Ганзогийн товшлол #18 – Суурь чадвар, Япон воллейболчид, Financial novel
Сонирхолтой, мэдүүштэй, шинэ санаануудыг хуваалцах зорилготой долоо хоног тутмын товшлолд тавтай морил.(Товшлол = Товших + Товчлох)
САНАА
Өөрийгөө анзаарахад, аливаа зүйлийн суурийг сайн тавих, үндсэн суурь чадваруудыг эзэмших нь маш чухал болох тухай их боддог болжээ. Энгийн ойлгомжтой гэмээр санаа ч үнэхээр суурь ойлголт учраас байнга ярьж, сануулахад илүүдэхгүй биз. Энэ тухайд өнөөдөр цөөн сонирхолтой жишээ хуваалцъя. Би 2013 онд хуучин блогтоо ингэж "таталж" байж. Дарга гэдэг нь саяхан АН-ын даргаар сонгогдоод буй М.Тулгат юм.
Basic Rules (2013.05.29)
Нэлээн дээхнэ манайд нэг шинэ охин ажилд ороход дарга маань хэлсэн юм даг:
"Монголд дээр дооргүй нэг дутагддаг зүйл бол хувийн зохион байгуулалттай байх, ажлыг тасралтгүй үргэлжлүүлэх чанар. Гэтэл энэ бол аливаа ажлыг хийх хамгийн наад захын, үндсэн шаардлага байдаг. Англиар бол "basic rules". Хүмүүс сүрхий "амжилтын нууц" гэж ярьдаг. Үнэндээ ажлаа сайн хийх, цаашлаад амжилтад хүрэх "нууц" бол "basic rules" буюу суурь ажлууд, суурь зүйлсээ л яс хийх явдал юм.
Миний татах дуртай нэг жишээ бол 'Дайнд хурдан морьтой ч юм уу, олон цэрэгтэй арми биш зохион байгуулалт сайтай арми ялдаг.' Ажил дээр гараад нэг хэсэг гялалзаж байснаа нэг хэсэг доголдоод унадаг, тэгснээ эргээд сайн ажилладаг хүн бидэнд хэрэггүй. Онц сайн мэдлэг, чадвартай биш ч зохион байгуулалттай, ажлаа өөрийнхөө хэмжээнд үргэлжлүүлээд байж чаддаг, найдвартай хүн л хэрэгтэй. Ийм хүнд манай Дорж ч нэг иймэрхүү дээ гээд итгэж болдог. Чадвартай хэрнээ "орон гаран" хүнд бол итгэх хэцүү. Хамгийн чухал мөчид алдаа гаргавал яана! Спортоор ч жишээлсэн, бэлтгэлээ хамгийн сайн хийдэг тамирчид, өөрөөр хэлбэл "basic rules"-ээ хамгийн сайн биелүүлдэг тамирчид л өрсөлдөгчөө хождог.
Тиймээс хийх ёстой, хамгийн наад захын зүйлсээ сайн хий. Оффисын ажилтан бол арван хуруугаар шив, хэрэглээний програмууд дээр гялалзтал ажилла, үйлчлүүлэгчтэй утсаар эвтэйхэн ярьж сур, өдөр тутмын репортоо цагт нь явуул..."
Хөлбөмбөгийн тайлбарлагч Б.Батзаяа саяхан энэ сэдвээр тун сонирхолтой пост хийжээ:
"Өмнөд Солонгосын ерөнхийлөгч И Мён Багийн номыг уншиж байхад суурь (техник) боловсролын талаар сонирхолтой юм бичсэн байсан юм. Солонгосын воллейболчид хүүхэд насандаа япончуудыг байнга хождог боловч насанд хүрэхээр хожиж чадахаа больдог байжээ. Энэний шалтгаан нь Солонгосчууд хүүхдүүддээ воллейболын үндсэн суурь техникийг нэмэлт техниктэй нь хамт заадаг бол, япончууд хүүхэддээ суурь техникийг нь маш сайн заадаг байж. Ингээд нэмэлт техниктэй хүүхэд багадаа олон талт мэт байдаг боловч том болоод маш сайн суурь техниктэй хүүхдүүдийг хожиж чаддаггүй. Нэгэнт суурь техникээ сайн сурсан хүүхэд нэмэлт техник сурахад тийм ч их хугацаа ордоггүй, суурь сайн бол юуг ч дээр нь нэмж болдог. Ийм ялгаа л энэ хоёр улсын воллейболын хөгжил, амжилтанд том ялгаа гаргаж. Энийг судалгаа гэдэг. Хөлбөмбөг дээр ийм жишээ бас л олон. Өсвөрийн дэлхийн аваргад Өмнөд Америк, Африк, Зүүн Европ, Азийн улсууд том том амжилт гаргадаг ч том болоход энэ нь өөрчлөгддөг. Яг ийм жишээ Монгол болон Британийн бага сургуулийн боловсрол дээр харагдсан юм."
Гээд тэр Монгол, Британийн ерөнхий боловсролын сургалтын ялгааны талаар хүүхдийнхээ жишээн дээр үргэлжүүлэн бичсэн байна. Эшлэхэд хэт урт тул та бүхэн өөрсдөө эндээс үзээрэй.
Оюуны ажил эрхлэгчдийн хувьд мэдээж мөн хэдхэн суурь чадвар бий. Өмнөх товшлолд, санаатай ажилладаг хүн бол их ажиллахаасаа илүүтэй бодлоо хурцлах хэрэгтэй талаар дурдсанчлан, оюун ухаанаа ашиглаад нийгэмд ямар нэг үнэ цэн буй болгохыг хичээж буй тул зөв сайн мэдээлэлд түшиглэн бодож сэтгэхэд анхаарах нь зүйтэй. Бодож сэтгэнэ гэдэг чинь юу билээ? Бодох = Бичих. За тэгээд компьютероор л ажлаа явуулдаг болсон хүмүүсийн хувьд компьютер, програмууд, интернэттэй сайн ажиллаж сурах хэрэгтэй. Хүнтэй харилцах чадвар нэн чухалд тооцогддог болчихлоо. Монголоор мэдээлэл хязгаарлагдмал тул гадаад хэл сурах. Гэх мэт хэдэн суурь чадвараа өнгөлж хурцлах ёстой болжээ.
Компанийн түвшинд бол бичиг цаасаа эхнээсээ тун цэгцтэй хөтлөх, санхүү хөтлөлтийн дүрэм журмыг ягштал мөрдөх нь нэг суурь. Компани, бизнес гэснээс дээр үед "The Atlantic" дээр гарсан нэг бичвэрийг хадгалж үлдэж. Дотор нь ингэж бичсэн байв:
"Бизнес гэдэг бол санаа гаргах тухай (idea) гэхээсээ зохион байгуулалттай байх, хүмүүсийг удирдах тухай ойлголт. Тодорхой түвшнийг давмагц, санаа тийм ч чухал байхаа болино (хэрвээ та Стив Жобс шиг алсыг харагч биш бол шүү дээ). Та болон өрсөлдөгчид чинь юу хийхээ ерөнхийд нь мэдэж байгаа... Бизнесийн орчинд "санаа" ярилцах гэж зарцуулсан ихэнх цаг бол үнэндээ олон менежерийн (+ ажилтан) санаа бодлыг зугуухан нэгтгэж, хамтдаа ажиллах боломжоор хангахад зориулагддаг."
ДАЖГҮЙ
Энэ долоо хоногт файлуудаа сайн цэгцэлж "Google Drive"-ийг компьютертоо суулгав. Програм нь интернэт дэх Google Drive-тайгаа "sync" хийгээд амар байдаг. Имэйл, Evernote, Google Drive, компьютер дахь файлуудаа цэгцлэх их цэвэрлэгээ ер нь аядаж байна даа.
Бас гэртээ Юнивишн суулгасан юм байна. Скаймедиагийн интернэт сүүлийн үед бүр балраад байсан юм. Энэ хөл хорионд хамгийн хүсмээргүй зүйл бол удаан интернэт.
Воллейболчид гэснээс саяхан нэг воллейболын бичлэг үзсэн нь яг япончуудынх байж таарсан юм байна шүү. Сүүлийн хэдэн давуулалтаараа тэнцүүхэн тоглолтод хожсон бичлэг: Үзэх
БУУХИА
Paul Graham: How to Make Wealth
Энд мөнгө болон баялаг (wealth) хоёрын ялгааны тухай болон (тек суурьтай) стартапын онцлог ямар байдаг тухай бичжээ. Пол Грамын эсээнүүдийг нэг нэгээр нь "гөвөх" төлөвлөгөөтэй байна.
The New Yorker: Working Titles
Хятадын номын зах зээлд "financial novel" буюу хэрхэн ажилдаа амжилт гаргаж баяжих тухай сэдэвтэй зохиолууд амжилт олдог талаар, номын зах зээлийг нь нийгэмтэй нь холбож бичсэн урт бөгөөд зугаатай нийтлэл.
М.Саруул-Эрдэнэ: “Пэхээняан” гэж гацалгүй, “лямбда” гэж нялцайлгүй, гадаад үгийг галиглах дүрэмтэй болчихмоор байна
Гадаад үгийг галиглаж буулгах дүрэм журамтай л болчихмоор байгаа юм даа.