гэсэн дүрэм юм.
–Орой бүр унших –> Нэг хуудас унших
–30 мин иог хийх –> Иогийн гудсаа гаргах
–Өдөр бүр биологио давтах –> Дэвтрээ нээх гэх мэтээр хийхийг хүсэж буй зүйлээ хоёр минутанд хийчих үйлдэл болгон хялбаршуулах хэрэгтэй. Үүний утга нь "show up" буюу аливааг хийх хүслээ харуулах, сайн хийхгүй ч бай тухайн газраа бэлэн зогсож байх санаа юм. Жэймс Клир "Дадлыг буй болгосны дараа л ахиулж сайжруулж болно" гэсэн. Энэ бол аливаа дадлыг эхлүүлэх, өдөр бүр хүчин чармайлтаа харуулах сайн арга. Энэ бол тухай итгэл үнэмшилдээ оноо авах, жижиг хожил байгуулах тухай ойлголт юм. Нэг суниах нь огт суниахгүй байснаас дээр. Нэг хуудас унших нь юу ч уншихгүй байхаас дээр. Энэ хоёр минут яваандаа цааш сунаж уртсах нь ойлгомжтой.
ДАЖГҮЙ
Нэг хэрэгтэй "shortcut" сурлаа. Бид текстийг "Command/Ctrl + V" гэж "Paste" хийдэг шүү дээ. Элдэв форматад буй текстийг ингэж хуулахаар хуучин форматаас салахгүй ядаргаа болдог. Үүнийг "address bar" луу хуулаад, тэндээсээ дахин хуулах мэтээр шийдэх нь түгээмэл. Тэгвэл зүгээр л нэг товч нэмээд буюу "Shift + Command/Ctrl + V" гээд хуулахад форматаасаа автоматаар салдаг юм байна. Ойрд цөөн хэдэн "shortcut" сурах, хуучин сурах гэж байгаад хаячихсанаа сэргээхэд бас жаахан анхаарлаа.
БУУХИА
Scott Young: Ten Ideas That Have Shaped My Life – Сонирхолтой санаанууд багтжээ.
Posted.mn: Сэтгэл, зүтгэл гэж юу болохыг биеэр үлгэрлэсэн Коби Брайантын дурсгалд зориулах үгс
Сагсны бөмбөгийн хорхойтны хувиар Кобигийн талаар нэг жижиг бичвэр тэрлэсэн. Энд дурдагдсан Жорданы бичлэгийг заавал үзээрэй.