Ганзогийн товшлол #25: Урт өгсүүр зам, Сайжрал, Thermos аяга
Сонирхолтой, мэдүүштэй, шинэ санаануудыг хуваалцах зорилготой долоо хоног тутмын товшлол. (Товшлол = Товших + Товчлох)
САНАА
"Орхиод явах уу, үргэлжлүүлэн зүтгэх үү?" гэдэг бол мөнхийн асуулт. Ажил дээр, харилцаанд, өөрийгөө хөгжүүлэхэд гээд бүх зүйлд "сая долларын" энэ асуулт хамаатай. Ийм асуулттай тулсан үедээ уншаарай хэмээн Сет Годин “The Dip” буюу “Нугачаа” номыг бичжээ. Замын дундаас болих нь заримдаа амжилтад хөтлөх чухал шийдвэр байдаг талаарх санааг хөндөж, харин зүрхээ чангалаад зүтгэх ёстой зүйлсийг хэрхэн таних талаар сонирхолтойгоор тайлбарлаж. Тэгэхлээр Нугачаа гэж юу вэ?
Аливаа зүйлийг эхлүүлэх үед гоё, сонирхолтой байдаг. Эргэн тойрныхон ч сайшаана. Тэгээд өнөөхөө хэсэг оролдож, хийж байтал өнөөх Нугачаатай тулна даа. Тэрхүү Нугачаа гэдэг бол эхлэл, төгсрөл (mastery) хоёрын дундах урт удаан өгсүүр зам юм. Та бидний шандсыг сорих даваа, шалгуур юм.
"Утга учиртай, үнэ цэнтэй зүйлд Нугачаа заавал буй." Сет Годин
Ховор, цөөн байх нь үнэ цэнтэй байхын нууц. Харин ховор байдлыг Нугачаа л үүсгэдэг аж. Нугачааг давж чадвал та ихээхэн үр өгөөж хүртэнэ, шилдгүүдийн нэг болно. Хүн Нугачааг давснаар хөгжлийнхөө дараагийн түвшинд гарч ирдэг байна. Харин шилдэг нь болсон хойноо хүмүүс өөрсдийн давсан Нугачааг улам хүнд хэцүү болгохыг эрмэлздэг гэнэ. Хуулийн салбарынхан хуульч болох шалгуурыг байнга өндөрсгөж байдаг нь үүний нэг жишээ.
Нугачааг ойлгоход зохиогчийн авсан марафоны жишээ тун тохиромжтой санагдсан. Марафоны 32 дахь километр дээр гүйгчид хамгийн ихээр больдог гэнэ. Мэдээж 20 км хүртэл ихэнх нь зовлонгүй гүйчихдэг байх л даа. Магадгүй 25-35 км бол жинхэнэ Нугачаа. Өнөөх урт өгсүүр гэдэг чинь. Энэ үед гараанаас гарсан сэтгэл зүй мартагдан, барианд орох мөрөөдөл хол санагддаг үе. Харин бариа харагдаад эхэлсэн 40 дэх километрээс болих хүн барагтай л бол байдаггүй.
Нугачаатай тулсан үед танд хийж байгаа чинь хэцүү санагдаж, хэзээ үр дүн гарах нь огт мэдэгдэхгүй тул оюун санаа туйлдана. Ерөөс нэг ойлгомжтой зүйл бол Нугачаа дандаа хэцүү бэрх байна. Нэг тодорхойгүй зүйл бол тэр үе хэр удаан үргэлжлэх нь үл мэдэгдэнэ.
Яг үүнийг өөрөөр аятайхан хэлчихсэн нэг тохиолдлыг санаж байна. "Би хэрхэн ажилладаг вэ?"-д ярилцлага өгөхдөө М.Тулгат ингэж хэлж байв:
"...Тэгэхээр хүнд өөрийнх нь хөгжил сайжрал илт мэдрэгдэх үе гэж байдаг юм шиг байгаа юм. Нэг түвшинд хүрээд зогсонги байгаа юм шиг хэрнээ тодорхой хугацааны дараа үр дүн мэдрэгдэж, энэ цикл дахин дахин үргэлжилдэг юм шиг санагддаг. Мичнээс хүн болох хувьслын явцад 4 хөллөж явдаг байж байгаад 2 хөл дээрээ зогссон тэр үе маш зурвасхан, богино хугацаа байсан гэдэг. Түүнээс өмнө олон зуун мянган жил турш хүний 2 хөл дээрээ босох бэлтгэл хийгдсэн байж. Яг л түүн шиг. Өөрийгөө дайчилбал тодорхой хугацааны дараа үр дүн гарна гэдэгт итгэлтэй байх хэрэгтэй. Амьдрал дээр хүмүүс хичээж яваад яг үр дүн гарахын наахна шантарчихаад байдаг тохиолдол олон байдаг."
Тэгвэл Нугачааг чухам яаж давах вэ? Мэдээж урдахаа нухаад, хийгээд байвал сайжирна. Итгэл бага багаар нэмэгдэнэ. Жэймс Клирийн сануулсанчлан өдөр бүр, дахин дахин хийсээр байх ёстой аж:
“Сайжрал гэдэг бол өдөр бүр шинээр эхлэх ёстой тулаан.
Дараагийн бэлтгэл чинь чиний өмнөх бэлтгэл хэчнээн хүнд байсныг тоохгүй.
Дараагийн эсээ чинь чиний сүүлийн эсээ хэчнээн олон хүнд хүрснийг тоохгүй.
Дараагийн хөрөнгө оруулалт чинь чиний сүүлийн алхам хэчнээн ухаалаг байсныг тоохгүй.
Дахиад л хамгийн сайнаараа хичээ."
Гэхдээ нэг санах ёстой зүйл бол Нугачаанаас гадна Мухар гудам, Хавцал гэсэн нөхцөл байдлууд бас бий. Өөрөөр хэлбэл зөв зүйлээ барьж авсан баймааж л Нугачааг давах асуудал яригдана. Яаж ч сайн байгаад нэмэргүй, үр өгөөжөө өгөх боломжгүй нөхцөл байдлууд гэж бий. Буруу дайнд хэчнээн ялаад ч тусгүй. Бидний хийж буй бүх л зүйл Нугачаатай, түүнийг давбал л болчихдог сон бол амьдрал үнэхээр хялбар байх сан. Тэгэхлээр энэ мэт бусад деталь хэсгүүдийг "Нугачаа" номоос уншаарай.
ДАЖГҮЙ
Ойрмогхон өөртөө хийсэн хамгийн сайн хөрөнгө оруулалтын нэгийг санал болгоё, өнөөдөр. Амазоноос $20 хүрэхгүй авсан (ачааны үнэ нэмэгдэх байх) "Thermos" савандаа бүр хайр хүрээд байна шүү. Халуунаа барина гэж "галзуу" юм. Таг маш сайтай, асгана аа гэж түүхэнд байхгүй дэг ээ.
Энэ сайхан эдтэй танилцах: THERMOS Stainless King Vacuum-Insulated Travel Tumbler, 16 Ounce, Matte Blue
БУУХИА
TEDTalk – Adam Grant: How to stop languishing and start finding flow
Twitter thread – What is the single best essay you’ve ever read?