Ганзогийн товшлол #27: Гэрийнхээ ойр ажиллахуй, Шумахер
Сонирхолтой, мэдүүштэй, шинэ санаануудыг хуваалцах зорилготой долоо хоног тутмын товшлол. (Товшлол = Товших + Товчлох)
Өнгөрсөн долоонгийн товшлол пүрэвт явсан. Ер нь пүрэв гарагт нийтэлдэг болж байгаагаа хэлэхээ мартсан байна лээ. Хоёр долооног тутмын болгосон гэчихээд шууд дараагийнхад нь илгээвэл хүлээлтийг давуулж байна гэж ойлгоорой, хэхэ.
САНАА
Товшлолоо лхагва гарагийн орой гэрийн ойролцоох кофе шопоос бичиж байна. Unread лхагва гарагт зайнаас ажиллахыг зөвшөөрсөн байдаг тул өнөөдөр гэрээс ажиллаж байгаад энд ирж суув. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр гэр, ажлаасаа өөр – гуравдагч газар сууж ажиллах тухай санаа шидье ээ.
Кал Ньюпорт New Yorker-д "What if Remote Work Didn't Mean Working from Home?" гэсэн нийтлэл бичсэн байсан. Зайнаас ажиллана гэдэг нь зөвхөн гэрээс ажиллана гэсэн үг биш шүү гэсэн санаатай өгүүлэл. Заримдаа кофе шопд суугаад юм хийхээр жигтэйхэн онгодтой, бүтээмжтэй байдаг даа. Үндсэндээ тэр үзэгдлийн тухай бичсэн юм байна. Өөрийн үгээр товчлон сийрүүлсү:
Алдарт "Jaws" киноны зохиолч Бенчлигийн амьдардаг асан хаус манай гэрийн ойролцоо байдаг байлаа. Хүүхэд байхдаа би Бенчлиг байшингийн цонхоор бидэнтэй адил гудамж ширтэн, алдарт зохиолоо бичсэн байх даа гэж төсөөлдөг сөн. Гэтэл саяхан түүнийг гэртээ бус өөр газар ажилладаг байсныг уншаад жаахан урам хугарсан. Тэр нэг үйлдвэрийн хойно өрөө түрээслээд их дуу чимээнд нь ажралгүй зохиол бүтээлээ туурвидаг байжээ. Бенчли шиг арга барилтай олон зохиолч бий. Маяа Анжелоу жишээ нь зочид буудлын өрөө хөлслөөд ханан дахь бүх зураг, артуудыг буулгуулан, зохиолоо бичдэг гэж байгаа. Жон Стейнбэк энэ процессыг бүр нэг шат ахиулсан нь, тэр гоёмсог эдлэн бүхий байшиндаа хааяа ажилладаг ч заримдаа загасчны завьтай усанд гарч, зөөврийн жижиг ширээн дээр зохиолоо бичдэг байсан гэнэ.
Мэргэжлийн зохиолчид бол хамгийн анх гэрээсээ ажилласан оюуны ажилтнууд (knowledge workers) юм. Цар тахал харин олон салбарын мэргэжилтнүүдэд оюуны ажил гэдэг орчноос нэлээд хамааралтай “эмзэг” зүйл гэдгийг ойлгууллаа. Гэрээс ажиллахад бид танил орчинд, сатаарах зүйл ихтэй байдаг. Угаах хувцаснуудынхаа хажуугаар гарахдаа тэр талаар бодож сатаарна. Тийм ч учраас Маяа Анжелоу "Зочид буудлын өрөөнд ороход бүх итгэл үнэмшил маань зогссон мэт санагддаг. Бүх л хүлээсээс тайлагдсан мэт болдог" гэж хэлж байжээ. Когнитив шинжлэх ухааны анхдагч Колин Черри энэ үзэгдлийг "коктейльт үдэшлэгийн асуудал" хэмээн томьёолсон байдаг. Ухаан нь чимээ шуугиантай үдэшлэгийн үеэр хаа нэгтээгээс нэр тань дуулдахад та тэр зүг анхаарлаа хандуулдагтай зүйрлэжээ. Таны нэрийг дуудах гэрийнхэн, бодлыг саатуулах гэр ахуйн эд зүйлс байдаггүй учраас л бид кофе шопд хэчнээн чимээ шуугиантай байсан ч төвлөрч чаддаг байх нь.
Цаг үеэс шалтгаалан оффисдоо эргэж очих болоогүй сая сая хүн байгаа. Тэгэхээр бидэнд ажил, гэрээс гадна гуравдагч орчин хэрэгтэй. Тэр сонголт бол "Work From Near Home” буюу чухам энэ "Гэрийнхээ ойр ажиллахуй" юм. Кал Ньюпорт миний дэвшүүлж буй санал бол бол: Гэрээсээ ажиллахыг зөвшөөрч буй байгууллагууд ажилтнууддаа гэрийнхээ ойр ажиллах орчин олохыг уриалахын сацуу энэ “зугталт”-ыг нь санхүүгийн хувьд дэмжихийг бодоорой. Тэр нь дундын оффис, түрээсийн гарааш гээд юу ч байсан болох… Энэ бол цоо шинэ ойлголт ч биш. 2020 оны намар Их Британид “ Flown" гэх стартап компани "сатааралгүй оюуны ажил хийхэд зориулсан AirBnB” гэх тодорхойлолттой үйлчилгээг хөгжүүлж эхэлжээ. Тэдний сайтаас богино хугацаагаар хөлсөлж болох гоё орчинтой сууц, талбайг олж болох аж. Үйлчилгээгээ тэд хувь хүмүүст биш том байгууллагуудад ажилтнууддаа аваач гэж санал болгодог гэнэ.
Гэрийнхээ ойр ажиллахуй – Энэ санааг би амьдралдаа хэрэгжүүлсэн учраас бас илүүтэй сонирхох болсон юм. Их сургуулийн профессор миний бие ажил, гэрийн хооронд 10 жил явсны эцэст 2020 оны хавар гэрээсээ ажиллахаас аргагүй болоход хамаг хэмнэл алдагдсан. Онлайнаар багшлах, бичиж туурвих, уулзалт хийх, подкаст бичих зэрэг олон ажил үүргээ 3 хүүхэдтэй гэрийн нөхцөлд хийх боломжгүй болсон. Тиймээс 2020 оны 8-р сард би гэрээсээ холгүйхэн Такома Паркийн жижиг даунтаунд талбай түрээсэлсэн юм. Гэр маань тухтай сайхан ч одоо би оффисоосоо ажиллаж байна. Миний бүтээмж ч урьд урьдынхаас илүү болжээ...
За шифугийнхээ өгүүллийг товчлоход ийм байна. Кофе шоп, номын сан гэх мэтийн гуравдагч орчинд суухын ач холбогдол ийм байдаг аж. Дахин хөл хорио тогтсон ч бай, тогтоогүй ч бай, ийм газрын хэрэгцээ хэзээд бидэнд бий. “Deep Work” номыг бичсэн манай хүн нээрээ энэ оффисоо “Deep HQ” гээд нэрлэчихсэн гэж байгаа. Хэзээ нэгтээ өөрийн гэсэн ийм Headquarter-тай болохыг мөрөөдөөд эхэлчихсээн, товшлол бичээч нь.
ДАЖГҮЙ
Формула 1-ийн домогт “нисгэгч” Шумахер 7, 8 жилийн өмнө цанаар гулгаж байхдаа осолд орж тархиндаа хүнд гэмтэл авсныг дуулаа л байлгүй. Өнгөрөгч бүтэн сайнд нөхрийн амьдралаар хийсэн “Шумахер” баримтат киног үзэв. Янзын кино байна. Мундаг ч характертай хүн юм, түүх намтар нь ч яахын аргагүй кино юм. Хүүхэд байхад Бат-Эрдэнэ аварга наадамд түрүүллээ гэдэг шиг Формула 1-д Шумахер түрүүллээ л гэдэг сэн. Үнэмлэхүй аварга болохынхоо өмнө бас их адармаатай замыг туулжээ.
Ойрд бас ТВ шоу ер үзээгүй байснаа "Narcos"-ийг үзэв ш дээ.
БУУХИА
Washington Post: 50 notable works of nonfiction
Unread: Өртөөлөгчид: Б.Манд, Б.Ариунсанаа – Хүсэл зориг, манлайлал, сэтгэлийн хат