Ганзогийн товшлол #26 – Хэзээ ч битгий хоёр өнж, Effortless, Cold Heart
Сонирхолтой, мэдүүштэй, шинэ санаануудыг хуваалцах зорилготой долоо хоног тутмын товшлол. (Товшлол = Товших + Товчлох)
Сүүлд есдүгээр сарын 10-нд л товшлолоо илгээсэн байх юм. Олон долооног (долоо хоног) өнжжээ. Эмээгийн минь хэлдгээр "зээр гүйцэх шахсан" өдрүүд байлаа. Хувь, хувьсгалын ажлын явдал суудал ихтэй, тогтож суух хугацаа хомс байснаас баасан бүрд л "за ирэх долооногт яг" гэж бодсоор энэ хүрсэн байна. Сүүлийн үес харин юмс жигдрээд овоо дээр. Ерөөс долоо хоног тутмын гэж ингэж худлаа хэлж байхаар хоёр долоо хоног тутмын товшлол байлгая гэж бодсон. Заримдаа бичмээр санагдвал, завдвал долоо хоногийн дараа оруулчихна л биз, тийм ээ...
Тэгээд өнөөдөр юу бичих билээ гэж бодож байгаад ерөөс тогтвортой үргэлжлүүлэх, алдагдсан хэмнэлдээ буцаж орох тухайд хэдэн санаа хэлхье гэлээ.
САНАА
Амжилттай контент хийх тухайд Unread дээр бид "Consistency is key" гэж ярилцдаг. "7 хоногийн тойм" гэх нэлээд ажиллагаатай тойм нийтлэлийг Уундаа зургаан жил тасралтгүй бүтэн сайн болгонд нийтэлж байна. Нөхөр "Цастай, бороотой, ямар ч үед хийх л хэрэгтэй" гэдэг. Бас л атаархмаар урт "гинж" байгаа биз?
Өнгөрсөн хоёр гурван сард товшлолууддаа бичиж ирсэн өнөө гоё санаанууд, дадлууд сох алдагдсан. Ойрноос л эргээд хэмнэлдээ орох гэж хичээж байна. Сонсдог ганц подкастаа сонсож эхлэв. Улирал, долоо хоногийн төлөвлөлтөө нарийн уялдуулж эхлэв. Сошиал медиаг тодорхой цагуудаар хаадаг Freedom аппаа сэргээв. Эргээд нэлээд эрчтэй уншиж эхлэв. "Дадал хэвшлийн мэргэжилтэн" Жэймс Клийр аливааг өдөр бүр алдахгүй хийхийн чухлыг сурталддаг. "Онцгүй (буюу завгүй) өдрөө бид яаж ийгээд л дадлаа үргэлжлүүлэхийн үнэ цэнийг та хараахан ойлгоогүй л байгаа болов уу. Чарли Мангер "Нийлмэл хүү хүртэх (compounding ) үндсэн дүрэм бол түүнийг шаардлагагүй үед хэзээ ч тасалдуулахгүй байх" гэсэн удаатай" хэмээн бичжээ.
Гэвч амьдрал бол амьдрал. Яаж ч хэмнэлтэй урагшилж байсан, нэг л өдөр түүнийг тасалдуулна. Тэр тодорхой тул хэмнэлдээ эргээд буцаж орох нь л чухал юм. Үүнийг сайн мэдэх Жэймс Клийр иймэрхүү тохиолдолд баримталдаг дүрмээ "Never miss twice" буюу "Хэзээ ч битгий хоёр өнж" гэжээ. Тэрээр мөн:
"Хүмүүс тууштай тасралтгүй байхыг төгс байхтай андуурах гээд байдаг... Судалгаанаас үзэхэд, ямар дадал хэвшүүлэхийг хичээж байгаагаас үл хамааран, нэг өдөр өнжих нь таны урт хугацааны амжилтад сүйдтэй нөлөө үзүүлэхгүй. Өөрөөр хэлбэл, дадал хэвшүүлэх нь дээд хурдаас бус дундаж хурдаас хамаарах юм. Тухайн өдөр бүтэлгүйтэх нь замд улаан гэрэл дээр зогсохтой адил. Машин барьж буй үед угийн л улаан гэрэл дээр заримдаа зогсдог шүү дээ. Харин ерөнхий дундаж хурд сайн байвал та замдаа зогсож саатлаа ч хүссэн газартаа хүрэх л болно" гэжээ.
Аливааг ер нь хүндрүүлж харчих гээд байдаг, сайн чанартай хийчих санаатай удаж түдээд байдаг зантай тул хэрэг болж магад хэмээн Грег МакКеовны"Effortless" хэмээх номыг саяхан уншлаа. Онц гойд шинэ санаа үгүй ч яг л надад хэрэгтэй зүйлсийг сануулсан байна. Энэ номыг уншсанаас хойш би энэ ажлыг яагаад удаагаад байна, арай хялбар байдлаар урагшлуулах, хийх арга байна уу гэж өөрөөсөө асуудаг болсон байна. Номын гол санааг тоймловол:
Хүмүүс бүгдээрээ л амьдралд нь юу чухал байна, түүнийг хийхийг хүсдэг. Гэвч олон асуудал сорилттой нүүр тулсаар л байдаг. Шалтгаан нь мотиваци дутсандаа биш. Мотиваци гэдэг зүйл хэмжээ хязгаартай нөөц болохоор тэр. Харин бид чухал зүйлсдээ цаг гаргасаар байя гэвэл огт өөр арга стратеги барих хэрэгтэй. Өөрсдийгөө улам хүчлээд байх бус, чухал зүйлсээ илүү хялбархнаар, зовлон багатайгаар хийх арга барилд суралцах хэрэгтэй... гэжээ.
Тийм тийм л гэж толгой дохиж суулаа. Тэгэхээр ажилд дарагдсан, элдэв асуудал хоолойд тээглэсэн, амьдралын хэмнэл алдагдсан үедээ сая дурдсан зүйлсийг санаарай гэж хүсье: Бид бүгдээрээ л тууштай байхыг хүсдэг. Гэвч амьдралын хэмнэл хааяа тасалдах нь зайлшгүй. Тэр үед эргээд замдаа аль болох хурдан орохыг хичээлтэй. Дан хүсэл зориг, мотиваци хангалттгүй, арга стратеги хэрэгтэй.
ДАЖГҮЙ
Удаан өнжсөн болохоор энэ хэсэгт оруулж болохоор зүйл олон л байна. Ойрд таалсан хөгжмүүдээсээ хуваалцъя.
–Элтон Жон, Дуа Липа - Cold Heart - Гайхалтай микс.
–Санаа бодлын үзүүр – GangBay-ийн Гангаа гээд энэ залуу маш авьяастай санагдаад байгаа. Энэ соло бүтээл нь. GangBay-ийн сүүлийн дуунууд ч гоё.
–Адарсүрэнгийн дуунууд – Амралтын өдрийн өглөө цайн дээрээ сонсоход янзын. Тэр жил Алтан Овоо, Шилийн Богд явахад машинд СиДи-г нь сонсоход бас гоё байж билээ. Apple Music дээр бүх дуунууд нь байна лээ.
–АBBA - Шинэ цомог. 40 жилийн дараа эргэж ирээд цомог хийнэ гэдэг гайхалтайяа.
БУУХИА
–Монгол Улсын тэтгэврийн тогтолцоотой танилцсан миний аялал
–Financial Times: Why your thirties are life’s best decade
–Unread-ийн даваа гараг бүр хүргэх "Өрөмтэй талх" ньюслеттерийг захиарай: https://unreadweekly.substack.com/welcome