Ганзогийн товшлол #29: Шийдвэр гаргах аргууд, SocialPay, УБ-ын хамгийн таатай оффисууд
Сонирхолтой, мэдүүштэй, шинэ санаануудыг хуваалцах зорилготой хоёр долоо хоног тутмын товшлол. (Товшлол = Товших + Товчлох)
За өнөө гайхал Ковидыг чинь залгиад гэртээ суусан. Гайгүй хөнгөн тусах шиг боллоо. Гэрээс гарах хугацаа дөхөж байна. Вакциндаа талархмой.
САНАА
Товшлолдоо шийдвэр гаргалтын тухай нэг их хуваалцаж байгаагүй юм байна. Алдартай, сэтгэгч хүмүүсийн шийдвэр гаргахдаа ашигладаг аргууд буюу “mental model”-ууд гэж байдаг. Ийм гурван аргын талаар нэг нийтлэл харснаа орчуулж, жаахан баяжуулан хүргэж байна.
#1 First principle thinking - Сууриас нь эхлэн задлах аргачлал
Элон Маскийн хувьд “first principle thinking” гэсэн зарчмыг шийдвэр гаргахдаа баримталдаг. Энэ нь аливаа асуудал/шийдвэрийг суурь хүртэл нь задлах арга юм. Жишээ: SpaceX-ийг байгуулахаасаа өмнө Маск Орос руу пуужин худалдаж авахаа явсан билээ. Тэнд ажил нь ер бүтээгүй ч толгой гудайхын оронд тэр буцах нислэгийнхээ туршид хүснэгтэн дээр пуужин хийхэд шаардлагатай бүх материалуудын зах зээлийн үнэ, угсрах ба хөөргөх зардлуудыг бүгдийг жагсаан тооцоолол хийсэн байдаг. Ингээд Маск өөрсдийн гараар пуужинг тэгээс нь эхлэн бүтээх нь худалдан авахаас хямд тусах юм байна гэж дүгнэжээ. Ингэж SpaceX бий болсон түүхтэй.
Маскийн өөрийн үгээр жаахан тодотгоё л доо: "Бодож сэтгэх нэг сайн арга байдаг гэж боддог. Физик л юм даа, нэг талаар. Ямар ч зүйлсийг задлаад, нарийсгаад үзвэл суурь үнэнүүд, суурь шалтгаанууд гэж байдаг. Энэ нь харьцуулан бодож сэтгэхээс ялгаатай. Бид амьдралынхаа ихэнх хэсэгт, бодож сэтгэхдээ дандаа харьцуулалт хийж явдаг. Нэг ёсондоо бид үргэлж л бусдын хийдэг зүйлсийг бага сага өөрчлөөд л хуулбарлаж явдаг."
Өөрөөр хэлбэл, энэ аргачлал нь одоо өөрийн мэддэг гэж боддог зүйлсийг, одоогийн ойлголт таамаглалуудаа эргэн хараад, шинэ мэдлэг, шинэ шийдлийг бүр эхнээс нь бүтээх тухай ойлголт юм.
#2 Inversion - Урвуу аргачлал
Inversion-ий тодорхойлолт нь тун энгийн: Муу үр дүн ямар байхыг төсөөлөх нь сайн үр дүнг төсөөлөхөөс хавьгүй хялбар.
Berkshire Hathaway-ийн дэд дарга Чарли Мангерын алдартай үг бий: “Байнга маш ухаалаг байх гэж зорилгүй байнга тэнэг биш байхыг хичээсэн бидэн шиг хүмүүст урт хугацаанд ихээхэн давуу тал үүсдэг нь гайхалтай хэрэг шүү."
Хэрвээ та хэцүү асуудалтай тулгарвал өөрөөсөө “Би энэ сонголтыг хийвэл тохиолдож болох хамгийн муу зүйл юу вэ?” гэж асуу. Тэгээд үзэг цаас гаргаад хариултыг нь бич. Гарч болох хамгийн муу үр дүн чинь тийм ч муу биш шиг санагдвал яагаад тэр сонголтыг хийж болохгүй гэж?
Жишээн дээр аваад үзье л дээ. Та нэг хүнтэй болзож байгаа гэж бодъё. Та түүний сэтгэлийг яаж хөдөлгөх вэ гэдгээ сайн мэдэхгүй байгаа. Гэхдээ таг хөлдүү байж болохгүйгээ мэднэ. Тэгэхээр жигтэйхэн гоё юм хийж сэтгэлийг нь хөдөлгөе гэхийн оронд уулзах бүрдээ хөлдүү мэдрэмжгүй царайлаад байлгүй, жаахан санаачилгатай, жаахан хичээсэн байдалтай байгаад бай. Тэгж гэмээнэ тэр таныг учиргүй түлхчихгүй явсаар нэг мэдэхэд дасаж орхих нь байна.
#3 The regret minimization framework – Харамслаа багасгах аргачлал
Энэ моделийг Амазоны үүсгэн байгуулагч Жефф Безос томьёолсон юм. Түүхийг сөхвөл, тэр Амазоныг эхлүүлэх үү яах вэ гэж шийдэж ядан байх үедээ энэ аргыг ашиглажээ. Безосын ярьсан нь:
"Би дарга дээрээ ороод 'Би яриад байснаараа нөгөө галзуу юмаа хийе гэж бодоод байна. Онлайнаар ном зардаг компани байгуулна' гэсэн. Өмнө нь би энэ талаар түүнтэй янз янзаар яриад байсан юм. Тэгсэн намайг хамт алхъя гэж байна."
Централ Паркт хоёр цаг алхаж ярилцсаны эцэст дарга нь, хэдий бизнес санаа нь дажгүй байгаа ч алдах юм их байгааг нь түүнд ойлгуулжээ. "Тэр намайг эцсийн шийдээ гаргахаас өмнө 48 цаг бодож үз гэж ятгаж дөнгөсөн. Тэгээд би тэр том шийдвэрийг гаргах зөв аргачлал хайж олох хэрэгтэй болсон доо"...
"Би наятай болсон өөрийгөө төсөөлсөн. Наян настай би амьдралаа эргэн харж байна. Тэгээд төсөөлөнгүүт тэр үед харамсаж суух зүйлээ цөөлөхийг хүсэж байгаа юм. Наятайдаа би Амазоныг эхлүүлэх гэж үзээд алдсандаа харамсахгүй байх байснаа ойлгосон. Маш их ирээдүйтэй гэж бодож байсан Интернэт гэх энэ зүйлд гар дүрж үр шимийг нь хүртэх гэж хичээсэндээ би харамсахгүй юм байна. Бүтэлгүйтсэн ч харамсахгүй. Нэг зүйлийг баттай мэдэж байсан минь: би хожим яагаад ер үзээд алдсангүй вэ гэж харамсаж магадгүй юм байна. Тэр шийдвэр намайг хойшид өдөр бүр хэмлэх юм байна гэж бодогдсон. Ингэж бодмогц гаргах шийдвэр маань тун амархан болоод ирсэн дээ.”
Тэгэхээр хэцүү асуудалтай тулгарвал, тухайн зүйлийг хийгээгүйдээ би хожим харамсах болов уу гэж өөрөөсөө асуу.
ДАЖГҮЙ
SocialPay – Саяхан би Голомтын хэрэглэгч болоод SocialPay суулгасан юм. Төлбөр төлөхөд үнэхээр хялбар апп байна лээ, хүмүүсийн ярьдаг үнэн юм байна лээ.
БУУХИА
Unread: "Улаанбаатарын хамгийн таатай оффисууд 2021" жагсаалт
Бид өөрсдийн нэг брэнд контент болсон таатай оффисын жагсаалтаа дөрөв дэх жилээ танилцуулав. Ямар найман байгууллагын оффис шалгарсныг үзээрэй.
TechTalk Ep 1: Crypto гэж юу вэ? - Ч.Ганзориг
Манай Зак нэг цуврал тек подкаст эхлүүлсэн. Эхнийх нь криптогийн тухай яриа болжээ. Зочин DAX-ийн захирал Ч.Ганзориг.