Ганзогийн товшлол #22: Өөрийгөө дахин бүтээхүй, Keep Your Identity Small
Сонирхолтой, мэдүүштэй, шинэ санаануудыг хуваалцах зорилготой долоо хоног тутмын товшлол. (Товшлол = Товших + Товчлох)
САНАА
Reinventing yourself. Өөрийгөө дахин бүтээхүй. Өнөөдрийн товшлолдоо албаар ийм хүчтэй, сүртэй үг ашиглаж байна.
“Өөрийгөө би бүрэн өөрчлөх боломжтой” гэж итгэдгээ би өөрийн нэг авууштай чанар юм уу гэж боддог юм. Үүнийг би хичээвэл сурах боломжтой, энэ зангаа би хичээвэл хаях боломжтой гэх мэтээр жигтэйхэн өөдрөг бодно гээч. Хурууны минь хээ хувиршгүй хэмээн шүлэгт гардагчлан байгалиас заяасан, эцэг эхээс удамшсан яаж ч болохгүй, өөрчлөгдөшгүй онцлог чанарууд мэдээж надад байж л байгаа. Өөрийгөө дахин бүтээнэ гэдэг боломжтой зүйл боловч нидэр дээрээ маш хэцүү байх. Гэхдээ ийн бодох нь бас ашиг тусаа өгдөг.
Өөрөөр хэлбэл, өөрийгөө ингээд л тогтчихсон, ингээд л төрчихсөн хүн гэж бодох дургүй. Өөрийгөө өөрлөгдөшгүй гээд бодчихсон, би ийм л хүн, би ингэдэг л хүн гээд сууж байдаг хүмүүс бол “identity”-гаа бат нот буй болгочихсон байна гэсэн үг.
Товшлол #10-таа би “identity-ийн өөрчлөлт" буюу зан төлөвийн жинхэнэ өөрчлөлтийн тухай Жэймс Клирийн бичсэнийг сийрүүлж байж. Өнөөдрийн хэлэх гэсэн санаа үүнтэй холбогдоно. “Identity" гэдэг бол хүний юунд итгэж буйг илэрхийлдэг. Хүн өнгөн харагдах дадал зуршлаа өөрчлөх гэж хичээх бус дотор буй итгэл үнэмшлээ өөрчилж баймааж л өөрийгөө дахин бүтээдэг гэж Жэймс Клир бичсэн байсан. Тэрээр энэ санаагаа "Нэг ном унших нь зорилго биш, уншигч болох нь зорилго. Нэг марафонд гүйх нь зорилго биш, гүйгч болох нь зорилго юм” хэмээн товч тодорхой хэлсэн байна лээ. Тэгэхлээр “Би өглөөний хүн биш”, “Би угаасаа хоцордын” гээд байвал өөрчлөлт хийхэд хэцүү байх нь.
Нэрт хөрөнгө оруулагч, эсээч Пол Грам “Keep Your Identity Small” гэж жижиг эсээ бичсэн нь ихэд алдаршсан билээ. Санааг нь товчлон сийрүүлбэл:
“Хүмүүс шашин, улс төрийн талаар эцэс төгсгөлгүй маргачихдаг. Тэр нь огтхон ч үр өгөөжтэй яриа хэлцээн биш. Шашин, улстөрийн талаар хүмүүс ингэж итгэлтэй ярьдаг нь энэ сэдвүүд хүмүүсийн “identity” буюу өсөж төрсөн орчин, итгэл үнэмшлийнх нь нэг хэсэг байдаг. Эдгээр нь өөрсдийнх нь нэг хэсэг гэж болохоор зүйлс байдаг учраас хүмүүс зөв зүйтэй аргумент дэвшүүлж, хүлээлцтэй мэтгэлцэж чаддаггүй... Хэрвээ миний энэ “онол” ул үндэстэй бол үүнийг цэгцтэй бодож сэтгэхэд ашиглаж болох аж. Хэрвээ хүн өөрийнх нь хүмүүжил, итгэл үнэмшлийн нэг хэсэг болсон зүйлийн талаар туйлшралгүй, цэгцтэй сэтгэж чаддаггүй юм бол өөрийн “identity"-д аль болох цөөн зүйлийг хамруулах нь хамгийн зөв гэсэн үг. Та өөртөө олон шошго наах тусам тэдгээр чинь таныг эргээд тэнэг болгоно."
AngelList-ийн үүсгэн байгуулагч Навал Равикант энэ тухайд “Би өөрсдийгөө нэгэнт тогтчихсон, харин дэлхий ертөнцийг өөрчилж хувиргаж болно гэж боддог. Үнэндээ өөрчилж хувиргаж болох зүйл чинь бид өөрсдөө, харин дэлхий ертөнц бол асар тогтонги зүйл шүү дээ” хэмээн хэлсэн байх юм.
Яруу найрагч Дайан Акерман өөрийгөө дахин бүтээх тухайд ийн хэлжээ:
“Амьд биетүүд өсөж хөгжих тусмаа танигдашгүйгээр өөрчлөгдөж байдаг. Авгалдайнаас тэмээлзгэнэ, нярайгаас хуульч буй болно чинээ хэн санах билээ. Амьтдын аймаг ч бай, ургамлын аймаг ч бай, бид бүгдээрээ ер бусын дүрээ хувилгагсад, өөрсдийгөө бүтээгчид. Амьдрал гэдэг бол амьдарсан үеүдийн цуваа буюу олон тооны нэр билээ…..”
Үнэхээр л бид улаан цурав амьтад төрөөд алхам алхмаар хорвоотой танилцаж, суралцаж явсаар хүн болдог. Нялх үеэс насанд хүртлээ бид асар ихийг сурч, өөрийгөө танигдахааргүй хувиргаж, менежер юм уу инженер болж, өөрсдөө аав/ээж болдог. Магад тэгээд 30 нас, 40 нас хүрээд өөрийгөө өөрчлөхөө больдог. Насанд хүрсэн амьдралын дөнгөж л эхлэл шатанд шүү дээ.
Тэгж болохгүй ээ. Итгэл үнэмшилдээ хүлэгдээд яанам. Бидэнд өөрсдийгөө өөрчлөх, дахин бүтээх хангалттай их хүч бий.
ДАЖГҮЙ
Hack:
Зарим сайтын нийтлэл төлбөртэй гээд уншиж болдоггүй. Үүнийг "монголчилж" тайлах нэг арга байдаг юм байна. Үүний тулд Save to Pocket extension-ийг татна. Өөрөөр хэлбэл Pocket-ийг нийтлэл хадгалахдаа ашигладаг, бүртгэлтэй байх хэрэгтэй. Тэгээд мөнөөх төлбөртэй нийтлэл дөнгөж нээгдмэгц буюу төлбөрийн талаарх "pop-up" нээгдэхээс өмнө Save to Pocket-ийн "icon" дээрээ хурдан дарна. Ингээд л Pocket-оосоо унших боломжтой болно.
БУУХИА
There’s a Name for the Blah You’re Feeling: It’s Called Languishing – Адам Грант 2021 онд хүмүүсийн хамгийн түгээмэл мэдэрч буй мэдрэмжийн талаар бичжээ: "Languishing is the neglected middle child of mental health. It’s the void between depression and flourishing — the absence of well-being."
I’m not languishing, I’m dormant – Дээрх нийтлэлд хариу маягаар "Санаа авахаас бүү ай" номын зохиогч Остин Клеон нэг ийм нийтлэл бичиж:
"I’m not languishing, I’m dormant.
Like a plant. Or a volcano.
I am waiting to be activated."