Ганзогийн товшлол #17 – Хар хун, Confirmation Bias, Tab Snooze
Сонирхолтой, мэдүүштэй, шинэ санаануудыг хуваалцах зорилготой долоо хоног тутмын товшлолд тавтай морил.(Товшлол = Товших + Товчлох)
САНАА
Өнгөрөгч пүрэвт "Unread Book Club"-аар Нассим Талебын "Black Swan" номын тухай хэлэлцүүлэг хийв. Энэ номд гарсан зарим санааг хуваалцсу.
Хар хун гэдэг нь таамаглах аргагүй, жир бусын их үр дагавартай, дараа нь тайлбарлах боломжтой үйл явдал юм. Тэр утгаараа тун ховор байж иржээ. 9 сарын 11-ний үйл явдал, Google-ийн амжилт зэрэг бол хар хун мөн. Орчин цагт хар хунгийн давтамж нэмэгдэж буй. Гэвч таамаглах аргагүй учраас, нөгөөтээгүүр хүн бодож сэтгэхдээ олон алдаа эндэл гаргадаг учраас үр дагавартай нь нүүр нулдаг. Харин хар хүн болоод өнгөрсний дараа ийм юм болох л учиртай байж, ийм учраас тийм болжээ хэмээн тайлбарлахдаа, шалтгаан гаргаж ирэхдээ хүмүүс бид тун гаргууд.
Нэг чухал санаа бол Нассим Талебын томьёолсон хоёр ертөнцийн санаа юм. Үүний "дунджийн орон" (Mediocristan) ба "туйлт орон" (Extremistan) гээд орчуулчихъя. Дунджийн оронд аливаа олонлогийн нэг жишээ нь яаж ч хэлбэлзлээ гэсэн олонлогийнхоо дунджад тийм ч их нөлөөлдөггүй. Туйлт оронд харин эсрэгээр. Жишээ авч тайлбарлавал ойлгомжтой болно:
Дунджийн орны нэг жишээ бол хүний өндөр. 100 хүн дунд дэлхийн хамгийн өндөр буюу 250 см хүн орж ирлээ гэж бодъё л доо. Мөнөөх өндөр хүн 100 хүний дундаж өндрийг багахан хэмжээгээр л нэмнэ. Дунджийн орны бусад жишээнүүд: машины осол, дундаж цалин гэх мэт. Энэ оронд санаандгүй явдал нэг их тохиолдохгүй. Ялагчид нь бялууны багахан хэсгийг л авдаг. Энд түүх мөлхдөг.
Тэгвэл, туйлт орон руу шилжье. Жишээнүүд нь гэвэл: хүмүүсийн орлого, номын борлуулалт, Youtube-ийн дагагчийн тоо, санхүүгийн зах зээл гэх мэт. 100 хүний хөрөнгийг аваад үзье л дээ. Энэ дунд дэлхийн хамгийн баян эрхэм Амазоны Жефф Безосыг оруулаад ирье. Тэгж гэм дундаж нь бүр талийж өгнө. Эндхийн олонлогийг нэг жишээгээр нь тодорхойлоход бэрхтэй. Туйлт оронд санаандгүй явдал тохиолдох нь их. Ялагчид нь бялууны хамгийг хуу хамчихдаг. Энд түүх үсэрдэг.
Өдгөө бидний амьдарч буй орчин, нийгэм улам л "туйлт" болж байна. Гэтэл бид дунджийн оронд амьдарч буй мэт сэтгэсэн хэвээр, ирээдүйг жигтэйхэн таамагласаар. Туйлт оронд бол таамаглана гэдэг хэцүү, тэр байтугай боломжгүй. Туйлт орны нэг жишээ болох санхүүгийн зах зээлийг бид таамаглах гэж оролддог шүү дээ.
Туйлт орны нэг онцлогийг мөн "scalable" гэж байгаа юм. "Үржигдэх боломжтой" гээд хараар орчуулчихъя. Үржигдэх боломжтой ажлын эсрэг жишээ нь талх барих, жолоо барих зэрэг юм. Хүн хэдэн цаг жолоо барина, тэр цагаараа л цалингаа тооцуулна. Үржигдэх боломжтой ажил хийдэг хүмүүстэй холбоотойгоор хэлсэн зохиогчийн нэг санаа анхаарал татсан:
Хэрвээ та санаатай ажилладаг (шинэ, бүтээлч санаа гаргадаг) хүн бол их ажиллах бус гагцхүү бодлоо хурцлах хэрэгтэй.
Учир нь та нэг хүнд ч, мянган хүнд ч лекц уншихдаа яг л ижилхэн хөдөлмөр зарцуулна. Контент хийх, код бичих зэрэг нь үүний сонгодог жишээ юм. Хийсэн видео тань, тавьсан лекц тань интернэтэд шуугиулаад та гэнэтхэн од болж ч магад. Гэхдээ үржигдэх боломжтой ажил хийдэг хүмүүс өрсөлдөх чадвар сайтай байхгүй бол болохгүй, дундаж чадвартай хүнд халгаатай эд гэж зохиогч сануулжээ.
Нассим Талеб хүмүүс бодож сэтгэхдээ ямар ямар алдаа гаргадаг тухай дэлгэрэнгүй өгүүлсэн. Тэдгээрийн нэг нь "Confirmation bias" буюу итгэл үнэмшилтэйгээ нийцүүлэх төөрөгдөл юм. Нассим Талебаас урам зориг авч 2013 онд "Цэгцтэй сэтгэх урлаг" ном бичиж алдаршсан Ролф Добелли энэ төөрөгдлийн тухайд ийн өгүүлжээ:
"Итгэл үнэмшилтэйгээ нийцүүлэх төөрөгдөл бол бүх л ташаа ойлголтын эх юм. Энэ нь шинэ мэдээллийг өөрийн үзэл онол, итгэл үнэмшлүүдтэй нийцүүлэн тайлбарлах хандлага. Өөрөөр хэлбэл бид өөрсдийн үзэл бодлыг няцаах ямарваа шинэ мэдээллийг авч хэлэлцэлгүй орхидог. Энэ бол чухамдаа хор хөнөөлтэй дадал. Алдоус Хаксли "Үл тоолоо гээд баримт алга болно гэж үгүй" хэмээн хэлсэн байдаг. Гэвч бид, Уоррен Баффетын "Хүн юунд сайн бэ гэвэл, бүх шинэ мэдээллийг урьдын дүгнэлтээ бататгахад ашиглахдаа" гэж хэлсэнчлэн, өөрийн таалалд нийцэхгүй бол зарим баримтыг үл тоодог." "
Тиймд үнэнийг олъё гэвэл, бодит байдлыг тодорхойлъё гэвэл биднийг няцаах жишээнүүд илүү чухал ажээ.
ДАЖГҮЙ
Tab Snooze – Баахан "tab" нээгээд орхих бол компьютер ширтэгч бидний нэг муу зуршил. Тэгвэл үүнийг засах, илүү цэгцтэй байх боломжийг энэ вэб нэмэлт (extension) олгох шинжтэй дэг шүү. Үүний тусламжтай тухайн вэб хуудсаа буюу "tab"-аа хэсэг хугацааны дараа дахин нээгдэх тохиргоотой хаачихаж болох нь байна. Тун дажгүй эд байна аа.
БУУХИА
"1000 үнэнч фэн"
Бүтээлч ажилладаг хийдэг, бүтээгдэхүүн/контент хийдэг хүмүүст зориулсан Кевин Келлигийн алдарт эсээг дөрвөн жилийн өмнө орчуулж байжээ би.
40 Hilarious Tweets About Marriage That Just Nailed It This Year
Гэрлэлтийн талаарх 40 хөгжилтэй жиргээ!
Employee Productivity: The Ultimate Guide for Managers
Ажилтны бүтээмжийн талаар мэдэх ёстой зүйлс.