Ганзогийн товшлол #21: Ажлын сахилга бат, Зуны хит дуунууд, 1904 оны олимпын марафон
Сонирхолтой, мэдүүштэй, шинэ санаануудыг хуваалцах зорилготой долоо хоног тутмын товшлол. (Товшлол = Товших + Товчлох)
САНАА
Хэсэг сайхан амраад ажилдаа оров. Сонор сэргэг, эрч хүчтэй ажилдаа орохын тулд нэг жижиг алхам хийснээ өнөөдөр хуваалцъя. Нэг хуудас цаасан дээр ажлын хариуцлага, сахилга батаа сайжруулах сануулгуудыг буулгав. Юун дээр алддаг, юун дээр анхаарах ёстойгоо мэддэг тул хэсэг суугаад жаахан бодоход тэмдэглэх зүйлс тодроод ирсэн. Энийгээ долоо хоногийн төлөвлөлт хийх бүрдээ (долоо хоногт нэг) уншиж сэргээж байх юм.
Ер нь "work ethic" буюу ажлын хариуцлага, сахилга бат дутах хандлага ганц надад ч биш монголчуудын дунд түгээмэл болов уу гэж тааж байна. Энэ нь цагтаа ирэх, юмаа цагт нь явуулах, хийнэ гэсэн бол хийх, хариу өгөх гээд энгийн зүйлсээс эхэлдэг.
Намайг жишээ нь аливаа ажлыг хэтэрхий өөрийн ая тухад тааруулж хийдэг гэж хамтрагч маань зэмлэж байв. Үүний дараа би үнэхээр л тийм гэдгээ жигтэйхэн анзаарч байлаа. Ажил бол ажил, тухгүй байдалтай заримдаа тулах л ёстой. За тэгээд хариу өгөхдөө удаан, яах нь мэдэгдэхгүй байх юм, тодорхой бай гэсэн сануулгууд авдаг. Ялангуяа манай Зак "хэлсэндээ байх"-ыг их шаарддаг хүн. Гэр бүлийн хүмүүжлээсээ юм уу угийн "work ethic" сайтай хүн гэж байна. Гэхдээ үүнд ажлын орчин, цаашлаад нийгэм нь хамгийн их нөлөө үзүүлдэг байх. Өндөр хөгжилтэй орнуудад сураад ажиллаад ирсэн хүмүүс, энд олон улсын байгууллагад юм уу соёл нь тогтсон компаниудад ажилладаг хүмүүс энэ тал дээр ялгарч харагддаг. Орчин чухал учраас нэг хүн ч гэсэн ажлын хариуцлага, сахилга бат сайтай байхад жижгэвтэр байгууллагад бол багагүй өөрчлөлт хийчихнэ гэж бодож байна.
Тодорхой байх, чадах чадахгүйгээ хэлэх, хэлсэн амласандаа байх... Эдэн шиг чухал чанарууд ховор бололтой.
За ингээд мөнөөх цааснаасаа зарим нэг санааг хуваалцсу:
Reminders for Work
"Time-block planner" ашигла – Цагаа төлөвлөх "time-block" аргын тухай өмнө нь товшлолдоо энд танилцуулж байсан. Би Кал Ньюпортын "The Time-block Planner"-ийг худалдан аваад ашиглаж байгаа. Эхэндээ олигтой ашиглаж чадахгүй байсан, одоо гайгүй дадсан.
Уулзалтын дараа 15 минут ярьсан, яригдсан зүйлсийг боловсруул – Энэ бас Калын зөвлөдөг нэг арга. Аливаа уулзалт, хурлын дараа тэнд яригдсан, шийдэгдсэн зүйлсийг дуусмагц нь хэдэн минут боловсруулаад, дараагийн алхмуудаа тогтоод, өөрийн системд оруулаад авах нь ихээхэн цаг болоод энерги хэмнэдэг гээд байгаа юм. Үнэхээр ч дараа нь тэр хурлаар юу яригдлаа, яалаа ийлээ, би яах билээ гээд баахан ажил болдог шүү дээ.
Хүмүүст үе үе сануул – Ажлын сахилга бат сул орчинд бол үе үе сануулах нь тун чухал байх гэж бодогдоно. Хоёр төрлийн сануулга байгаа юм уу даа. Амлалт өгснөөс хэсэг хугацааны дараа сануулах "Follow up" гэж нэг сануулга байна. "Хөөе найзушка, тэр чинь юу болж байгаа билээ?"
Урьдчилж сануулах бас нэг зүйл байна. "За хоёулаа ирэх 7 хоногт нэг ийм нийтлэл гаргах юм байна. Дизайнаа бодож байгаарай хө..."
"Freedom" ашигла – Утас, компьютер дээр апп, вэбүүдийг хаадаг "Freedom" апп-ыг жилээр нь төлөөд авчихсан гэдгээ хэлж байсан. Миний бодлого бол сошиалыг (миний хувьд Инстаграм, Фэйсбүүк, Твиттер) 11.50-14.30 цагийн хооронд болон 18.30-21 цагийн хооронд нээх. (Инстаграмаа гэхдээ орой бүтэн нээсэн.) Ингэхлээр яг ажлын цагаар ажлаа сатаарал багатай хийгээд байх юм билээ. Цайны цагаар аппууд нээгдээд юу болж байгааг харчихна. Орой бас хэсэг хугацаанд үзчихнэ. Яах вэ, медиад ажилладаг хүний хувьд хааяа "түгжээ тайлах" ёстой үе гарна гарна.
Гүйцээх, цэгийг нь тавих чухал – Олон ажил сайхан эхэлдэг. Сайхан ч үргэлжилдэг. Гэхдээ гүйцээж "Final touch" хийн цэг тавиагүйгээс олон ажил барианд орж чадалгүй балардаг шиг. Кевин Келли "68 зөвлөгөө" нийтлэлдээ "Бэлтгэлтэй бай. Ямар ч том төслийн 90 хувийг нугалсны дараа үлдсэн жижиг сажиг ажлуудад өмнөх 90 хувьтай тэнцэх зүтгэлийг зарцуулах болно" гэснийг саналтай.
Ажлын сахилга бат ярьсных, үүнтэй холбоотойгоор Кобигийн нэгэн түүхийг хуваалцъя. Лэйкерсийн туслах дасгалжуулагч Фил Хэнди саяхан нэвтрүүлэгт ороод ийн ярьсан нь "Мамба менталити"-гийн бас нэг сонгодог жишээ болжээ:
"Би нэг удаа Кобигоос 'Чи яагаад багийнхандаа адайр ааш гаргаад байдаг юм бэ?' гэж асуув. Тэгсэн мань хүн 'Та үнэхээр мэдмээр байна уу? Манай багийн зарим нь ажлаа ойлгохгүй байна шүү дээ. Тэд бэлтгэлээс аравхан минутын өмнө ирээд дуусмагц нь шууд гараад явчихаж байна. Би энд өдөр бүр тоглолтоо сайжруулах гээд махаа идэж байна. Тэгсэн энэ нөхөд өөрсдийн ур чадвар дээр ажиллахгүй байна. Тэгэхлээр би яаж тэдэнд итгэх юм. Тэдний ажлын сахилга бат надад таалагдахгүй байна. Ийм учраас би тэдэнд бөмбөгөө дамжуулахгүй."
ДАЖГҮЙ
Саяхан Б.Гантулга сошиал дээрээ энэ зуны хит дуунуудыг асууж. Хүмүүсийн өгсөн хариултуудыг хараад тэр дуунуудыг сонсож үзлээ. Гоё гоё дуунууд гарчээ, сүүлийн хэдэн сар.
Choi Joo - Sain bisx
Batuh - Od – Энэ дуу их таалагдлаа.
Baljka - Passion
Becca - Comfy
Doid - Love – Гоё бүтээлч клип байна лээ. Үеэл тогложээ.
Jossey - Duugui baij – Энд бас дүү клипэнд нь оржээ.
БУУХИА
Энэ удаа дандаа өөрсдийн нийтлэлүүдийг буухиалъя:
1904 оны олимпын эрэгтэйчүүдийн марафоны итгэмээргүй түүх – Олимп болж байна даа, ийм нэг түүх хуваалцъя.
Апп тойм: Matter – Утга учиртай харилцаанд хөтөлнө – Монгол залуучуудын Цахиурын хөндийд хөгжүүлж буй шинэ танилцах апп (dating app)
Би хэрхэн ажилладаг вэ? – Анагаах ухааны доктор, дуучин Ч.Цэлмүүн – Ажлаа төлөвлөхдөө "time-blocking" хийдэг гэнэ. Товчхон, часхийсэн яриа өгчээ.
Би хэрхэн ажилладаг вэ? – БНЧУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ийржи Бродский – Тун идэвхтэй, сайн ажилладаг гэгддэг Чехийн элчингээс сурах юм их санагдлаа.