Сонирхолтой, мэдүүштэй, шинэ санаануудыг хуваалцах зорилготой долоо хоног тутмын "Ганзогийн товшлолд" тавтай морил.
Товшлол = Товших + товчлох
САНАА
Олон vs Цөөн I Эрэлхийлэх vs Төвлөрөх
"Netflix"-ийг үзэхээсээ илүү юу үзэх вэ гэж хайдаг газар гэх нь бий. Үнэхээр заримдаа үзэх юмаа судалж дээш доош гүйлгэсээр байгаад таардаг. Учир нь тэнд сонголт дэндүү их. 10 кинотой бол ээлжлээд үзчих сэнж. Хэт их юм төөрөлдүүлээд хаячхаж байгаа нь тэр.
Интернэт бол түмэн сонголтын талбар. Фэйсбүүк, твиттер, инстаграм, мэдээ, спорт, Youtube, тоглоом гээд хийх зүйл асар ихтэй. Уйдаах нь үгүй дэндүү сонирхолтой газар л даа. Энд ч нэг сонирхолтой жиргээ уншаад, тэнд ч нэг подкаст сонсоод, инстаграмаа гүйлгэх төдийд алдартай менторын онч үг таарч урам зоригоор бялхана. Юуг ч хийж үзмээр санагдана. Угаас Youtube үзээд юуг ч сурч болох юм чинь.... Даанч үнэндээ тэр бүхнийг бидний бие, энерги гүйцэхгүй.
Ийм нөхцөлд, байнгын интернэттэй үед нухацтай ажлын ард гарна гэдэг амаргүй. Нэг юм барьж аваад түүнийхээ араас тууштай явах ч санасны зоргоор болохгүй.
Үүнийг давах нэг л зам байдаг нь хуучны нөгөө л нэг арга: Нэгийг нь барьж аваад хийж эхлэх. Дуусгаад дараагийнх руу нь шилжих. Нэг нэгээр нь хийх, нэг нэгээр нь дараад явахад л энэ бүхний учир олдоно. One thing at a time. Зүгээр л хий (Гэхдээ мэдээж хийх хэрэгтэй зөв зүйлийг.) Олон сонголт дунд, интернэт байнга үзээстэйгээр оюуны хүч шаардсан ажлыг хийх бараг боломжгүй тухай өгүүлсэн энэ богино нийтлэлийг орчуулсныг бас үзээрэй.
Өдөрт хийх зүйлс, энэ жил хийх зүйлсийнхээ ард гарахад ч, ирээдүйн карьерын зорилтуудаа тодорхойлоход ч энэ л зүй тогтол үйлчилнэ. Нэг удаа Уоррен Баффетаас арван жил хувийн нисгэгчийг нь хийсэн Флинт карьерын цаашдын сонголт, боломжуудынхаа талаар ярилцжээ. Баффет түүнд карьертаа хиймээр байгаа 25 зүйл, зорилтынхоо талаар бичихийг хүсэж. Бичээд аваад ирэхээр нь хамгийн чухал гэсэн таван зүйлийг дугуйлахыг хүсэж. Флинт яаралгүй бодож бодож тавыг дугуйлаад аваад иржээ. Ингээд энэ таван зорилт дээрээ ажиллаж эхэлнэ гэв. Нөгөө хорин зүйлээ бас орхихгүй, яаралтай биш ч цаг нь ирэхээр, нөхцөл бүрдмэгц анхаарч, хийж эхэлнэ гэжээ. Үүний хариуд Уоррен Баффет “Үгүй ээ, тэр хорин зүйл бол чиний 'ямар ч үнээр хамаагүй зайлсхийх ёстой' жагсаалт шүү” гэсэн гэдэг. Энэ явдлын сургамж нь, хүнд "Хийх ёстой зүйлс vs Ямар ч үнээр хамаагүй зайлсхийх зүйлс" гэсэн хоёр жагсаалт байх хэрэгтэй аж.
Санааны ертөнцөд ч ялгаагүй. Уоррен Баффетын хамтрагч, мэргэн ухаанаараа гайхагддаг Чарли Мангерын нэг үгэнд дуртай. "Take one simple idea and take it seriously” буюу “Энгийн санагдах нэг зүйлийг л бариад ав. Түүнийгээ ягштал мөрд”. Орлогынхоо 10 хувийг заавал хадгалах, оройд гэртээ дасгал хийх, долоо хоног бүр нэг блог бичвэр гаргах гээд ямар ч зорилт байж болно. Гол нь ягштал мөрд. Одоогоор миний барьж аваад буй нэг санаа бол энэ товшлол юм даа. Долоо хоног бүр бодож явдаг санаануудаа цэгцтэй буулгах.
Бас орлогын 10 хувийг цааш хийх гэдэг зорилтыг жил гаруйн өмнөөс барьж авсан. Мөнгө хадгалах ойлголтыг их л орой барьж авч дээ гэж боддог юм. Хэдий орой хөдөлсөн байж болох ч, хэдий дүн нь бага байж болох ч наддаа л нухацтай авч үзэх санаа. Цаашдаа хөгжүүлээд, тухай тухайн үед нь нухацтай авч үзээд явж болох биз.
Аймаар энгийн хэдэн зүйл ярихад ийм. Гэхдээ яах вэ. Хүн мартдаг, газар эгшдэг. Сануулж байхад зүгээр санаанууд биз ээ. Олон сонголтыг эрэлхийлэх, тэгээд цагийг нь олж сонголтоо хийгээд түүндээ төвлөрөх, энэ алтан тэнцвэрийг хадгалах бол өнөө манай цаг үеийн агуу үйл юм аа даа, хэхэ.
ДАЖГҮЙ
Дажгүй юм юу болов, ямар дажгүй юмтай таарав гээд жаахан бодлоо. Зурагт нэг их үзэхгүй байгаа ч нэг орой "Barbarians" гээд богино цуврал үзэж дуусгасан юм байна. Ромын эзэнт улс ба Германы "бүдүүлэг" овог аймгуудын зөрчил тэмцэл гардаг энэ цуврал угсруулчихаар өрнөл сайтай юм билээ. Зун үзсэн "Bodyguard" бас богино бөгөөд өрнөл сайтай байсан шүү.
Бас гэртээ дасгал хийхэд "7 minute workout" зүгээр санагдлаа. Youtube-ээс энэ мэт дасгалыг хараад хийчихвэл амар юм байна. 7 минут болохоор залхуурах ч үгүй юм.
БУУХИА
How I practice at what I do - Эдийн засагч Тайлер Ковен бол хамгийн оюунлаг, өндөр бүтээмжтэй хүмүүсийн нэг. Их сургуульд хичээл заана, ном бичнэ, өдөр бүр блог хөтөлнө, бусад салбарын мастеруудтай ярилцлага хийнэ, тэгээд "замбараагүй" их уншина. Ажилдаа хэрхэн сайжирдаг, ямар дасгал сургуулилт хийдгээ энд бичжээ. Оюуны ажил эрхлэгчид энэ мэтээр өөрийгөө ахиулах зүйлсийг байнга хийх хэрэгтэй нь ойлгомжтой билээ.
Амьдрах, өвдөх, бас үхэх эрх чөлөө - Болушка хөл хориог хэсэгчлэн зөөллөх санал гаргажээ.
The Big Lessons From History - Түүхийн сургамжууд гэнэ ээ. Ковидтой ч холбоотой юм. Жишээнүүд сайтай гоё нийтлэл байна.