Ганзогийн товшлол #14 – Минимализм, Гэнэтийн ухаарал...
Сонирхолтой, мэдүүштэй, шинэ санаануудыг хуваалцах зорилготой долоо хоног тутмын товшлолд тавтай морил.(Товшлол = Товших + Товчлох)
САНАА
Жаахан ядарсхийгээд л хаваршиж буй хүмүүс цөөнгүй байгаа болов уу. " 'Насанд хүрэгч' гэж байдаггүйг санаарай. Хүн бүр л амьдрах явцдаа суралцаж байдаг. Урдах замаа олох, сонгох, хаях нь чиний өөрийн л хийх зүйл. Өөрөө л учрыг нь олох ёстой" гэсэн Навалын үгээр та бүхнийхээ сэтгэлийг амарлиулсу. Анх удаагаа амьдарч буй хүмүүс шүү дээ бид чинь...
Сүүлийн хоёр долоо хоног өөрийгөө овоо л өөрчиллөө. Өнөөдрийн товшлолд сэдэв гэхээсээ сүүлийн үед өөрийн таашааж буй, бодож буй хэдэн зүйлийг хуваалцъя.
Сүүлийн үес өөрийгөө "удаан", мултитаск хийхдээ тааруу гэдгээ улам бүр ойлгож байна. Ойрын зарим хүмүүс маань хааяа хэлдэг л дээ. Дуудсаных нь дараа нэлээн удаж байж "Аан?" гэдгийг ч шоолдог. Гэхдээ хүн өөрийгөө ямар мэдэх биш. Ухаарал нэг л өдөр ирдэг юм байна. Тэгсэн хэрнээ би чинь олон юм сонирхчих санаатай, даахгүй байж булуу хураадаг маягийн нөхөр. Ийм хүнд тохирч магадгүй амьдралын хэв маяг бол минимализм аж. "Deep Questions" подкастаас "The Minimalist"-тай танилцлаа. Ойгүй алдартай нөхөд байна. Улмаар Netflix-ээс "Minimalism" гэх баримтат киног нь үзэв. Энэ онд бас "Less is Now" гээд хоёр дахь б/кино нь гарч, үзэх санаатай.
Минимализм нь амьдралд чухал гэсэн цөөн зүйлсэд төвлөрөөд, түүнийгээ сайн хийх, сайн анхаарах тухай л ойлголт юм даа. Яахын аргагүй өнөөгийн материаллаг, сатаарал ихтэй нийгэмд ерөндөг болохоор эд шиг. Хэрэгтэй, чухал санаануудыг нь амьдралдаа хэвшүүлье гэж бодож байна. Товшлолын санаануудаа бөөгнүүлсэн "Evernote" хуудсаа янзлахаас эхлээд, захисан боловч уншихгүй байгаа нюслеттерүүдээ "Unsubscribe" хийхээс өгсүүлээд бага багаар эмхэлж цэгцэлж явна.
Дижитал минимализмын хувьд өмнө нь би "Freedom" апп-ийн талаар дурдаж байсан. Сайт болон аппуудыг блоклодог энэ апп бас амьдралыг өөрчилж байна шүү. Нэг сар давгүй хэрэглэчихлээ. Компьютер дээр болон гар утсан дээр Фэйсбүүк, Твиттер, Инстаграмд орох цагаа 12–14.30, 18.30–21 болгоод, бусад үед нь блоклочихоод байгаа юм. Ингэхлээр төвлөрөл хавьгүй нэмэгдэж байна. Мэдээж медиа компанийн редакторын хувьд сошиалаас мэдээлэл авах, мэдээлэл өгөх багагүй хэрэгцээ бий, түүнийгээ тогтсон цагтаа амжуулж болоод байна. Сошиал медиатай холбоотой ихэнх зүйл үнэндээ биднийг хэдхэн цаг хүлээж чадах аж. Сар хэрэглэсний дараа 29 доллар төлж жилээр нь худалдаж авлаа. Мөнгө зарах нь юм авахын сацуу өөртөө өгөх амлалт, сануулга байдаг тул гарах ёстой зарлага гэж сэтгэлээ.
Ер нь аливаа зүйлийг урт хугацаанд сайн хийхийн тулд эхэндээ түүндээ бэлдээд нэлээд цаг зарцуулах, бодож төлөвлөх, магадгүй мөнгө зарах гэх мэтээр "хөрөнгө оруулалт" хийх хэрэгтэйг сүүлийн үед бас бодож байна. Эхэндээ энэ нь магадгүй тав тухгүй байна, төвөгтэй ядаргаатай санагдана, цаг их авна... Гэвч хүсүүштэй бүх л зүйл хэцүү! Бүтээмжийн системдээ ийн урьдчилж хөрөнгө оруулах нь яг л стартапын хөрөнгө оруулалттай адил. Урт хугацаандаа өндөр өгөөж өгөх шүү дээ.
Ер нь би бусад хүмүүсийн хувьд ойлгомжтой зүйлсийг, эрт анзаарсан зүйлсийг хэзээ хойно өөртөө нээж, тэрэндээ их баясаж баярладаг "сайхан гар" бололтой. Өөр нэг жишээ: "The Minimalist"-ийн Жошуа Филд Милбурны яриаг сонсож байхад ийм хэсэг гарсан юм:
"Хэрхэн бичих талаар нэгэн зохиолчийн өгсөн зөвлөгөө намайг өөрчилсөн шүү. Тэр нь зүгээр л: Сандалдаа суу."
Энэ нь бичихийн тулд зүгээр л суух ёстой гэсэн санаа. Хамгийн ойлгомжтой, тодорхой зүйл байгаа биз. Тэгсэн атлаа надад гэнэт супер нөлөөлөх жишээний. Би үүнийг "Сандалдаа суу. Юмаа бичиж чадахгүй байлаа ч, хоосон дэлгэцээ ч хамаагүй ширтээд төлөвлөсөн цагтаа суу" болгон жаахан тодотгоод ашиглав. Сүүлийн өдрүүдэд бүтээмж өндөртэй байв.
Төгсгөлд нь гэнэтийн ухааралтай холбоотой нэг санууштай юм уншсанаа хуваалцъя:
"Гэнэтийн ухаарлууд гайхалтай ч хэдэн долоо хоногийн дотор хулжин оддог. Тиймээс ухаарсан даруйдаа шуудхан төлөвлөгөө гаргаж, зан төлөвөө хурдан өөрчилж эхлэх хэрэгтэй." LessWrong
ДАЖГҮЙ
Өчигдөр монгол хүн ширээний теннисээр анх удаа олимпод орох эрх авсан сайхан өдөр байлаа. Улсын дөрвөн удаагийн аварга Э.Лхагвасүрэн найз маань, мөн спортын мастер Б.Болор-Эрдэнэ нар энэ эрхийг өвөртөлж чаджээ. Энэ жил олимп ширээний теннисний том орон Японд болно. Энэ баярыг тэмдэглээд өөрийн дуртай хоёр тоглолтын бичлэгийг хуваалцсу:
Майкл Мэйзийн барьж хожсон гайхалтай тоглолт
Данийн домог Майкл Мэйзийн 2005 оны Шанхайд болсон дэлхийн аваргаас хүрэл авсан тоглолт. Шөвгийн наймд үеийн харьцаа 3:0, тоглолтын харьцаа 10:7 буюу ганц оноо алдахад хожигдох тоглолтод барьж 4:3-аар хожсон байдаг. Тэр жил нөхөр хятадуудыг ёстой хашраасан. Энэ тоглолтын бас нэг гоё юм нь нөхөр бөмбөгөө өндөр өргөж өгч хамгаалсаар, нөгөөх нь цохисоор байгаад алдсан оноонууд олон гарсан.
Солонгосын домог Рю Сен Миний 2004 оны олимпын аварга болсон тоглолт
Рю Сен Мин ази, тэр дундаа уламжлалт ази барилттай тул зүүндээ сул талтай. Гэвч энэ сул талаа хөлийн ажиллагаагаараа нөхдөг. Түүхэн дэх хамгийн супер хөлийн ажиллагаатай теннисчин байх. Нөхөр тэр жил супер формтой байж Хятадын ноёрхлыг зогсоож билээ. Энэ тоглолтыг зурагтаар шууд үзэхэд дэндүү гоё байсан. Энэ хоёрыг ёстой л шүтдэг байлаа даа.
БУУХИА
I’m a Short Afternoon Walk and You're Putting Way Too Much Pressure On Me – Энэ ёстой хөөрхөн богино бичвэр байна лээ.
The Munger Operating System: How to Live a Life That Really Works – Уоррен Баффетын хамтрагч, мэргэн ухаанаараа гайхагддаг Чарли Мангерын амьдралын зарчмууд гэнэ.
How to Think for Yourself – Пол Грамын эсээнүүдийг нэг нэгээр нь унших санаатай байгаа. Энэ эсээндээ хэрхэн өөрөөр сэтгэж сурах талаар бичжээ.