Ганзогийн товшлол #20: Бодлоо өөрчлөхүй, Диалектик, MindNode
Сонирхолтой, мэдүүштэй, шинэ санаануудыг хуваалцах зорилготой долоо хоног тутмын товшлол. (Товшлол = Товших + Товчлох)
САНАА
Хурц сэтгэгч Навал Равикантын хэлсэн зүйлсийг эмхэтгэсэн номд өмнөх үг бичихдээ Тим Феррис ингэж бичсэн байв:
“Би Навалыг онцгойд авч үздэг шалтгаанууд гэвэл тэр:
–Бараг бүх зүйлд эргэлздэг
–Суурь зарчмаас эхлэн задалж сэтгэдэг (thinking from the first principles)
–Юмыг сайн туршдаг
–Өөрийгөө хуурахгүйгээ мэддэг
–Бодол санаагаа тогтмол өөрчилдөг
–Их инээдэг
–Бүхлээр нь харж чаддаг (thinking holistically)
–Холыг хардаг
–Тэгээд бас өөрийгөө нэг их чухалд авч үздэггүй.”
Бүгд л чухал санаанууд. Эдгээрээс бодол санаагаа тогтмол өөрчлөх гэдгийг энэ удаа авч үзье. Би хувьдаа хүн бодол санаагаа өөрчилж чаддаг байх нь тун чухал чанар гэж үздэг юм. Гэхдээ үүнийг туушгүй байдалтай хольж боломгүй. Хүн илүү мэдээлэлтэй болмогцоо, эсвэл санаа бодол нь дутуу дулимаг, буруу хуудуутай байсныг ойлгомогцоо санаа бодлоо өөрчлөх нь учир шалтгаангүй санаагаа эргүүлэхээс огт өмнөө зүйл юм. Ухамсартайгаар бодол санаагаа өөрчилнө гэдэг бол мөнөөх "critical thinking” билээ. Олон янзаар орчуулдаг ч “нухацтай сэтгэлгээ” гэдэг нь сүүлийн үес зүгээр санагдаад байгаа.
Нухацтай сэтгэлгээний тухайд М.Саруул-Эрдэнэ багш "Павловын ноход бэлдэхгүй л юм сан” гэсэн олон сонирхолтой жишээ бүхий нийтлэл бичсэн байсан. Эшилбэл:
"Нохойд тойрог дүрс үзүүлэхэд шүлс ялгардаг эерэг рэфлэкс, зууван дүрс үзүүлэхэд түүний эсрэг үйлдэл үзүүлдэг сөрөг рэфлэкс тогтоожээ. Хоёр дүрсийг нохой алдалгүй ялгаж сурсан байна. Гэтэл нэг өдөр модны дугуй хэлбэртэй навч агаарт эргэлдэж байсан нь заримдаа дугуй, заримдаа зууван болж харагдсан аж. Нохой алиныг нь ялгаж чадахгүй эхлээд сандарч, дараа нь уурлаж эхлэв. Нөхцөлт рэфлэксийн маш нарийн боловсруулсан хоёр механизм хоорондоо харшилдаж, зөрчил үүссэнийг нохойн мэдрэлийн систем хүлээн авах чадваргүй болсон ажээ. Ильенков энэхүү туршилтын талаар: “Хөгжсөн оюун ухааны хувьд бол зөрчил гэдэг нь загварчилсан үйлдэл буюу өдгөө нэрлэж заншсанаар алгоритмын тусламжтайгаар шийдэж болохгүй асуудал үүссэний дохио болно. Энэ бол гагцхүү хүнд л байдаг сэтгэхүйгээ ажиллуул гэсэн дохио бөгөөд ямар ч нохой, ямар ч тооцоолуурт байдаггүй билээ. Иймд зөрчил нь оюун ухааныг хямралд оруулах шалтаг болж байх бус, харин бие даасан, бүтээлч үйл ажиллагаанд оруулах түлхэц болж байхаар оюун ухааныг зохион байгуулж, хүмүүжүүлэх хэрэгтэй...” гэжээ.
Кал Ньюпорт ч энэ тухай их ярьдаг, бичдэг. Аливаа нэг сэдвийг сайн ойлгоё гэвэл зөрчилдөгч хоёр талын хамгийн сайн аргументуудыг уншиж судлах хэрэгтэй, тэндээс жинхэнэ мэдлэг үүснэ (диалектик) гэж тэр хэлдэг. Ялангуяа сайн ном унших нь чухал гэнэ. Учир нь номыг нэгдүгээрт тухайн сэдвийг олон жил даамай судалсан хүмүүс бичдэг, хоёрдугаарт ном нь хүний бодол санааг чимээгүй өөрчилдөг. Хүнтэй ярилцах нь бас нэг арга ч бусадтай нүүр тулсан үедээ бид тэнэг харагдахаас, бодол санаагаа няцаалгахаас зайлсхийдэг талтай.
Эдийн засаг Жон Кеннет Галбрайт энэ тухайд “Бодол санаагаа өөрчлөх үү, тэгэх шаардлагагүй гэж батлах уу гэсэн сонголттой тулах үедээ бараг л бүх хүн батлах гэж зүтгэдэг” хэмээн олон ургальч үзэлтэн байхын хэцүүг өгүүлжээ.
Эцэст нь онц таалагдсан нэгэн эшлэлийг хуваалцсу:
"Аливаа санаа, бодлыг хүлээн зөвшөөрөхгүй ч бай, тээршээлгүй дүгнэж цэгнэх нь оюун санаа боловсорсны шинж юм."
ДАЖГҮЙ
Mac хэрэглэдэг бол MindNode гээд гоё апп байна аа. Mindmap, зураглал, жагсаалт гаргах дуртай бол, хэрэгцээ гардаг бол хэрэглэхэд амар, үзэмж сайтай апп шүү.
Бас доорхыг үзээгүй бол заавал үзээрэй. Супер!
БУУХИА
34 mistakes on the way to 34 years old – Райан Холидэй жил бүр төрсөн өдрөөрөө гоё нийтлэл бичдэг. Энэ жилийнх нь гарчээ. Далимд хэлэхэд, нөхрийн "Ego is the Enemy" номын орчуулга 9-р сар гэхэд гарчих байх аа. Орчуулагч, яруу найрагч Лхагвадулам монголчилж байгаа.
Үр дүнтэйгээр тэмдэглэл хөтлөх 14 арга – Райаны бас ийм нийтлэлийг дээхнэ орчуулж байв.
Мэдүүштэй"HealthTech Hackathon"-оос онцлох бүтээлүүд: Анхан шатны эрүүл мэндийн үйлчилгээг иргэдэд ойртуулах шинэлэг санаанууд – Unread-аас зохион байгуулсан ээлжит хакатонаас гарсан гоё санаанууд!