Ганзогийн товшлол #16 – Юу ба Яаж, Компани шиг гүйцэтгэ, "Шөнө" аудио ном
Сонирхолтой, мэдүүштэй, шинэ санаануудыг хуваалцах зорилготой долоо хоног тутмын товшлолд тавтай морил.(Товшлол = Товших + Товчлох)
САНАА
Кал Ньюпортын номоос тэмдэглэснээ хүргэе:
Компани шиг гүйцэтгэ!
Бизнес консалтингийн ертөнцөд домог болсон нэг ийм түүх байдаг аж. 1990-ээд оны дундуур Харвардын бизнесийн сургуулийн профессор Клэйтон Кристенсен Интелийн алдарт CEO Энди Грөүвээс дуудлага хүлээн авчээ. Грөүв Кристенсений "disruptive innovation"-ий (түйвээгч инновац гэх юм уу) онол, судалгааны тухай уншаад, Калифорни руу нисэн ирж энэ онол нь Интелд яаж хамаатах талаар ярилцъя гэж хүсжээ. Ирээд Кристенсен онолынхоо үндсэн санааг ярьсан нь: Шинэ тутам стартапууд тухайн зах зээлд хямд үнэтэй бүтээгдэхүүн гаргаж, яваандаа мөнөөх бүтээгдэхүүнээ сайжруулан сайжруулсаар, өндөр үнэтэй бүтээгдэхүүнүүдийг нь орлож эхэлдэг, зах зээлээс нь идэж эхэлдэг. Ингээд нэг л мэдэхэд тэргүүлэгч компаниудыг унагаж, байр суурийг нь эзэлдэг.
Грөүв ийм нөхцөл байдал хямд үнэтэй процессорын зах зээлд Интелд тулж буйг ойлгов. AMD, Cyrix зэрэг шинэ компаниуд хямд үнэтэй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байлаа. Улмаар Грөүв шинэ стратеги боловсруулж, "Celeron" процессоруудыг үйлдвэрлэж эхэлсэн нь шинэ өрсөлдөөнийг амжилттай давах шалтгаан болсон байна.
Гэхдээ энэ түүхийн нэг деталь хэсгийг хүмүүс сайн мэддэггүй гэнэ. Кристенсений дурссанаар, уулзалтын завсарлагаар Грөүв түүнээс "Энийг би тэгээд яаж хийх вэ?" гэж асууж. Кристенсен бизнесийн стратегийн ярианд шилжиж, хэрхэн бизнесийн шинэ нэгж байгуулах болон бусад зүйлсийг ярьж эхэлжээ. Тэгтэл Грөүв яриаг нь таслаад "Та ч ёстой гэнэн судлаач байна шүү. Би танаас яаж хийхийг асуусан. Тэгтэл та надад юу хийх хэрэгтэйг хэлээд байх юм. Би юу хийх ёстойгоо мэдэж байна. Харин яаж хийхээ мэдэхгүй байна" гэсэн гэдэг.
Кристенсений дараа нь тайлбарласнаар бол "юу" ба "яаж" гэдгийн ялгааг ажил мэргэжлийн ертөнцөд орхигдуулах нь их байдаг гэнэ. Зорилгодоо хүрэхийн тулд стратеги гаргах нэг хэрэг, гэвч тодорхойлсон стратегиа яаж хэрэгжүүлэхээ мэдэхгүй байх нь компаниудын алдаа болдог аж.
Тэгвэл хэрхэн гүйцэтгэх вэ? Яаж хийх вэ? Кристенсен дээрх түүхийг "The 4 Disciplines of Execution" буюу "Гүйцэтгэлийн 4 зарчим" номын өмнөх үгэнд хүүрнэжээ. Уг номыг зохиогчид олон зуун кэйс, бодит жишээнд тулгуурлан бизнесийн стратегийг гүйцэтгэх 4 зарчмыг тодорхойлсон аж. Үүнийг Кал Ньюпорт хувь хүний түвшинд авчирч, ажлаа хийхдээ хэрхэн үр ашиглаж болохыг өгүүлсэн нь давхар давхар сонирхол татсан хэрэг л дээ.
1. Хамгийн чухал зорилгод төвлөрөх – Компани цөөн тооны нэн чухал зорилгод төвлөрөх нь компанийн нөөц, энергийг өндөр түвшинд барьж, бодит үр дүн гаргах нөхцөлийг бүрдүүлдэг гэж зохиогчид дүгнэжээ. Үүнийг хувь хүний түвшинд буулгавал онцын ялгаагүй, хэт олон зүйлд үсчилгүй чухал зүйлсээ барьж авах ёстой гэсэн санаа. Гэхдээ зорилгоо тодорхойлохдоо зүгээр л "маркетингаа судалгаагаа сайн хийх" гэлгүй, "энэ жил 4 маркетинг судалгаа хийнэ" гэсэн тодорхой зорилго тавих хэрэгтэйг сануулах юун.
2. Хөтлөгч хэмжүүрт суурилан ажиллах – Хамгийн чухал зорилгоо тодорхойлсон бол явцаа, амжилтаа хэмжих учиртай. Үүнд хоёр хэмжүүр байдаг: "Хожуу" (Lag measures) ба "Хөтлөгч" (Lead measures). Хожуу хэмжүүр нь таны сайжруулах гэж хичээж буй зүйлийг тодорхойлно. Жишээ нь, рестораныхаа үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг сайжруулъя гэвэл хожуу хэмжүүр нь үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн оноо юм. Гэвч зохиогчдын хэлж буйгаар, хожуу хэмжүүр нь хэтэрхий оройтож ирдэг тул таны үйлдэл, зан төлөвийг өөрчлөхөд үр нөлөө багатай. Харин хөтлөгч хэмжүүр нь хожуу хэмжүүрийг ахиулах шинэ зан төлөвүүдийг хэмждэг. Рестораны жишээн дээр бол хөтлөгч хэмжүүр нь үнэгүй амталгаанд оролцсон үйлчлүүлэгчийн тоо байх нь. Энэ тоог өсгөхөд хожуу хэмжүүр нь мөн өснө. Хувь хүний түвшний жишээ бол маркетингийн судалгааны ажил хийхэд хүн төвлөрч ажиллах шаардлагатай. Тэгэхээр төвлөрч суусан цагаа хэмжих нь хөтлөгч хэмжүүр болно гэсэн үг. Гэхдээ цагаа хэмжиж бүртгэх нь хөтлөгч хэмжүүрийн нэг л жишээ гэдгийг дахин хэлье.
3. Онооны самбартай бай – "Оноо аваад ирэхээрээ хүмүүс өөрөөр тоглодог" гэж зохиогчид хэлжээ. Хамгийн чухал зорилгын зүг багийнхныхаа оролцоо идэвхийг нэмэгдүүлэхийн тулд хөтлөгч хэмжүүрээ бүгдээрээ харах боломжтой газар байршуулах нь чухал. Энэ нь уг хэмжүүр дээр төвлөрөх нөхцөлийг бүрдүүлэхийн сацуу урам зоригийн нэг сурвалж болдог байна. Хөтлөгч хэмжүүр сайжирч буйг багийнхан тань анзаарвал үргэлжлүүлэх, улам сайжруулах чармайлт гаргасаар байх болно. Хувь хүний түвшинд, төвлөрч ажилласан цагаа нарийвчлан бүртгэх нь хөтлөгч хэмжүүр болно гэсэн. Тэр бүртгэсэн цагаа өөртөө биетээр харуулахын тулд компьютерынхоо монитор дээр цаас наадаг ч юм уу, ширээний календарь дээр тэмдэглэдэг ч юм уу, олон арга ашиглаж болно.
4. Хариуцлагын тогтолцоо үүсгэ –Хөтлөгч хэмжүүрт төвлөрсөөр байх сүүлийн алхам нь хамгийн чухал зорилгын төлөө явж буй багийнхны байнгын, тогтмол уулзалтууд аж. Энэ уулзалтын үеэр бүгд онооны самбараа харж, дараагийн уулзалтаас өмнө сайжруулах ёстой арга хэмжээнүүдийг тодорхойлох, өмнөх уулзалтуудад өгсөн амлалтуудаа хэрхэн биелүүлсэн талаар ярилцах ёстой. Энэ уулзалт нь цөөн хэдхэн минут ч байж болох нь гол нь тогтмол байх ёстой гэнэ. Зохиогчдын хэлснээр энэ нь "яг ажил хийгддэг" хэсэг юм. Хувь хүний түвшинд хэдий бидэнд уулзах баг байхгүй ч хариуцлагаас өөрийгөө мулталж болохгүй нь ойлгомжтой. Бүтэн сайнд ч юм уу тухай долоо хоногт хэдэн цаг төвлөрч ажилласнаа дүгнэн харж, өнгөрсөн долоо хоногт юу болов, юу болсонгүй вэ гэдгийг эргэцүүлж, сайжрах алхмуудаа тодорхойлж болно. Кал Ньюпорт номдоо "компани шиг гүйцэтгэх" энэ аргыг ашиглан, 2013 онд профессорын хувиар 5 судалгааны ажил хэвлүүлснээ 2014 онд есөн ажил болгож ахиулсан талаараа өгүүлсэн байна лээ.
ДАЖГҮЙ
Манай Закийн орчуулсан "Шөнө" номын сонсдог хувилбар гараадахсан шүү. Нийт 4 цаг 24 минут үргэлжлэх энэ бүтээлийг Mplus аппаас сонсох боломжтой. Уншсан хүмүүст цочроо өгч, асар гүн сэтгэгдэл үлдээдэг онцгой ном доо!
Сонсох холбоос: https://www.mplus.mn/shono
БУУХИА
Oliver Burkeman: Getting Physical
Онооны самбарыг биетээр харж байх нь чухал гэсэнчлэн, ажлын жагсаалтдаа байгаа ажлуудыг дандаа цахимаар хэмжиж хийх бус бодитоор гараараа хийх зүйлс болгон хувиргах нь үр дүнтэй байдаг гэсэн санааг энд өгүүлжээ.
In Defense of Thinking
Бид өнөөдөр мэдээллийг хэрхэн боловсруулах тухай ярихаас илүүтэйгээр яаж илүү их мэдээлэл авах, яаж хурдан түгээх тухай их ярьдаг болжээ.
Unread Book Club #3: "Black Swan" номын тухай
Ирэх пүрэвт буюу 4 сарын 15-нд Нассим Талебын "Хар хун" номын тухай хэлэлцүүлэг хийнэ. Талебын номуудаас уншъя гэж бодоод л яваад байсан юм, клубээрээ унших сайхан завшаан гарлаа. Хүн ер нь яаж бодож сэтгэдэг, шийдвэр гаргадаг тухай маш олон жишээтэйгээр сонирхолтой өгүүлсэн ном байна. Яг л хөл хорионы үеийн, коронавирустэй үеийн уншлага!