Ганзогийн товшлол #30: Арван дүрэм, Rooted Productivity, Дөрвөн цагийн тал
Сонирхолтой, мэдүүштэй, шинэ санаануудыг хуваалцах зорилготой хоёр долоо хоног тутмын товшлол. (Товшлол = Товших + Товчлох)
Товшлолтой пүрэв гарагаа Богд ууланд гарч эхлүүллээ. Ойрд уулзаагүй зарим найзуудтай хуучлангаа ойрд уушиглаагүй цэвэр агаарт сэтгэл тэнэгэр алхаад бууж ирэв. Агаар салхинд гарах нь хэн хүний амралтын энэ өдрүүдэд гарцаагүй хийх зүйлсийн нэг мөн дөг өө.
САНАА
Би санаа, тэмдэглэлүүдээ Evernote дээр буулгаад явдаг юм. Өчигдөр товшлолын Note-өө жаахан цэгцлэв. Энд тэндээс хуулж тавьсан зүйлс, баахан линк сэлтээ зохих Note-үүдэд нь байршуулж, эмхэлж зохион байгуулав. Би гэдэг хүн ер нь “idea person” юм шиг байгаа юм. Аливаа нэг санаа, ойлголтыг олж мэдэхээрээ, олж нээхээрээ их баясна. Тийм ч учраас товшлолыг сэдсэн биз.
Өчигдөр тэгээд “idea” гэдэг сэдвээр товшдог юм уу гээд байж байв. Тэгсэн хоёр жилийн өмнө бичээд Фэйсбүүктээ хуваалцаж байсан нэг бичвэртэй таарлаа. Ингэж бичиж:
Ganzorig Dolingor, October 24, 2020:
Элдэв шалдав юм хэрэндээ л үзэж харах юм. Молхи оюундаа бодож боловсруулах гэж хичээх юм. Заримдаа тэмдэглэх юм. Заримдаа мартчих юм. Даахгүй нохой булуу хураана гэгчээр заримдаа өөртөө жигтэйхэн шаардлага тавиад, түүндээ түүртээд бүдчих юм. Ялангуяа сүүлийн үед юмыг их хойшлуулдаг муу зуршилтайгаа анзаараад засах гэж аминдаа хичээж байна. Олон жил хойшлуулж ирсэн хүнд ажил, амьдралын асуудлууд их хуримтлагдсан байдаг юм байна. Бодож санаж яваа зүйлсээ товчхон базаад буулгадаг юм уу гээд Evernote-ийн хэдэн хуудсаа эргүүллээ. Ингээд сая хэдэн санаа эмхэтгэв шүү.
10 RULES
Нэг. Яг одоо хийж болох зүйлийг одоо хий. Өнөөдөр буруу шийдвэр гаргасан, алдаа хийсэн байж болно. Гэхдээ яг одоо зөв шийдвэр гарга.
Хоёр. Яаралтай, яаралтай биш бүх л ажилд эцэсцэг (deadline) тавь. Юмс төлөвлөсөн хугацаандаа л хийгддэг.
Гурав. Энэ л эгшинд анхаарлаа төвлөрүүл. Жаахаан санаа тавь. Жаахаан хичээ.
Дөрөв. Эмх цэгцтэй, цэвэрч бай.
Тав. Аминдаа арчаатай байж эрүүл байхад анхаар. Аз жаргал гэж юу вэ? - Судал. Тайван бай.
Зургаа. Strong views, loosely held. Мугуйдалж бүү зүтгэ. Бат нот итгэсэн зүйлсээ үе үе эргэн хар.
Долоо. Бусдын оронд өөрийгөө тавьж бай. Харилцааны жижигхэн асуудал/ээдрээнээс болж юмс гацдаг, амьдрал хүндэрдэг.
Найм. Орлогынхоо дор хаяж 10 хувийг хадгал. 10 талхаар амьдардаг хүн 9 талхаар төвөггүй амь зуучихна.
Ес. Байнга суралц. Хөгжих сэтгэлгээтэй бай. Унш, сонс, үз, ярилц. Давт.
Арав. Цаг үеэсээ ангид байх (урсгалд автахгүй байх), хүмүүсийн хүсдэгийг хүсэхгүй байх… зэргийн талаар хааяа бод. Тэгвэл амьдрал илүү хялбар болж ч магадгүй. Be contrarian sometimes!
Үүнийгээ эргэж санахад таатай байлаа. Миний онцлогийг л тусгасан дүрмүүд юм даа. Нэг санаа, нэг дүрэм бүрийн ард нэлээд их алдаа оноо, үүх түүх бий. Зарим нэгийнх нь талаар товшлолдоо бичиж байж. Жишээ нь зургаадугаар дүрмийн талаар Товшлол #20-д дэлгэрүүлэн бичсэн байна. Заримыг нь ч бага сага өөрчилмөөр санагдах.
Сүүлийн үед мартчихсан байсан нь Кал Ньюпортын "Rooted Productivity" гэх аргыг хэрэгжүүлэх гэж хичээсэнтэй холбоотой. Энэ нь өөртөө хэлэх сануулга, тогтоосон дүрэм, хэрэгжүүлэх дадлуудаа нэг дор бөөгнүүлээд нэг хуудас документ болгох (Калын нэрлэснээр) “meta habit” юм. Тэгээд үүнийгээ хэвлээд 7 хоногийн төлөвлөлтөө хийх бүрдээ эргэн харж нэг уншиж байх хэрэгтэй гэж зөвлөдөг.
Би өөрийн боловсруулсан хуудсанд ийм зүйлсийг багтаасан байдаг юм байна:
–Би ямар хүн болохыг хүсдэг вэ?
–Би сүүлийн үед юу хийхийг хүсэж байгаа вэ?
–Миний суурь үнэт зүйлс
–Миний дутагдлууд
–Миний “төгс” өдөр (Өдрийг хэрхэн өнгөрүүлэхийг хүсэж байгаагаа буулгах)
–Миний “төгс” долооног
–5 жилийн төсөөлөл (Нарийн төлөвлөхөд хэцүү ч гэлээ дэндүү харанхуй байхгүй санаатай л)
–Алсын хараа / Ирээдүйн амьдралын хэв маяг
–Ажлын дүрмүүд
–Дадлууд
Эднийг хүснэгтэлж хоёр багана болгоод дор бүр нь хэдэн юм тэмдэглэсэн байдаг. Тэгээд Калынхаас доорх эшлэлийг нь хуулаад тавьсан:
"Би (a) энэ документ дээрх зүйлсийг дагаж мөрдөнө гэдгээ, (b) эдгээрийг үе үе эргэн харж, юу нь болж, юу нь болохгүйг байгааг, мөн надад юу чухал, чухал бишийг илүү сайн тусган өөрчилж явна гэдгээ амлаж байна."
Юутай ч өөрөөсөө хавьгүй ухаалаг нэг ийм цаастай хүн дээ. Үүнийгээ тэр болгон дагаж чадахгүй, хоолтойгоо хольчихоод байдаг боловч үе үе шагайж харахнээ урдах замыг, хийх зүйлсийг арай тодорхой болгодог билээ л.
ДАЖГҮЙ
Миний хувьд цагаан сар гэхээр бодогддог дуу бол "Дөрвөн цагийн тал". "Монгол тулгатны 100 дуу" цувралаар СТА Г.Бямбажаргал тасархай дуулсан байдаг билээ. Дуучны нүүрийн баясгаланг бас дурдахгүй байхын аргагүй.
"Дөрвөн цагийн тал"-ыг анх Н.Норовбанзад гуай дуулсан гэсэн. Энэ түүний хувилбар.
Мөн Түвшингийн санал болгосон “Шинийн гурван” дууг сонсоод үзээрэй:
Тээр өвлийн тэргүүн сарын шинийн гурваан
Тээр хаврын тэргүүн сарын шинийн нэгээн

БУУХИА
–2022 оноос хүлээх 30 шинэ ном – Монгол хэвлэлийн газрууд 2022 онд ямар шинэ номуудыг эрхлэн гаргах вэ?
–Имэйл бичих зөвлөгөө, 40 өгүүлбэрээр – 40 дэхийг нь над дээр хэрэгжүүлэхгүй байхыг хүсье :)
–Study Hacks – Хэрвээ та оюутан бол Posted дээр манай бичээч Намуунаагийн хөтөлж буй энэ буланг сонирхоорой.
Танд миний илгээдэг Товшлол ба бусад бичвэрүүд таалагдсан бол бусдад санал болгож дэмжээрэй 🤟