Ганзогийн товшлол #11 – 2021/02/05
Сонирхолтой, мэдүүштэй, шинэ санаануудыг хуваалцах зорилготой долоо хоног тутмын товшлолд тавтай морил. (Товшлол = Товших + Товчлох)
САНАА
Бичих = Бодох
Жоан Дидионы "Би юу бодож байгаагаа бичиж буулгах үедээ л олж мэддэг” гэсэн үг бий. Бичнэ гэдэг бол бодохын нэр гэдэг. Олон завгүй хүн надад бодох цаг их байсан ч болоосой гэж халагладаг. Гэвч "бодох цаг”-ийг төлөвлөхөд, бас хэмжихэд хэцүү билээ. Тэгвэл бичих цагийг төлөвлөж, үр дүнг нь ч хэмжиж болно (500 үг, эсвэл долоо хоногтоо нэг блог бичвэр гэх мэтээр).
Амазоны үүсгэн байгуулагч Жефф Безосын тухай нэгэн хөрөг нийтлэлийн талаар Бэн Каснока бичсэн байдаг. Тэр нийтлэлээс сонирхол татсан нэг хэсгийг тоймловол:
Жефф Безос унших дуртай. Түүний бичмэл үгэнд өгсөн хайр нь компаниа удирдах нэг хачирхалтай аргад хөтөлсөн гэдэг. Амазоны "S-team" буюу захирлуудын хурал нь хамтдаа уншлага хийснээр эхэлдэг. Тухайлбал , Жефф Безос болон багийн бүх гишүүд хэлэлцүүлэг эхлэхээс өмнө зургаан хуудас бичвэрийг 30 хүртэл минут чимээгүй уншиж, тэмдэглэгээ хийн ярилцах зүйлсээ боловсруулдаг гэнэ (Тийм ээ, цахим ном хийдэг тэд цаасыг үнэлдэг байх нь).
Амазоны захирлууд эдгээр бичвэрийг “narratives” буюу “өгүүлэл” хэмээн нэрлэдэг. Мэдээж Жефф Безос энэ нь Powerpoint-ийн фэнүүдэд бол хачин жигтэй үйл явц гэдгийг ойлгодог. Ялангуяа шинэ ажилтнуудад захирлуудтайгаа өрөөнд чимээгүй суух сонин байдаг байх гэж ярьжээ. Тэрээр ийм хамтын уншлага нь багийн гишүүдийн анхаарлыг гойд сайн төвлөрүүлдэг гэж үздэг. Түүнийхээр, өгүүллийг бичих нь бүр ч чухал ур чадвар гэнэ.
Безос “Бүтэн өгүүлбэр бичих бүр хэцүү. Өгүүлбэр үйл үгтэй байдаг. Цогцолборууд толгой өгүүлбэртэй (topic sentence) байдаг. Зургаан хуудас, зөв дараалал бүхий бичвэрийг цэгцтэй сэтгэхгүйгээр бичих боломжгүй” гэжээ. Безос “үйл үгтэй байх, толгой өгүүлбэр оруулах, бүтэн цогцолбор бичих”-ийг шаарддаг нь нэн сонирхолтой. Презентац хийхэд ч гэсэн логик, дарааллыг ашиглана шүү дээ гэж мэтгэж болох. Гэвч презентац тавихад илтгэн яригч нь дутуу орхисон, ойлгомж муутай хэсгүүдийг хэл яриагаараа нөхчихдөг учраас Безос бүтэн өгүүлэл бичихийг шаарддаг бололтой.
Bloomberg News-ийн ахлах редактор Брэд Стөүн 2013 онд Амазоны талаар “The Everything Store” хэмээх ном бичсэн нь уншигчдын талархлыг хүлээж, тэр оныхоо Financial Times, Goldman Sachs-ийн шилдэг бизнесийн номоор нэрлэгдэж байв. Энэ номдоо Брэд өмнө дурдсан зургаан хуудас бичвэрийн тухайд "түүнийг хэвлэлийн мэдээ маягаар бичдэг, зорилго нь тухайн санал санаачилгыг хэрэглэгчид анх удаа танилцуулж байгаа мэтээр маш ойлгомжтой буулгах" хэмээн бичжээ. Тэрээр энэ заншлыг нь мэдэх тул Жефф Безостой уулзаж ном бичих санал тавихдаа ийм өгүүлэл бичээд уншуулсан аж.
Брэд Стөүн номдоо Безосын анхаарал төвлөрүүлэх чадварын тухай онцлон бичсэн байсан. Уулзаад үзэхэд Безос энергиэр дүүрэн, харилцан ярианд анхаарлаа бүрэн төвлөрүүлж, бусад захирлууд шиг яарч байгаа мэдрэмж огт төрүүлдэггүй гэнэ.
Жефф Безос Амазоныг тодорхойлохдоо “Бид үнэнхүү хэрэглэгч-төвтэй, бид үнэнхүү урт хугацаанд чиглэсэн, бид үнэнхүү инновац хийх дуртай компани. Ихэнх компани ийм байдаггүй. Тэд хэрэглэгчид биш өрсөлдөгчдөө төвлөрдөг. 2, 3 жилийн дараа өгөөж өгөх зүйлсэд л төвлөрөхийг хүсдэг. Тэр нь амжилт олохгүй бол өөр зүйлд шилждэг. Тэд эрсдэл багатай болохоор нь бүтээгч байхаас илүү ойрын дагагч байхыг эрмэлздэг. Харин Амазоны мөн чанар бол энэ гурван элемент юм. Ийм учраас бид өөр. Энэ гурван элементийг нэгтгэсэн маш цөөхөн компани бий" хэмээн ярьжээ.
ДАЖГҮЙ
За би ч сүүлийн үед өөрийн эрхгүй Амазоны фэн болж байна даа. Kindle бол ярих юмгүй гоё юм. Өнгөрсөн долоо хоногт хүүдээ захисан Amazon Fire таблет ирэв. Өнөөх чинь бөөн баяр. 190 долларын үнэтэй таблетыг хямдралаар 120-д авсан маань супер наймаа болчихлоо гээд баярлаад сууж байна. Хэмжээ нь нэлээн том юм. Google-ийн аппуудыг механикаар суулгах ёстой, бусдаар бол асуудалгүй харагдаж байна.
Мөн Pocket-д дараа уншихаар хадгалсан нийтлэлүүдээ Kindle рүү шиддэг нэг сонирхолтой үйлчилгээг мэдэж авлаа. Компьютер дээр элдэв нийтлэл унших дургүй надад бол их таалагдлаа. Kindle-тэй хүмүүс P2K гэх энэ үйлчилгээг сонирхоорой.
Энэ долоо хоногт Жефф Безос 2021 оны гуравдугаар улирлаас Aмазоны гүйцэтгэх захирлын албаа өгч ТУЗ-ийн дарга болохоо зарласан байна. Ингэснээр "Day 1 Fund", "Bezos Earth Fund", "Blue Origin", "The Washington Post" зэрэг бусад компани, төслүүддээ илүү цаг гаргах гэнэ. Үүнтэй зэрэгцэн Брэд Стөүн тавдугаар сард хэвлэгдэх “Amazon Unbound” гэх шинэ номоо зарлав. Энэ номд "The Everything Store"-оос хойш найман жилийн турш Амазонд өрнөсөн асар их өөрчлөлт, хөгжил дэвшил болоод Жефф Безосын амьдрал, адал явдлыг хүүрнэх аж. Ташрамд дуулгахад, энэ номын орчуулгын эрхийг “Арвис Паблишинг” авсан. Элон Маскийн намтар шиг бас нэг “солиотой" номыг уншигчдадаа удахгүй барих нь ээ.
БУУХИА
Амазоны 1997 оны хувьцаа эзэмшигчдэдээ илгээсэн захидал
Жефф Безос энэ захидалдаа "Day 1" гэсэн алдарт үгээ хэлсэн билээ. 1997 онд бид асар амжилттай ажиллалаа, "гэхдээ энэ бол Интернэтийн хувьд, манай Amazon.com-ийн хувьд ч анхны өдөр юм" хэмээн байнга шинээр эхэлж буй мэт, байнга сонор сэрэмжтэй, байнга бүтээлч, хурдтай байхын чухлыг онцолсон нь Амазоны сэтгэлгээг хойшид илэрхийлэх болсон юм.