Ганзогийн товшлол #15 – Ажлын жагсаалт, Том чулуу, Д.Нямсүрэнгийн шүлэг
Сонирхолтой, мэдүүштэй, шинэ санаануудыг хуваалцах зорилготой долоо хоног тутмын товшлолд тавтай морил.(Товшлол = Товших + Товчлох)
САНАА
Хүмүүсийн ажлаа явуулдаг нэг гол хэрэгсэл нь "To-do list" буюу хийх ажлын жагсаалт байдаг. Би саяхныг хүртэл олон жил ийм жагсаалт гаргаж иржээ. Гэвч тухайн өдөр жагсаасан зүйлээ дуусгаж гүйцээж байсан тохиолдол цөөхөн. Заримдаа ч тэмдэглэсэн олон ажил, даалгавраа чагталж дарчихаад орой нь сэтгэл өег суудаг. Гэхдээ энэ жагсаалт дуусахгүй үргэлжилж, нэг тэмдэглэсэн зүйл долоо хоногийн дараа, магад сарын дараа жагсаалтад тууж явах нь олонтоо. Тэгсэн, энэ нь зөвхөн надад тохиолддог зүйл биш ажээ.
"The Atlantic"-ийн "Таны ажлын жагсаалт яагаад дуусахгүй вэ?" нийтлэлд энэ тухай хөндсөн байна. Өнөө цагт ихэнх хүн цаг үргэлж илүү бүтээмжтэй байх хэрэгтэй гэж боддог болчихсон. Нөгөөтээгүүр хийх зүйлс нь ч үнэхээр нэмэгдсэн тухай энд бичиж. Тэгтэл тэр бүхнийг хийх өдрийн цаг 24 хэвээрээ, амьдралын хэв маягтай холбоотойгоор хүмүүсийн аливааг хийх чадамж буурчихсан байгаад байдаг.
Байнга л илүүг хийх ёстой гэдэг мэдрэмж төрөхөд нөлөөлдөг шалтгаанууд дундаас анхаарал татсан хэсгийг өөрийн үгээр буулгая:
"Хүмүүс амьдралын өдөр тутмын, жижиг сажиг ажлуудаа амжуулж чадахгүй стрессдэх болсон. Үүнд интернэтээр юуг ч, хэзээ ч хийж болно гэх ойлголт нэрмээс болдог. Ухаан нь юуг ч цаг алдалгүй даруй хийчихмээр мэдрэмж төрж, хүний анхаарал интернэт рүү хандаад байдаг гэсэн үг. Интернэт байгаагүй үед, газар аваагүй байхад дэлгүүр орой хаачихдаг байсан нь сэтгэлд амар байж дээ."
Тэгвэл "Indistractable" номыг бичсэн Нир Эял "Ажлын жагсаалт бус хуваарь үүсгэ" гэсэн нийтлэл бичжээ.
Тэрээр ажлын жагсаалтын сул талуудыг дэлгэрэнгүй бичсэн нь үнэмшилтэй санагдлаа. Хүн жагсаалтад бичсэн зүйлсээ тэр болгон гүйцээдэггүй тул өөрийгөө буруутгаж, би ер нь юмыг цагт нь амжуулдаггүй хүн юм байна гэсэн буруу дохио үүсгэдэг гэнэ. Хоёрдугаарт, жагсаалт нь хүнийг сатааруулдаг. Тодруулбал, жагсаалтдаа хүн том жижиг олон ажил бичдэг дээ. Улмаар хэцүү ажлаас хүн халгаж зугтах нь их байдаг тул жижиг ажил, даалгавруудаа гялс амжуулчихъя гэж боддог гэнэ. Амархан буюу яаралтай ажлаар чухал ажлаа зольдог хэмээн бичжээ. Гуравдугаарт, жагсаалт нь амьдралаас авах сэтгэл ханамжийг бууруулдаг хэмээжээ.
Жагсаалтдаа овоо цаг авах том ажил биччихээд, түүнийгээ дуусгасангүй гэж өөртөө гомдох нь мэдээж зөв биш. Хүмүүс аливаа ажил хэр их цаг авахыг ихэнхдээ дутуу үнэлдэг гэж Нир Эял бичжээ.
Тэгэхээр шийдэл нь "schedule" буюу ажлын хуваарь гаргах явдал гэнэ. Өөрөөр хэлбэл хийх ажлаа хэзээ, хэр хугацаанд хийхээ төлөвлөдөг байх. Үүний хамгийн түгээмэл арга нь мэдээж календарь. Мөн өмнө танилцуулж байсан "Time-block" буюу цагийг бүдүүвчлэх арга байна. Энэ арга нь цаасан дээрх календарь гэсэн үг. Миний хувьд том төлөвлөлтөө Trello руу шилжүүлээд, өдөр тутмын төлөвлөлтөө жижиг дэвтэр дээр "time-block" аргаар хийн туршиж байгаа.
Нир Эялын хүн өөрийгөө тухайн өдөр аль нэг ажлыг дуусгаснаар биш тухайн цагт хийнэ гэсэн ажлаа хийсэн эсэхээр дүгнэдэг байх нь зөв гэсэнтэй 100 хувь санал нэг. Өнөөдөр жагсаалтдаа "Тайлангаа бичих" гэсэн том ажил тавьчихвал ард нь гарах нь юу л бол. Харин 16-18 цагийн хооронд тайландаа хоёр цаг гаргана гэж зоогоод, түүнийгээ хийчихвэл ажлаа амжилттай хийсэн гэсэн үг. Тэгэхээр ажлын жагсаалтаа дараагийн шатанд гаргаж, цаг нартай хуваарьт оруулах нь чухал байх нь ээ.
Мөн өдөрт чухал ажлаа амжуулахтай холбоотой нэг гоё зүйрлэл олсноо хуваалцъя. "Big rocks" буюу том чулуу гэсэн ойлголтыг Стэпэн Кови анх гаргаж иржээ. Хүн өдрийн хуваариа дүүргэхдээ эхлээд чухал ажлаа буюу том чулууг хийх хэрэгтэй гэнэ. Тэгээд түүний араас завсар зайгаар нь жижиг ажлуудаа элс хайрга мэтээр асган чигжих хэрэгтэй. Тэгэлгүй, эхлээд баахан элс хайрга асгачихвал том чулуу тампуунд чинь багтахгүй нь ойлгомжтой. Баахан элс хайрга зөөчихөөд "өө надад том чулуу зөөх цаг байсангүй" гээд өөрийгөө хуураад байж болохгүй ажээ.
www.nirandfar.com
ДАЖГҮЙ
3-р сарын 22-нд дэлхийн яруу найргийн өдөр тохиодог. Энэ үеэр хүмүүс сошиал медиа дээр дуртай шүлэг, шадуудаа хуваалцаж харагдсан. Нэг дуртай шүлгээс минь эшилсэн жиргээтэй таарахад сайхан санагдсан шүү. Тэр бол Данзаннямын Нямсүрэнгийн 1984 онд хэвлүүлсэн, алдарт "Дөрвөн цаг" шүлэг нь багтсан "Хаврын урсгал" номд байдаг ийм шүлэг билээ:
Амраг жаахан шувуу шиг
Бодол санаа далавчилж
Алаг зүрх баясан
Сэтгэл догдлоод байна
Алсын цэнхэр харгуйг яаран гүйцэж
Амраг жаахан шувуу шиг
Нисэн одох уу даа.
Ахуй цаг
Цонхон цаана байгааг мэдэвч
Ааг халуун нас
Нартай бороог зүрхэнд шившинэм.
Амь халуун зүрх
Баясан цэнгэж жаргаад
Амьдрах их хүслэн
Зүрхний цохионд дуулданам.
Алсын цэнхэр аянд
Өдөр шөнөгүй зорчмоор
Ахуй төрөлх нутагтаа
Эгэж ирмээр...
Алтан аягатай усыг
Би л олмоор.
Амрагтаа эхэлж амсуулаад
Дараа нь бүх хүмүүст уулгах
Тэнгэрлэг сайхан бодол
Ухаан санааг бүүвэйлж
Тэрэгний дайваанд
Хүүхэд адил амран байна.
Тэртээ тэнгэрийн хааяа
Мөнгөн аяга шиг үзэгдээд
Тэмээдийн бөх шиг толгод
Ойрхон цувна.
Ингэн нүд шиг тогтоол ус
Ээжийн мээм шиг ухаа толгод
Эх нутаг газар шороо минь
Эргэж олдохгүй эх орон минь!...
1974 он.
БУУХИА
7 Questions 75 Artists 1 Very Bad Year
Нью-Йорк Таймс 75 артистаас коровирусийн хөл хорионд юу хийсэн, ямар бүтээл туурвисан тухай асууж гоё интерактив контент хийжээ.
The Observer Effect - Marc Andreessen
Алдарт энтрепренер Марк Андриссентэй бүтээмж, хувийн хөгжлийн сэдвээр дэлгэрэнгүй хөөрөлдсөн ярилцлага.
Ёс журамтай хүнд дэв тушаалыг
Тулгат ах Ардчилсан намын даргад нэр дэвшиж байгаа юм байна. Оюутан байхдаа "Blogspot" дээрх энэ блогт нь их дуртай, байнга орж уншдаг байж билээ. Блог бичвэрүүдээс нь энд нэгийг хуваалцъя.
Unread Book Club: "Миний монгол" номын хэлэлцүүлэг
Номын клубийн маань дараагийн улирлын хуваарь гарсан. Эхний хэлэлцүүлэг 4-р сарын 1-нд.