Ганзогийн товшлол #4 - 2020/12/11
Сонирхолтой, мэдүүштэй, шинэ санаануудыг хуваалцах зорилготой долоо хоног тутмын товшлолд тавтай морил.
САНАА
Эдийн засагч Тайлер Ковены “Average is over” номдоо бичсэн доорх сануулгыг нь дагадаг авторууд цөөнгүй эшилсэн байдаг юм:
"Глобал эдийн засагт өнөөдөр юу ховор вэ?
1. Үнэ цэнтэй газар ба байгалийн баялаг
2. Оюуны өмч ба юуг бүтээж үйлдвэрлэж болох талаарх зөв зүйтэй санаанууд
3. Онцгой (unique) чадвараар хийсэн чанарлаг ажлууд
Юу ховор биш вэ?
1. Глобал эдийн засагтай нягт холбогдох улс орнууд нэмэгдсээр буй тул ур чадвар шаардаагүй ажлууд
2. Банкин дахь буюу засгийн газрын үнэт цаасаар баталгаажсан мөнгө. Үүнийг ямар нэг өмчлөлийн эрхтэй холбогдоогүй энгийн капитал гэж үзэж болно. (Ийм мөнгө их байдаг ч өгөөж өгдөггүй.)"
Улсаар авч үзвэл, бид глобал эдийн засагт ховор байгалийн баялагтай азтай нөхөд ажээ. Гагцхүү уаантай байж, зөв удирдах л хэрэгтэй. Харин хувь хүмүүсийн хувьд юу чухал вэ гэдэг нь ядах юмгүй харагдана. Оюуны өмч, санаа, ур чадвар чухал аж. Тэхлээр бодол санаа, оюун сэтгэлгээгээ хөгжүүлэх ёстой байх нь. Хоёр дахь ховорт лав Gremix баттай орох байх. Зургаатай хүү маань түүнтэй уулзуулж өгөөч гэж хүсдэг. Бүтээлч байдал, харизмаараа тэр видео контентийн салбарт торойх болсон. Хийсэн контентуудаа эзэмшиж, нөлөөлөл үзүүлж, Youtube-ээс болон бусад хэлбэрээр ашиг олж байгаа. Гэхдээ хүн болгон байнга шинэ санаа дэвшүүлнэ, бүтээл, контент туурвина гэж үгүй.
Бидний дийлэнхийн хийх боломжтой зүйл бол гурав дахь ховрын төлөө буюу онцгой ур чадварыг бий болгохын төлөө явах юм. Үүнийг хийх бүрэн боломжтой. Онцлог, давуу талыг хурцалж зүлгэж чадах л юм бол таныг орлоход хэцүү. Учир нь хүн бүр өөр. Таны оюун санаа, мэдрэмж, туршлагын нийлэмж өөр хэнд ч байхгүй. Иймд оюуны санаагаа хөгжүүлэх, ямар мэдрэмж өндөртэйгөө таних, туршлага хуримтуулах нь гол даалгавар болно. Ингэснээр хүн өөрийгөө орлоход хэцүү нэгэн болгоно. Хувийн монополио бүтээнэ. Өөр өөр чадваруудын ховор нийлэмжийг гарган авч, карьертаа амжилт олж болох тухай "Dilbert" комикийг бүтээгч Скотт Адамс гайхалтай зөвлөгөө өгсөн байдгийг хуваалцъя:
Хэрвээ чи дундаж буюу боломжийн амжилттай амьдралыг хүсэж буй бол нэг их төлөвлөх шаардлагагүй. Асуудалд орохгүй байж, сургуульдаа явж төгсөөд өөрт таалагдах ажлын байруудад өргөдөл гаргаад л гүйцээ. Харин чи өндөр амжилтад хүрье гэвэл 2 зам байна:
1. Нэг зүйлд хамгийн шилдэг нь болох
2. Хоёр юм уу түүнээс олон зүйлд маш сайн байх (топ 25 хувьд багтах хэмжээнд)
Эхний зам нь бараг л боломжгүй гэмээр хэцүү. Маш цөөхөн хүн л NBA-д тоглож, платинум цомог гаргаж чадна. Би хүмүүст үзээд алд ч гэж зөвлөхгүй. Харин хоёр дахь нь харьцангуй амархан шүү. Хүн бүхэнд эхний 25 хувьд багтаж чадах хэд хэдэн ур чадвар байдаг шүү дээ. Миний хувьд өөрийгөө артист гэхэд хэцүү ч би ихэнх хүнээс сайн зурж чадна. Дундаж стэндап комедианыг давах хэмжээнд хошин байж чадахгүй ч би ихэнх хүмүүсээс илүү алиалж чадна. Гол нь маш цөөхөн хүн зураг сайн зурахын зэрэгцээ хошигнол бичиж чаддаг. Миний хийж буй зүйлийг маш ховор болгож буй зүйл бол энэ хоёрын чадварын хослол юм. Тэгээд дээр нь миний бизнесийн суурийг нэмчихвэл би тун цөөхөн комик зураачийн амьдралаараа туулж байж л ойлгох сэдвүүдийг хөндөж чаддаг. Би залуу хүмүүст байнга л сайн ярьж илтгэдэг (топ 25 хувь) болохыг зөвлөдөг. Дасгал сургууль сайн хийвэл үүнийг хэн ч сурч чадна шүү дээ.
Капитализм гэдэг ховор бөгөөд үнэ цэнтэй зүйлсийг урамшуулж шагнадаг. Чи хоёр юм уу түүнээс олон "дажгүй сайн" зүйлсийг өөр хэн нэгэн чадахааргүй түвшинд хослуулснаар өөрийгөө "ховрын бараа" болгох юм. Чиний энэ хольцод харилцааны аль нэг чадвар байх ёстой. Бичгийн юм уу ярианы чадвар гэсэн үг. Эсвэл зарж борлуулах чадварыг дэлхийн хүн амын 75 хувиас илүү түвшинд эзэмш. Хангалттай энерги зарцуулаад топ 25 хувьд багтаж чадах нэг сонирхлоо хөгжүүлээд энэ борлуулалтын чадвараа нэмэхэд л сайн хольц үүсчихэж байгаа нь тэр. Хэрвээ гурав дахь чадвараа хөгжүүлэх хүсэл сонирхол, нөөц боломж байгаа бол гүйцэлдүүл. Тэр нь илтгэх, код бичих, баг удирдах, хошигнох гээд ямар ч чадвар байж болно.
Та ийм гурван чадвар байхгүй маш амжилттай яваа нэгнийг олох гээд үзээрэй. Маш хэцүү шүү.
Эцэст нь, таны тэр гурван чадвар юу вэ?
ДАЖГҮЙ
Хүн хэлэхээс наашгүй гэдэг дээ, чухал зүйлсийг бид өөртөө байнга сануулж л байх хэрэгтэй. Түүний тулд биет сануулга тавих нь үр дүнтэй гэж боддог юм. 00-ийн өрөөндөө, ажлын ширээн дээрээ бичиг цаас наах, за магадгүй зарим нэгэн шиг бугуйндаа шивээс хийлгэх гэх мэтийн өчнөөн л арга байна. Гэвч би бодохоос биш олигтой сануулга тавьж байсан нь тун ховор. Хэд хоногийн өмнө өөртөө сануулмаар буй хэдэн зүйлээ утасныхаа Lockscreen дээр тавьж үзлээ. Утсаа нээх бүрд харагддаг нь наддаа лав тун сүрхий нээлт шиг санагдлаа. Note дээр бичээд л screenshot хийчихсэн. Хэсэг явж байгаад хайхрахаа больчихгүй л бол тун дажгүй.
БУУХИА
- @Tuvshin77 - Коронагаас авах сургамжуудын талаар цуврал жиргээ
- Every Successful Relationship Is Successful for the Same Exact Reasons: "Хосын харилцаанд хамгийн чухал зүйл бол харилцаа холбоо биш хүндлэл юм" гэсэн хэсэг нь анхаарал татлаа.
Товшлол маань таалагдсан бол та бүхэн сошиал медиа дээр хуваалцаарай.