Ганзогийн товшлол #32: Бичих чадвараа ахиулах нь, Billions
Сонирхолтой, мэдүүштэй, шинэ санаануудыг хуваалцах зорилготой долоо хоног тутмын товшлол. (Товшлол = Товших + Товчлох)
Өмнөх товшлолд бичих яагаад чухал талаар бичсэн. Тэгвэл энэ удаа хэрхэн бичих тухайд хэдэн санаа хүргэе ээ.
САНАА
НЭГ. УНШ
Бичих чадвараа билүүдэхийн тулд их унших, ялангуяа сайн ном унших хэрэгтэй. Эрэлхийлж унших номууд:
1. Хэл найруулга сайтай номууд: Ихэвчлэн уран зохиолын ном гэсэн үг. Уран зохиолын номоос хүний бодол санаа, сэтгэл хөдлөл хийгээд юмс үзэгдэл, үйл явдлыг хэрхэн дүрсэлж буулгадгийг харж, хүний төрөл бүрийн мэдрэмжид автуулах туурвихуйн ид шидийг мэдрэх болно.
2. Урам зориг, мэдлэг өгөх номууд: Алдартнуудын намтар, сайн баримтат номуудаас хүмүүс хэрхэн хүсэл зоригоо хурцалж, хэрхэн бэрхшээлийг туулж зорьсондоо хүрдгийг олж мэднэ. Үр дүнд нь та өөрийгөө хөгжүүлж сайжруулахыг улам бүр л хүсэх болно. Ертөнцийн ном барагдашгүй, цаг хомс тул гагцхүү сайн номыг л олж уншиж сурах хэрэгтэй. Сайн номыг олж уншсанаар илүү их уншихыг эрмэлзэж, ингэж сайн бичдэг болох сон гэж аяндаа хүсэж мөрөөддөг.
ХОЁР. БИЧ
"Яаж сайн бичиж сурах вэ?" гэх асуултад хамгийн энгийнээр юу гэж хариулах вэ?
–"Бич!" Алх дөш харшуулахгүйгээр хэзээ ч дархан болдоггүйн адил их бичихгүйгээр бичих чадварт суралцахгүй.
ТЭМДЭГЛЭЛ
Өмнө нь ер бичиж байгаагүй хүмүүсийн хувьд тэмдэглэл хөтлөх нь эхлэл цэг байж болно. Өдрийн тэмдэглэл, номын тэмдэглэл гээд төрөл бүрээр бичиж болох.
Заавал унших: Үр дүнтэйгээр тэмдэглэл хөтлөх 14 арга
Гэхдээ өнөөдөр бусдад зориулан бичих тухайд түлхүү хөндье.
БЛОГ / НИЙТЛЭЛ
Юу бичих вэ?
Өөрийн сонирхдог, мэддэг зүйлийн тухай бичиж эхлэхэд болно. Уншсан ном, үзсэн кино, аялсан газар гээд л... Гэхдээ бусад хүн уншиг гээд бичиж байгаа болохоор хүнд хэрэг болох, цагийг нь үрэхгүй байх зүйлс бичихийг хичээгээрэй.
Мөн санаа, сэдвээ хүнд хүрэх эсэхийг нь урьдчилан тандаад бичиж болно. Жишээ нь, хэрвээ Твиттер ашигладаг бол тухайн зүйлийнхээ талаар жиргээ хийж хүмүүсийн хариу үйлдлийг харах, эсвэл сошиал хуудсаараа ийм зүйлийн тухай бичвэл сонирхож унших уу гэж асуух.
Орчуулга – Гадаад хэл гадарладаг бол орчуулга хийж болно. Орчуулга хийнэ гэдэг бичнэ л гэсэн үг. Гагцхүү юу бичих билээ, юу өгүүлэх билээ гэж түдэх, цаг алдах асуудал байдаггүй. Эх текстийг хэрхэн уншихад эвтэйхэн, алдаа мадаггүй буулгах вэ гэдэгт л толгой гашилгана. Өөрөөр хэлбэл, орчуулга нь хүнийг үгийн эрэлд мордуулж, өгүүлбэрийг найруулах, үг оноох том дасгал болдог. Өөрийн сонирхдог сэдвээр, өөрийн дуртай зүйлийн талаар орчуулга хийх нь мэдлэгээ бататгах, арвижуулах, бичихэд суралцах үйл юм.
Яаж бичих вэ?
Юуны түрүүнд цаг гарга. Цагийн хуваарьтаа зоож оруул. Болбол өдөр бүр бич. Бичвэрээ өдөр бүр нийтэл гэсэн үг биш шүү. Өдөр бүр бичих чадвар дээрээ ажилла гэж буй юм. Долоо хоногтоо нэг юм уу сардаа нэг удаа бичвэр/нийтлэлээ нийтэл. Бусдад уншуул. Жэймс Клийр блогтоо хоёр гурван жилийн турш даваа болон пүрэв гарагт тогтмол эсээ бичсээр алдартай автор болох замаа тавьсан байдаг. Миний хувьд товшлолоо хоёр долооног тутамд нийтэлнэ гээд зарлачихсан болохоор түүндээ баригдаж бичдэг.
Бусдад зориулан бичсэнээр тэдний санал сэтгэгдэл, шүүмжийг сонсох боломжтой болно. Чухам ингэснээр л хэр зэрэг бичиж буйгаа, цааш юу хийх хэрэгтэйгээ мэдэх боломжтой. “Хэрэгтэй юм бичжээ", "Бичээд байгаарай" гэх зэрэг үгс үнэхээр их урам өгдөг. Бусдын сэтгэгдлийг сонсдог байх нь тууштай бичихэд тун чухал.
ГУРАВ. СУРАЛЦ
Юуны түрүүнд бичихэд цаг гаргаж эхэлсэн бол, бичиж эхэлсэн бол хамгийн чухал даваагаа давсан гэсэн үг. Эхлэхгүй байх л хамгийн том алдаа юм. Бичиж эхэлж байгаа үед бол хийх нь л хамгийн чухал. Энэ үед чанараас илүү тоонд төвлөрөх хэрэгтэй. Get going, then get good!
Тэр зууртаа бичихэд системтэйгээр, нухацтай суралц. Овоо их бичээд ирэхээр хүний бичлэгийн өнгө аяс, хэв маяг аяндаа тодорч ирдэг талтай. Нөгөө талаас өөрийн хүссэн арга барилыг зориудаар бий болгох ч боломжтой. Жишээ нь, өөрт таалагддаг зохиолчид, нийтлэлчдийн хэв маягийг хуулбарлаж, өөриймшүүлж болно. Мөн хэл шинжлэлийн зах зухаас сонирхож, үгийн улбаа, өгүүлбэрийн бүтэц зэрэг гээд бичихүйн нарийн ширийнд суралцаж болно. Шүлэг бичиж болно. Шүлэг бичих нь орчуулгатай адилаар сэтгэмжээ тэлэх, үг оноох том дасгал болдог.
Өгүүлж буй агуулга, санааны тухайд гэвэл шинэ зүйл, шинэ өнцөг хэлэх гэж хэтэрхий санаашрах хэрэггүй. Шинэ санаа гэдэг байгаа зүйлсээс шинэ хольц үүсгэх тухай асуудал гэдгийг санаарай. Мөн та өөрөө бичиж байна гэдэг чинь л тухайн бичвэрийг оригинал болгож буй хэрэг. Санаатай ажиллах, бүтээлч байдлаа өрдөх тал дээр Остин Клеоны "Steal Like an Artist” хэмээх алдартай ном сайн сурвалж болно. Уг номыг бид "Санаа авахаас бүү ай” нэрээр орчуулан гаргасныг олж үзээрэй.
Мөн бичих ураа сайжруулахад сонирхол нэгтнүүдтэйгээ холбогдож, хүрээллийн нэг хэсэг болох нь нэн чухал. Онлайнаар дуртай нийтлэлч, блоггеруудаа дага. Ингэснээр нэг нэгээсээ харилцан суралцаж, урам зориг авах болно.
ДАЖГҮЙ
Сүүлийн үес үзэж буй тв цуврал – "Billions". Уолл Стрийтийн "гавал" тэрбумтан, эрх мэдлийг тултал ашигладаг улсын прокурор хоёрын үзэлцээн, түүнийг тойрсон адал явдал гардаг. Хоёулаа асар өндөр амбицтай, ялагдахыг тэвчдэггүй. Хүчний тулаан хамгийн дээд түвшиндээ гэсэн үг. Энэ цувралд "reference" (Америкийн соёлоос улбаатай үг хэллэг, нэрс, эшлэл) их гардаг нь зарим хүнд хэцүү байдаг гэсэн. Надад бол таалагдаад байдаг юм.
Цувралыг бүтээгчдийн нэг Брайан Коппелманы талаар уншсан. Ширээний теннисд бүх зүрх сэтгэлээ өгсөн хүн юм байх аа.
Мөн бодит амьдрал дээрх алдартнууд цувралд үе үе орж ирдэг нь сонирхолтой. Өчигдөр үзсэн нэг хэсэг дээр Жоко Виллинк ч явж байх шиг, хаха. Марк Кюбан, Кевин Дюрант, Мариа Шарапова гээд айхтар айхтар одод үе үе үзэгдэнэ гээч.
Танд миний илгээдэг Товшлол ба бусад бичвэрүүд таалагддаг бол бусдад санал болгож дэмжээрэй 🤘
Нийтлэлүүдийг нь унших үнэхээр сайхан байдаг шүү.
Тэмдэглэл бичих зөвлөмжийн холбоосоор ороход мэдээлэл нь байхгүй болжээ.
Маш их баярлалаа. Танд амжилт хүсье✊🙏