Ганзогийн товшлол #24: Хоёрдмол хандлага, Stonehenge
Сонирхолтой, мэдүүштэй, шинэ санаануудыг хуваалцах зорилготой долоо хоног тутмын товшлол. (Товшлол = Товших + Товчлох)
САНАА
Бэн Каснокагийн блогоос дээр үед уншаад сэтгэлд үлдсэн нэг бичвэр байдаг юм. Тэр нь "dual attitude" буюу хоёрдмол хандлагын тухай. Түүнийг товчлон хүргэе:
Майк Тайсоны нэг ийм үг бий:
"Би рингэнд гарч ирэхдээ өөртөө маш их итгэлтэй байдаг. Гэвч би үхтэлээ айдаг. Би бүхнээс айдаг. Хожигдохоос айдаг. Ичгэвтэр байдалд орохоос айдаг. Гэхдээ л би өөртөө итгэлтэй. Рингэнд ойртох тусмаа би илүү их итгэлтэй болдог. Бүх л бэлтгэл сургуулилтынхаа туршид би энэ нөхрөөс айж байсан. Энэ эр намайг хожих чадамжтай гэж бодож байсан. Намайг ялчихаж байна гэж бүр зүүдэлж байсан. Тийм болохоор би түүнээс үргэлж айж байсан юм. Рингтэй ойртох тусам би улам өөртөө итгэлтэй болдог. Рингэнд гарч ирмэгцээ би эгээ л бурхан мэт болдог. Хэн ч намайг ялж чадахгүй. Рингээ тойрч алхахдаа би өрсөлдөгчөөсөө хараа салгадаггүй. Тулааны үеэр би туйлын өөртөө итгэлтэй болдог. Түүнийг хий цохиулаад хариу цохилт хийнэ. Бие рүү нь цохино, маш хүчтэй цохино. Цохих үедээ би тэр миний цохилтод орж буйг мэддэг. Ингээд тэр унана, дахиж босож ирэхгүй. Би ялагч. Майк Тайсон – Бүх цаг үеийн шилдгийн шилдэг тулаанч."
Бүтэлгүйтэхээс айх айдас. "Айдас санааг чинь зовоохоос цаашгүй" гэх мэт уран гоё үгсийг хэлэх амархан. Гэхдээ ерөөс айхгүй байвал нэг их санаа тавихгүй байна л гэсэн үг. Айж байна, санаа зовж байна гэдэг бол үнэхээр их хүсэж байгаагийн шинж. Хэтэрхий их айдас таныг хөшөөж орхино, харин тун нь ихэдчихээгүй бол таныг урагш түлхэх болно. Тайсон рингэнд гарах шиг бид гагцхүү эцсийн мөчид, тайзнаа гарахдаа, чухал уулзалт эхлүүлэхдээ өөртөө итгэлтэй болсон байх хэрэгтэй.
Майк Тайсон бас ингэж хэлжээ: "Айдас гэдэг бол чиний хамгийн сайн найз, эсвэл хамгийн гортоот дайсан. Яг л гал мэт. Хэрэв чи түүнийг удирдаж чадвал хоолыг чинь хийж өгнө, гэрийг чинь дулаацуулна. Харин удирдаж чадахгүй бол эргэн тойрон дахь бүхнийг чинь, чамайг өөрийг чинь шатааж орхино. Хэрэв чи айдсаа удирдаж чадвал айдас чамайг яг л зүлгэн дээр явах буга мэт туйлын сонор сэрэмжтэй болгох болно."
Энэ бичвэр надад айдас хийгээд өөртөө итгэлтэй байдлын тухайд санаа өгөөд зогсохгүй хүн ер нь эсрэг тэсрэг, зөрчилдөөнт шинжүүдтэй байдгийг сануулдаг юм. Өөр дээр минь л гэхэд зан онцлогийн тийм жишээ олон. Та нөхдөд бас тийм шинжүүд байдаг бөгөөд хааяа өөрийгөө гайхдаг ч байж мэдэх юм. Тийм үед бүгдээрээ Сара Бэйквэллийн "Хэрхэн амьдрах вэ?" номдоо Уолт Уитманыг эшилснийг саналтай мэт:
"Өөртэйгөө би зөрчилдөн байна уу?
Яах вэ, тэгж л байг
Би уудам, олон янзын хүнийг өөртөө шингээжээ."
Эсрэг тэсрэг мэдрэмж биднийг байнга л дагаж байдаг. Заримдаа амьдрал сайхан, яг л зүй зохисоороо мэт, заримдаа амьдралын утга учир юу юм бэ гэж цөхрөнгүй асуумаар санагдана. Үүнтэй холбоотой нэгэн эшлэлээр ээлжит бодролоо төгсгөе өө:
“Ертөнцийг ажих тоолондоо би өчүүхэн жижгээ ч, чамлахааргүй томоо ч нэгэн зэрэг мэдэрдэг. Яагаад том санагдана вэ гэвэл би орчлонтой холбогдохын хэрээр орчлон надтай бас холбогдохыг ухаардаг” – Астрофизикч Нил Деграсс Тайсон
ДАЖГҮЙ
Амьдралын утга учир гэснээс өчигдөр Ylvis-ийн "Stonehenge" дууг гэнэт санаад. Амьдралын утга учрыг бараг олчихоод байна, Стөүнхэнжийн утга учрыг л олохгүй байна гэсэн инээдтэй ёж дуу л даа. Ингэхэд Ylvis-ийг сонсож байсан л биз дээ. "What does the fox say?" гэдэг хит дууг хийсэн, Норвегийн ах дүү хоёр комедиан. Цахилгаан шатанд хийсэн prank нь бас “татаадаг”. Галзуу авьяастай нөхөд шүү. Stonehenge-ийг үгийг нь уншаад сонсоорой :)
БУУХИА
Уншлага хийх цаг ойрд гардаггүй ээ:
–"Би хүүхдээ ингэж өсгөдөг" ярилцлага – Трансжендер ээж Joy Очир
–"Би хүүхдээ ингэж өсгөдөг" ярилцлага – Q Education Group-ийн захирал Ц.Алтансор
–Сайхан сэтгэлтэй "Завхай монгол залуу"-г хайсан нь
–Номтой яриа #17: Тэнгэрлиг Медиа Группийн COO, Unread-ийн хамтран байгуулагч Б.Батзаяа