Ганзогийн товшлол #31: Яагаад бичих хэрэгтэй вэ, LinkedIn, Ш.Бира
Сонирхолтой, мэдүүштэй, шинэ санаануудыг хуваалцах зорилготой долоо хоног тутмын товшлол. (Товшлол = Товших + Товчлох)
Сарын дараа хэдэн хүнд бичих тухайд нэг жижиг яриа хийх болсон юм. Түүндээ бэлдэх маягаар бичих талаар уншсан дуулсан, туршлагаас мэдсэн зүйлсээ хуваалцаад явъя.
Өнөөдрийн хувьд, бичих яагаад чухал вэ?
САНАА
Бичих = Бодно / Өөртэйгөө ярилцах
Бодохын чухлыг ярих илүүц биз. Хийхийн нэг чухал хэсэг нь бодох байдаг. Тэгвэл өнөөгийн хурдан хэмнэлтэй, сатаарал ихтэй нийгэмд нухацтай бодно гэдэг тун хэцүү болчихсон. Завгүй хүмүүс календарьтаа "бодох" хэмээн төлөвлөж, цаг зоодог уу? Тун цөөн нь л тэгдэг байх. Харин бичих нь төлөвлөхөд ч, хэмжихэд ч амар. Хүн бодохгүйгээр бичнэ гэж байдаггүй болохоор үг холбож утга нийлүүлэх нь бодож сэтгэх, өөрийгөө цэгнэх сайхан боломж юм.
Бичих = Мэдлэгээ системчлэх
Хүн өөртэйгөө ярилцаж, өмнө хойдохоо эргэцүүлэн буулгаснаар тархи толгойгоо цэлмэж, урдах зам илүү тод болно.
Тэгвэл мэдлэгээ системчлэх гэдгийг үүнээс ялгаж бас болох байх. Хүн байнга мэдээлэл цуглуулж байдаг. Харин тэр мэдээллүүдээ нэгтгэж, зохион байгуулалтад оруулснаар системтэй мэдлэгтэй болно. Өөрөөр хэлбэл бичих нь цуглуулсан цэгүүдээ хооронд нь холбох үйл юм. Collect the dots, then connect the dots! Ингэснээр хүн мэдлэг бүтээдэг. Товшлол маань гэхэд монгол хэл дээр шинэ агуулга бүтээж буйн нэг жишээ. Хүн хоол хийж сурмагцаа хоолны сонголтоо нэмэгдүүлдэгтэй адил бичээд эхлэхээрээ хүн авч буй мэдээллээ илүү өргөн болгоно. Товчхондоо, бичих нь ухаанаа тэлэх хурдан арга юм.
Амазоны үүсгэн байгуулагч Жефф Безос нэгэнтээ "Бичдэг хүмүүс сонсдог. Тэд бодол санаагаа өөрчлөхдөө ч сайн. Зөвхөн шинэ мэдээлэл аваад бодол санаагаа өөрчилдөг биш, заримдаа өөрт буй мэдээллийг дахин судалж, дахин шинжилж байж тэгдэг. Өөрийн мэдэлгүй дагадаг өрөөсгөл ойлголтуудад автахгүй байхад ч мөн тэд их анхаардаг" гэсэн билээ.
Бичих = Нөлөөлөх, өөрчлөлт хийх
Бичих нь мөнгөгүйгээр хийж болох хамгийн дорвитой үйлийн нэг юм. Сайн бичээч гэдэг буйдан дээрээсээ л эргэн тойрноо, цаашлаад дэлхий ертөнцийг өөрчилж чадна. Бичсэн зүйл гэдэг сая сая хүнд хүрч болно. Хамгийн амархан татаж болох жишээ гэвэл миний орчуулсан Бэнжамин Франклины намтар байна. Бага залуу Бэнжамин Франклин бичих чадвараа ашиглан тухай хот сууриныхаа хүмүүстээ хэрхэн нөлөөлж, хэрхэн шинэ хүмүүстээ танилцаж, нэр нөлөөгөө ахиулж байсныг тэндээс уншиж болно. Тэрээр ижил сонирхолтой найзуудтайгаа нийлэн "Жүнто" клубийг үүсгэн байгуулж хамтдаа уншиж, хамтдаа эсээ бичдэг байсан нь цааш хөгжсөөр гишүүдээрээ дамжуулан тухайн үеийн Британийн колони асан Америкт нэн шаардлагатай инстүүцүүдийг буюу их сургууль, номын сан, гал унтраах зэрэг олон арван байгууллагыг үүсгэсэн гайхалтай түүх бий.
Хэрвээ та бусдад хэрэг болох зүйлсийг хэлж чадах байгаад, түүнийгээ хэлэхгүй бол юутай хайран. Энэ дэлхийн долоон тэрбум хүн бүгд өөр. Хүн болгонд өөрийн түүх, өөрийн санаа, өөрийн мэдрэмж бий. Түүнийгээ илэрхийлэх нь энэ ертөнцөд өнгө нэмнэ, өнцөг нэмнэ.
Бичих = Танилын сүлжээгээ тэлэх / Боломжид хөтлөх
Энэ бол бичихийн хамгийн чухал давуу талын нэг. Одоо хамтран ажилладаг буюу хүндэлдэг хүмүүстэйгээ би 2000-аад оны дундуур, сүүлээр интернэтээр танилцаж байж. Уундаатай нэг нэгийнхээ блогоор орж гаран танилцаж, найзын найз байсан Закийг блогоос нь бас илүү таниж байлаа. Японд байсан Туги ахтай эхлээд Эмосын номоор, дараа нь блогоор нь танилцаж, Монголд ирэхэд нь хамт ажилласан. Түвшинтэй мөн л тэр үед блогоор танилцаж, түүнээс Бэн Каснокагийн тухай мэдэж авсан. Бэн Каснокагаар дамжин түүний найз Кал Ньюпортыг мөн уншдаг болсон билээ.
Товчхондоо, интернэтэд бичих нь сонирхолтой хүмүүстэй танилцах, сонирхолтой амьдрах сэдэл авах сайн арга. Энтрепренер, автор Дерек Сиверс "Миний уулзаж байсан хамгийн догь хүмүүс намайг бичсэн зүйлээр маань дамжин олсон байдаг" гэж бичсэн нь бий. "Интроверт хүмүүсийн хувьд бичих нь нетвөркинг хийхтэй агаар нэг" гэсэн үг ч бий.
Бичих = Цаг хэмнэх
Бичих нь төвлөрөл шаарддаг. Бичих нь эргээд төвлөрлийг танд өгнө. Тэр утгаараа цагийг тань хэмнэх юм.
Нөгөөтээгүүр санаа бодлоо бичиж буулгах нь аливаа санаа, ойлголтоо "дархалж", өөртөө оюуны капитал үүсгэнэ гэсэн үг. Та аливаа санаа, ойлголтыг бичиж буулгасан бол түүнийг байнга ашиглаж, хооронд нь хольж сэлгэн, насан туршдааг ашиглаж болно. Одоо бичиж буулгаж буй үг өгүүлбэрүүд таны ирээдүйн ажил төслүүдийн үр суулгац болно. Дэвид Переллийн бичсэнээр бол, та алив нэг санааг буулгах тоолондоо оюуны нөөц сандаа нэг тоосго нэмнэ. Олон тоосготой болох тусмаа та төрөл бүрийн зүйлсийг барьж бүтээж чадах билээ.
Бичих = Бусад зүйлсийг хийх гүүр болох
Бичих нь суурь чадвар учраас сайн эзэмшиж гэмээнэ өөр олон зүйлийг сайн хийж чаддаг болно. Репорт бичих, даргадаа имэйл бичих гээд өдөр тутмын олон ажлын, цаашлаад кино, жүжиг, комеди гээд санаагаа илэрхийлэх, бусдад нөлөөлөх олон бүтээлч ажлын үндэс нь бичих байдаг. Бичих ч миний сонирхох зүйл биш ээ, Youtube үзчих амар байдаг юм гэж бодож байвал өнөө цагийн хамгийн алдартай ютүберүүдийн нэг Али Абдаалын хэлснийг санууштай. Тэрээр Youtube-д хөл тавихаасаа өмнө блог бичдэг байсан, бичих нь сайн видео хийхэд нөлөөлдөг хэмээн дурдсан байна лээ.
Бичих = Цаг хугацаагаар аялах
Бичих нь цаг хугацаагаар аялахтай хамгийн ойртох зүйл. Энэ талаар реппэр Кендрик Ламар ийн хэлжээ:
"Хүмүүстэй уулзах үед, хол явж газар үзэхэд, амьдарч байсан хуучин газраараа явахад, таван наст хүүтэй уулзахад гээд төрөл бүрийн нөхцөл байдлаас бүтээл хийх санаа сэдлээ авдаг болохоор би заавал бичиж тэмдэглэдэг. Би тэр зүйлсийг санах ёстой. Би тэдгээр тохиолыг бичиж үлдээгээд хэдэн сарын дараа анх тэр санаа сэдэл төрсөн үед очиж, тэр мэдрэмжийг авахыг хүсдэг. Юунаас үүдэн надад тийм санаа төрөв гэдгийг нарийн судалж санах ёстой болдог. Ийм үед тэмдэглэж авсан цөөн хэдэн үг минь тэр санаа төрөх үеийн мэдрэмжийг эргэн сануулдаг."
Тийм ээ, бид компьютер биш. Бидний одоо мэдэрч буй бүхэн, харсан мэдэрсэн зүйлс төдхөнөө мартагдана. Тиймээс тэр бүхнийг бичиж тэмдэглэх нь цаг хугацаагаар аялан энэ цаг үедээ эргэж ирэх хамгийн дөхөм арга юм.
ДАЖГҮЙ
Энэ долоо хоногт нээрээ LinkedIn хуудсаа шинэчлэв. Нэг үеэ бодвол LinkedIn-д идэвхтэй монгол хэрэглэгчид олон болсон байна лээ. Хүмүүс дандаа ажил карьер, ажил бизнесийн мэдээлэл тавьдаг болохоор сатаараад явчих нь гайгүй. Ажилдаа ямар ажилд гаргасан тухай, хаана ямар боломж байгаа, ямар боломжийг хайж буй тухай мэдээлэл их тавьдаг нь мотиваци авахаар. Мөн Монголд байдаг гаднын хүмүүс, гадаадад сурч ажилладаг монголчууд их идэвхтэй гэдгээрээ бусад платформоос ялгаатай юм уу даа. Арай идэвхтэй ашиглах сэдэл төрсөн.
Миний ЛинкэдИн: Ganzorig Dolingor
БУУХИА
Монгол тулгатны 100 эрхэм - Ш.Бира – Нэрт эрдэмтэн Ш.Бира гуай тэнгэрт дэвшжээ. 2019 оны шинэ жилээр "Номтой өвлийн өвөө" Базарааг дагалдан явж өвгөнтэй нүүр тулан мэндэлж, зургаа татуулж билээ. Ш.Бира гуайн орсон "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийг хэрэг болгон дахин нэг үзлээ. Монголын түүхтэй гэр бүлийн түүх болоод өөрийн ажлаар олон учиг сэжмээр холбогдсон, үнэхээр гашуун хийгээд бахдам амьдралыг туулсан ухаантай хүн байжээ. Аав ээжийгээ ярьдаг эхний хэсэг, Чойбалсантай уулзаж холбогдож явсан хэсэг, тэнгэр шүтлэг, шинжлэх ухаан ба шашин, Рерих, хүү ба эхнэрийнхээ тухай хэсгүүд нь, ерөөс тэр чигтээ үзүүштэй сонсууштай. Үзээгүй хүмүүс заавал нэг үзээрэй гэж хүсэх байна.
The Tim Ferris Show - Cal Newport – “Шифу”-г маань Тим Феррис подкастдаа урьж сайхан ярилцжээ. He finally gave Cal his flowers.
Медиа тойм – UB.Life ба TengerTV-ийн босс Ж.Хулан ийм нэгэн ньюслеттер эхлүүлжээ. Аятайхан имэйл товхимлууд олшрох шинжтэй.
Танд миний илгээдэг Товшлол ба бусад бичвэрүүд таалагддаг бол бусдад санал болгож дэмжээрэй 🤟