Ганзогийн товшлол #28: Өөрийгөө хүлээн зөвшөөрөхүй, 2022 оны зорилт, Modod
Сонирхолтой, мэдүүштэй, шинэ санаануудыг хуваалцах зорилготой хоёр долоо хоног тутмын товшлол. (Товшлол = Товших + Товчлох)
Өнгөрөгч он миний хувьд адармаа, нугачаа ихтэй л байлаа. Ажил, амьдралын аль алинд овоохон өөрчлөлттэйгөөр 2022 оныг эхлүүлэх нь. Энэ онд ковид л гайгүй намжаасай даа. Бусад нь тэгээд болох биз.
САНАА
Оны эхэн гэдэг төлөвлөгөө юугаан гаргаж, өөртөө амлалт өгдөг цаг. Үүнтэй холбоотой хэдэн санаа хэлхсү, өнөөдөр.
Кэти Милкман 2021 онд “How to Change” хэмээх ном бичсэн. Энэ номдоо тэр “fresh start effect” гэх ойлголтыг сайн гэгч тайлбарлажээ:
Бид амьдралаа цаг хугацааны мөнхийн урсгал гэж авч үзэхээс илүүтэй чухал огноонууд, томоохон үйл явдлууд, бодит туршлагуудаар холбогдсон шат гэж авч үздэг байна. Шинэ он гарах, шинэ сар эхлэх, төрсөн өдөр тохиох зэрэг нь түүний жишээ. Милканы багийнхан коллежийн оюутнууд жилийн шинэдээр, сарын шинэдээр, долоо хоногийн эхлэлд, семестерийн эхлэлд, төрсөн өдрийнхөө дараа илүү ихээр фитнест явж буйг судалсан байна.
Шинэ эхлэлийн эффект нь зөвхөн он цагаар ч хэмжигдэхгүй гэнэ. Амьдардаг газраасаа нүүх, ажлаа солих, эцэг эх болох юм уу хүүхэдтэй болох, магад хэн нэгэнд хаягдах гээд сэтгэл санаа, амьдралын хэвшилд томоохон нөлөө үзүүлэх үйл явдлууд багтана. Кэти Милкман энэ өөрчлөлтүүдийг номын шинэ бүлэг уншиж эхлүүлэхтэй адилтгажээ. Богино ч бай, урт бай тэрхүү шинэ бүлэг бүрийг бид зан төлөвөө өөрчлөн сайжруулахад ашиглах бүрэн боломжтой.
Хэвлэлүүд болон зарим хүмүүс шинэ жилийн зорилт амжилтад хүрдэггүй тухай ярьж бичдэг. Гэвч Милкманы болон бусад судалгаанууд энэ үгүйсгэл буруу гэдгийг харуулдаг байна. 1 сарын 1 бол зан төлөвийн өөрчлөлтийн хувьд жирийн нэг өдөр биш гэнэ. 2007 онд АНУ-д хийгдсэн нэг судалгаа шинэ жилийн зорилтын 80 хувь нь бүтэлгүйтдэг гэдгийг харуулсан нь сайн мэдээ биш байж болох ч зорилт тавигчдын 20 хувь нь амжилттай өөрчлөлт хийж чадсаныг санах хэрэгтэйг Милкман тодотгожээ. Шинэ жилийн зорилт бол гайхалтай зүйл, бид тоглоомд орж байж л оноо авна, шинэ жилийн зорилт тавьснаар бид өөрсдийгөө тоглоомд оруулж буй хэрэг хэмээн тэр бичжээ.
Тэгвэл Оливер Буркеман The Guardian-д "Шинэ жил, өнөө л хуучин чи” хэмээх нийтлэл бичжээ. Тэрээр хувь хүн өөрийгөө өөрчлөх зорилт тавиад бүтэлгүйтдэг нь зарим талаар мэдээжийн зүйлсээс шалтгаалдаг гэж: Зорилтоо хэт өндөр тавих, ажил юм ар гэрийн яаж ч болохгүй үүрэг даалгаврууд араас чангаах, амьдралын туршид баримталж ирсэн тааруухан сахилга тийм ч амархан өөрчлөгдөхгүйг ухаарах гэх мэт. Гэхдээ том өөрчлөлт хийх зорилго санаснаар бүтдэггүй илүү суурь шалтгаан бий гэнэ.
Тэр гол асуудал нь шинэ жилийн зорилтыг өнөө л хуучин чи гаргаж буйд байдаг гэнэ. Шинэ зорилт чинь хуучин итгэл үнэмшил, хуучин арга барилаас урган гарч буй гэсэн үг. Жишээ нь та эргэн тойронд буй хүмүүсийн хүсэлт бүрийг биелүүлэх гэснээсээ болоод илүү бүтээлч байх зорилт тавьж байж мэднэ. Үнэндээ бодлоготойгоор зарим хүнийг урмыг хугалах нь илүү зөв зам байж ч болох...
Ирээдүйн төсөөлөлдөө, ирээдүйн өөртөө төвлөрөх нь одоогийн би-г тань дорой болгож, амьдралдаа сэтгэл ханамжгүй болоход нөлөөлөх гэмтэй. Харин өөрийгөө хувиргах өөр нэг зам бий нь хэн бэ гэдгээ бүрэн хүлээн зөвшөөрөх. Тун сонирхолгүй, тун арга ядсан сонсогдож байна уу. Магад дундаж л нэгэн байна гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа мэт сонсогдож байж болно. Гэхдээ нэрт сэтгэл зүйч Карл Рожерс энэ нь харин ч урвуу нөлөөтэйг “Сонирхолтой парадокс гэвэл би өөрийгөө яг одоо байгаагаар нь хүлээн зөвшөөрч гэмээнэ өөрийгөө үнэхээр өөрчилж чадна” хэмээн хэлжээ. Ертөнц дээр өөрийн оршин буйг зөвтгөхийн тулд өөрийгөө заавал хувьсган өөрчлөх ёстой гэж бодож төсөөлөхөө больсон цагт л чи үнэхээр их ч бай, бага ч бай өөрийгөө өөрчилж эхлэх болно. Өөрийн үнэ цэнийг бодож тооцоолох шаардлагагүй болсноор алдах юмгүй болж ирнэ гэсэн санаа.
Тэгээд Буркеман энэ санаандаа Марк Мансоны дараах тайлбарыг хавсаргаж: "Та өөрийгөө өөртөө итгэлтэй хүн биш гэж, хүмүүсийн дэргэд жаахан биеэ барьсан, баригдмал байдаг гэдгээ хүлээн зөвшөөрвөл харин ч илүү тухтай болгож, бусдын дэргэд биеэ барих нь багасна. Та өөрийгөө шүүхээ больсноор бусад хүн ч таныг шүүх нь багассан юм шиг мэдрэх болно.”
Марк Мансон бас сүүлийн имэйл товхимолдоо ингэж бичиж: “Би хувийн хөгжлийн олон арга техникийг шүүмжилж ирсэн. Харин шинэ жилийн зорилтын талаар муу амлахаас татгалздаг юм. Учир нь бид амьдралаа он жилүүдэд хувааж, хувь шинжээ (identity) он жилээр л тодорхойлдог болохоор оны солигдол дээр өөрийгөө үнэлж цэгнэж, үнэт зүйлсээ эргэж харах нь зүй ёсны хэрэг. Харин би зарим хүн амьдралдаа янз бүрийн зорилт тавихдаа юун дээр алддаг тухай их бичдэг. Энэ жилийн тухайд зорилттой төстэй нэг зүйлийн тухай яримаар байна. Тэр бол ур чадвар. Хүмүүс жил бүр хэр их дасгал хөдөлгөөн хийхээ, ажил дээрээ ямар өөрчлөлт гаргахаа ярьдаг. Мотиваци, итгэл үнэмшил, тууштай байдал гээд л ярьж өгнө. Тэгсэн хэрнээ хэн ч тэр өөрчлөлтүүдийг хийхэд шаардагдах ур чадварын тухай ярихгүй гээч. Хүн өөрт таарах хосоо олох зорилт тавьж болно. Гэвч хүмүүс харилцаа тогтоох, харилцаагаа бэхжүүлэх шинэ чадварт суралцах тухайд барагтай ярьдаггүй. Тэд “Би энэ жил онцгой нэгэнтэй учирмаар байна” гэдэг. Хэн ч "би энэ ажил бусадтай харилцаа холбоо тогтоохдоо илүү сайжирмаар байна", “Би эмзэг байдлаа хуваалцахад суралцаж, алдаа дутагдалдаа эзэн байж сурмаар байна” гэдэггүй. Тэр чинь ч бас ур чадвар шүү дээ. Энэ мэт чадварыг цаг хугацаа зарцуулан хөгжүүлж, туршлагаараа олж мэдэж, хичээллэж сургуулилж байж олж авдаг.
Тэгэхээр миний асуулт бол “Та энэ жил ямар ур чадваруудыг хөгжүүлэхийг хүсэж байгаа вэ?"
"2022 онд та хэн байхыг хүсэж байгаа вэ?” биш шүү.
Харин “Та 2022 онд юу хийх юм бэ?”
Бодууштай санаанууд байгаа биз? Оливер Буркеманы хэлсэнчлэн, хүн өөрийнхөө одоогийн хувилбарыг, алдаа дутагдал, төгс бустай нь хүлээн зөвшөөрөх нь хамгийн хүчтэй өөрчлөлт болж мэдэх юм шүү. Товшлол бичээч миний бие 2022 онд өөрийгөө болон аливааг бодитоор хүлээн зөвшөөрч, бодитоор үнэлж цэгнэхэд анхаарна аа. Бас одоо цагтаа илүү төвлөрнө гэж бодож байна.
ДАЖГҮЙ
Өнгөрсөн зун Apple Music-ийн хэрэглэгч болоод хөгжим нэлээн сонсдог болжээ. 2022 оны плэйлистээ гаргах гээд сошиал дээр асуухнээ хүмүүс бас гоё дуунууд санал болгож байна лээ. Илүү beat-лэг, DJ-лэг хөгжим миний 2022 оныг тодорхойлох дог шүү. Заримаас нь хуваалцъя:
Great Spirit - Armin van Buuren & Vini Vici
Bright Lights - Thirty Seconds to Mars
Mystery Lady - Masego & Don Toliver
After Dark - Mr.Kitty
Feeling Good - Avicii
Сүүлийн үед Монголын шинэ үеийн хөгжмийн ертөнц маш лаг болчихсон юм шиг санагдаад байгаа.
All Night - Amra & Panchi (Амратай юу ч ярихав дээ)
Modod - Batuh & Ujin (Од гээд дуугаар танилцсан Батухын гоё шинэ дуу гарчээ)
Lover - The Logos & Man on the Moon (Man on the Moon гэж мундаг артист байх шиг байгаа юм аа)
БУУХИА
Unread: Атаархлын жагсаалт 2021
Unread: 2021 оны онцлох номууд
Posted: Б.Улаанхүү: Вакцин хийлгэсэн л бол өвдөхгүй, эсвэл биед вирус халдахгүй гэсэн үг биш – Турк улсад ажилладаг дархлаа судлаачийн ярилцлага