Ганзогийн товшлол #12 – 2021/02/19
Сонирхолтой, мэдүүштэй, шинэ санаануудыг хуваалцах зорилготой долоо хоног тутмын товшлолд тавтай морил.(Товшлол = Товших + Товчлох)
САНАА
Залуу хүмүүсийн ажил мэргэжилдээ амжилт олох тухайд хамгийн их сонсдог зөвлөгөө бол “Follow Your Passion” буюу “Зүрх сэтгэлээ сонс, гал эрмэлзлээ дага” гэсэн үгс байх. Стэпэн Кови “Өндөр бүтээмжтэй хүмүүсийн 7 дадал” номдоо “Ой тойндоо төгсгөлийг нь зураглан ажлаа эхэл” гэж, өөрөөр хэлбэл замаасаа хазайхгүйн тулд эрхэм зорилготой болох хэрэгтэй хэмээн хоёр дахь дадлыг тодорхойлсон байдаг. Стив Жобс 2005 онд Станфордын их сургуулийн төгсөлтийн индрээс “Та бүхэн юунд дурладгаа хайж олох хэрэгтэй. Ажилдаа амжилт олох цорын ганц зам бол хийж буй зүйлдээ дурлах. Хэрвээ та үүнийгээ олоогүй бол хайсаар бай, бүү зогс” хэмээсэн нь олон олон сая залуусын сэтгэл зүрхэнд хүрсэн билээ.
“Та өөрөө стартап” номдоо Бэн Каснока энэ философийг өнөөгийн нийгэмд учир дутагдалтай гэсэн юм. Түүний санааг тоймловол: "Нэгд, энэ нь ажил карьерын орчныг хөдөлгөөнгүй, тайван гэж үзэж буй хэрэг, гэвч ажлын талбар өмнөх арвануудаас хавьгүй өөр, хурдан хэмнэлтэй, хурц өрсөлдөөнтэй болсон. Өнөөдөр бид арван жилээр карьераа төлөвлөж чадах уу? Хоёрт, энэ философи өөрийгөө таних нь амархан мэтээр ойлгуулдаг. Гэтэл үнэндээ өөрийгөө таньж мэдэх нь бодсоноос хавьгүй хэцүү, заримдаа удаан үргэлжлэх үйл явц байдаг. Гуравт, сэтгэлийн дуудлагаар аливаа хийх нь хэн нэгэн танд мөнгө төлнө гэсэн үг биш. Зах зээлийн эрэлт хэрэгцээ гэж чухал зүйл бий. Тэгэхээр төлөвлөгөө боловсруулах уу, уян хатан үлдэх үү? Амжилтад хүрсэн энтрепренерүүд бол аль алийг нь орхилгүй, уян хатан байж чаддаг. Тэд өөрийнхөө үнэт зүйл, хэтийн зорилгод нийцүүлэн компани байгуулдаг ч аливаад дасан зохицох чадвартай, уян хатан хэвээр үлддэг" гэсэн юм. Өөрөөр хэлбэл, тэр ажлын талбарт энтрепренерийн сэтгэлгээ буюу дасан зохицох сэтгэлгээтэй байхыг чухлыг онцолсон юм.
"Follow Your Passion" зөвлөгөөг Кал Ньюпорт “So Good They Can’t Ignore You” номдоо "бут авсан" байдаг. Номын дэд гарчиг болох "Дуртай ажлаа олох эрэл хайгуулд ур чадвар гал эрмэлзлийг (passion) ялдаг" гэсэн санааг тэр дэвшүүлсэн билээ.
Тэрээр Стив Жобсын жишээг татаж, "Жобсын хэлснийг биш хэрхсэнийг дага" хэмээн зөвлөжээ. Гал эрмэлзлийг магтан дуулсан Стив Жобсын Apple-ийг байгуулалцсан түүх ярьснаас нь зөрдөг гэж болно. Коллежид ормогцоо үсээ ургуулж, хөл нүцгэн алхдаг болсон Жобс бизнес, электроникст хамаг зүрх сэтгэлээ өгөөгүй байлаа. Тэр барууны иргэншлийн түүхийг судалж, бүжиг сонирхож, сэтгэлийн гэгээрэлд (spiritual enlightenment) татагдаж байв. Нэг жилийн дараа коллежоо орхисон ч оюутны хотхонд хөлхсөн хэвээр байж, "Hare Krishna" сүмийн үнэгүй хоолыг буудаж явжээ. Сүүлдээ мөнгөгүй байхаас залхаад Калифорни руу буцаж, аав ээжтэйгээ амьдрах болов. Тэгээд тоглоом бүтээгч "Atari" гэх компанид шөнийн ээлжийн ажилд орж, компани болон "All One Farm" гэх хиппичүүд цугласан фермд цагаа ээлжлэн зарцуулж байжээ. Үүний дараа тэр гэгээрлийг эрэлхийлж Энэтхэгт хэдэн сар аялав. Буцаж ирээд Зэнгийн төвд суралцав.
Энэтхэгээс ирснийх нь дараа найз Стив Возниак нь нэг ажилд түүнийг уруу татжээ. Компьютерт хэрэглэгдэх төхөөрөмж бүтээх ажлын санал авсан найз нь бизнест илүү дөртэй Жобсыг татан оролцуулсан байна. Гэвч нөгөө ферм рүүгээ гэнэтхэн алга болсон Жобсыг эргэн ирэхэд нөгөө тал нь түүнийг "бизнес"-ээс халсан байлаа. Алдарт компаниа байгуулахаас жилийн өмнө л тэр ийм байдалтай байсан хэрэг. Тэр жил "model-kit" буюу угсардаг компьютер бий болж, компьютер сонирхогчид худалдаж аваад гэртээ угсардаг болсныг тэр анзаарсан байлаа. Тэгээд Возниакт тийм угсардаг компьютерын хавтан хийгээд заръя хэмээн санал болгосноор, түүнийг нь авах дэлгүүр хавтан биш бүрэн компьютер хийлгэхийг хүссэнээр "Apple Computer" компани төрсөн түүхтэй. Өөрөөр хэлбэл, Жобс Apple-ийг гал эрмэлзлээ дагаж бус жижиг туршилтаас, азтай тохиолоос үүдэн байгуулалцсан ажээ.
Кал Ньюпортын дүгнэснээр, карьерын гал эрмэлзэл нь 1) Ховор 2) Бий болгоход нэлээн цаг ордог 3) Ажилдаа гаршихаас (mastery) үүдэн гардаг гэнэ. Гал эрмэлзэлд төвлөрөх нь гадаад ертөнц надад юу санал болгох вэ гэж асууж буй хэрэг, үүний оронд ур чадварт төвлөрч "би гадаад ертөнцөд юу санал болгох вэ" гэсэн асуулт тавих нь ажил карьертаа амжилт олох суурь хэмээн тэрээр мэтгэжээ.
Мотивацийн тухай жинтэй судалсан Дан Пинк хүн ажилдаа урам зоригтой байхын тулд дараах гурван зүйл чухал гэсэн байдаг:
–Autonomy: Ажлын өдрөө удирдах, бас хийж буй ажил маань чухал гэсэн мэдрэмж
–Competency: Ажилдаа сайн байгаа гэх мэдрэмж
–Relatedness: Бусадтай холбогдох мэдрэмж
Эндээс харахад ур чадварт төвлөрөх нь тун чухал аж. Ур чадвар сайжрах тусам "autonomy" буюу ажлаа харьцангуй эрх чөлөөтэй хийх боломж нэмэгдэж таарна.
Тэгэхээр "зөв ажил"-ыг хайхаас илүү "зөв ажиллах", ур чадвараа зүлгэх нь ашиг тусаа өгч, эрэл сурал болоод буй мөнөөх "зөв ажил"-д эргээд хөтөлдөг байх нь ээ.
ДАЖГҮЙ
Сүүлийн үес компьютер дээр болон гар утсан дээр сатааруулах вэб, апп-ийг хаадаг "Freedom"-ийн төлбөртэй хувилбарыг туршиж байна. Одоогоор тун дажгүй шүү. Хэсэг хэрэглэж байгаад туршлагаа бичье. Бас ойрдоо Треллод жигтэйхэн дуртай болчихлоо. Unread дээр ашигладаг ч би хөтлөлт тааруугаараа бусдыгаа арагш чирэх гээд байдаг байлаа. Саяхан Трелло дээр хувийн боард үүсгээд, 7 хоног, улирал, бүтэн жилээр багана үүсгээдэхлээ. Гол давуу тал нь 7 хоногийн план гаргахдаа улирал, жилийн зорилтуудаа нэг дороос харж, юуг орхиод хождуулаад байгаагаа харах боломж нь юм. Энэ зорилтуудаа нэг дороос харахын чухлыг өмнө нь энд бичсэнийг зарим хүн санаж байгаа болов уу.
БУУХИА
Pecha Kucha2021: Дэлхийн 100 хотоос 1000 илтгэл – Unread маань аливаа санаа, түүхийг 20 зураг х 20 секунд байдлаар илэрхийлдэг, хэсэг завсарласан (олон улсын) эвентээ хийж эхлэх гэж байгааг дуулгая. Манай монгол илтгэгчдийнх маргааш буюу хоёрдугаар сарын 20-ны 17 цагт.
8 минутын улс төр: 10 их наядын төлөвлөгөө, Төрийн албаны тоонууд, Л.Ану-Үжин – Ээлжит товхимол
Unread Book Club #1 - "Хэрхэн амьдрах вэ?" – Clubhouse-ийн чичиргээн, төвөргөөн айхтар байна шүү. Бид долоо хоног бүр номын тойм нийтэлдгийн хувьд энэ шинэ платформ дээр номын хэлэлцүүлэг хийж үзье гэж шийдсэн юм. Эхний ном нь Монтэнийн намтар буюу "Хэрхэн амьдрах вэ?"
Маргааш буюу хоёрдугаар сарын 20-ны 19 цагт.