Ганзогийн товшлол #19 – Сатаарлыг арилгах суурь шийдэл, Manageable Difficulty, Visualizevalue
Сонирхолтой, мэдүүштэй, шинэ санаануудыг хуваалцах зорилготой долоо хоног тутмын товшлолд тавтай морил. (Товшлол = Товших + Товчлох)
Товшлолоо нэлээд хэдэн долоо хоног завсарлаад илгээж буйдаа баяртай байна. Санасан байна шүү. Одоо завсарлахгүйг хичээнэ ээ.
САНАА
Өнөөдөр аливаа ажил, тэр дундаа хүсүүштэй, чухал, утга учиртай ажил гэдэг хэцүү байдаг тухай хөндье. Оливер Бөркэманы нэг нийтлэлийг саяхан уншсан юм. Тэр нийтлэлийг өөрийн үгээр хураангуйлсу:
“Бид зорилгоо тавиад сатааралгүй, үр дүнтэй ажилламаар байдаг ч том сошиал медиа компаниуд биднийг ховсдон бүтээгдэхүүн, платформ руугаа чирдэг. Гэвч энэ бол гагц бидний бодол бөгөөд үнэн хэрэгтээ бид дуртайяа сошиалд медиа бууж өгдөг. Тэнд цаг өнгөрүүлж утсаа маажих нь хэцүү ажил хийх тавгүй байдлаас, хүүхэд харж байхдаа уйдах хором мөчөөс хөндийрүүлэх сайхан боломж байдаг.
Утга учиртай ажил гэдэг таныг сорино, хүч чадлыг тань шалгана. Хааш эргэхийг нь хэлж мэдэхгүй тул хүнтэй нүүр тулан ярилцах хэцүү. Одоо үүнээс өөр зүйл болж өрнөж байсан ч болоосой гэж бодох мөчид бид уйдаж эхэлдэг. Энэ бүх тохиолдолд, яруу найрагч Мэри Оливэрийн хэлсэнчлэн “хаалга тогшин шүгэлдэх дотоод хүн” маань биднийг таагүй мэдрэмжээс өөрийгөө холдуулаач хэмээн шавдуулан байдаг. Тийм ч учраас сатаарлыг арилгах учиртай ихэнх арга, техникүүд төдийлөн үр дүнд хүрдэггүй. Учир нь гоё санаа бүхий апп, тусгаарлагчтай чихэвч, өөрт тогтоосон дүрэм зэрэг нь таныг сэтгэл зүйн таагүй байдлаас хөндийрөх боломжийг олгодог зүйлсийг үгүй хийх гээд байгаа хэрэг. Эдгээр нь тэрхүү таагүй байдлыг шийдэх зүйл биш. Бүр ч хэрэггүй зүйлс биш л дээ. Алив нэг ажил тавгүй байдал үүсгэж буйг тэвчиж чадахгүй бол Твиттерээ хаах нь тэр асуудлыг шийдэж чадахгүйг л хэлж байна. Твиттерээ хаалаа гээд оронд нь бид цонхоор ширтэх, снак идэх гээд өөр ямар нэг арга олчихно.
Тэгэхээр сатаарлыг арилгах илүү суурь шийдэл хэрэгтэй. Тэр бол их энгийн. Гэхдээ бас тийм ч амар биш: Чухал, утга учиртай зүйлс байнга тавтай, таатай мэдрэмж төрүүлнэ гэж хүлээхээ болих хэрэгтэй. Сандарч тэвдэх, хэцүү санагдах, уйдах гэх мэт дунд зэргийн тухгүйдэл нь анхаардаг, санаа тавьдаг зүйлээ хийж буйн төлөөс байх боломжтойг санаарай. Би лав өөрийгөө жаахан сорих, жаахан ядрах, жаахан уйдах мэдрэмж авахад л, үнэхээр хүсэж буй зүйлээ хийж буй хэрнээ л сошиал медиад баахан цаг гарзадчихсан байдаг. Тэр л мөчид “Өө тийм. Чухал зүйл гэдэг заримдаа хэцүү санагддаг шүү дээ” гэж санахыг хичээгээрэй. Энэ бол гайхахаар зүйл биш. Асуудал ч биш.”
Нөхөр яг л хэлчихсэн мэт санагдлаа. Нэлээн дээхнэ Бэн Каснокагийн нийтлэлээс “manageable difficulty” гэх ойлголтын талаар уншиж билээ. Гилберт Брим энэ санааг анхлан "Ambition: How to Manage Success and Failure Throughout Our Lives" номдоо дурдсан аж. Тодруулбал, хүний аз жаргалын нэг гол сурвалж нь “хэтэрхий хэцүү ч биш, хэтэрхий амархан ч биш зүйлсийг хийх” байдаг гэнэ. Өөрийгөө сорьсон, тэгсэн хэрнээ даван гарах боломжтой зүйлийг хийх нь хүнд сэтгэл ханамж өгдөг байх нь. Хэтэрхий хэцүү ч биш, хэтэрхий амархан ч биш. Яг л таарсан!
Товчхондоо, хэцүү зүйлтэй тулахаас өөр аргагүй ажээ.
ДАЖГҮЙ
Инстаграм дээр нэг гоё хуудас олсон.
@visualizevalue - Аливаа санааг “зэвүүн” хар цагаан графикаар илэрхийлдэг юм байна. Инстаграм, Твиттерээр нь ороод сонирхоорой.
БУУХИА
How hard did Steve Jobs work? Did this change over time?
Quora дээр энэ асуултад Apple-ийн нэг ажилтан тун сонирхолтойгоор хариулжээ.
99 additional bits of unsolicited advice
Кевин Келли төрсөн өдрөөрөө дахиад нэг зөвлөгөө нийтлэл бичжээ. Өмнө жилийнхийг нь бид Posted дээр ингэж орчуулж байв.
How Kevin Durant Beat the Worst Injury in Basketball
Сагсан бөмбөгийн хамгийн тод од КД энэ долоо хоногт Плэй-оффын түүхэнд үлдэх агуу тоглолт үзүүлсэн. Тэр нэг ч секунд амралгүй 48 минут тоглохдоо 49 оноо, 17 самбар авч, 10 дамжуулалт өгч багаа чухал хожилд хөтөлсөн. Энэ амжилтыг бүр ч гайхалтай болгож буй зүйл нь, энэ бол түүний ахиллийн шөрмөсөө таслаад 18 сарын дараа талбайдаа эргэн ирсэн эхний улирал нь юм.