Ганзогийн товшлол #6 - 2021/01/03
Сонирхолтой, мэдүүштэй, шинэ санаануудыг хуваалцах зорилготой долоо хоног тутмын "Ганзогийн товшлолд" тавтай морил.
Шинэ оны анхны товшлолоо илгээж байна. Өнгөрсөн оны эцсээр товшлолыг сэдээд таван удаа явуулжээ. Энэ товхимол маань 2020 онд миний аливааг хийх гэж их хойшлуулдгаа овоо ухаарсны, түүнийгээ засах гэж хичээсний нэг үр дүр байлаа. Гэхдээ муу зан амар засагдахгүй юм билээ. Юутай ч иймэрхүү булан, товхимолтой болъё гэж удаан бодож яваагаасаа залхаад нэг л өдөр за больё гээд суусан байдаг юм. Бас сүүлийн үед ньюслеттер буюу имэйл товхимлоос мэдээлэл их авах болсонтой холбоотой юм. 2021 онд товшлолоо тууштай бөгөөд цаг хугацаанд нь бичиж байх зорилт тавья даа.
САНАА
Оны өмнөхөн гарсан Гэрэгийн "The Big Idea" сэтгүүлд Л.Өлзийтөгс найрагчийн ярилцлага гарсан байна. Түүний хэлсэн нэг үг сэтгэлд ойр туссан нь:
"...Уг нь чи шинэ номыг минь уншчихаад ярилцлага авсан бол зүгээр байж. Гэвч сэтгүүлчид ямагт цаг хугацаанд баригдаж явдаг азгүй хүмүүс (инээв) учраас ойлгож байна аа. Би ч та бүхний "өрөөсөн дугуй" байсан хүн шүү дээ. Цаг хугацаанд хавчигдах үедээ сэтгүүлч хүн ямар их алдаа хийдгийг, бас цаг хугацаанд баригдсаны хүчээр л ямар их зүйл хийдгийг сайн мэднэ..."
Нээрээ л бид чинь байнга цаганд хавчигдаж, бичвэрээ гаргах гэж яарч байдаг улс. Үнэндээ тэгсний хүчинд л эргээд харахад багагүй зүйлийг амжуулсан байдаг юм билээ. Энэ ташрамд Unread-ийн багийнхандаа талархаж, бас шинэ онд амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсье.
Эцэсцэг (deadline) гэдэг ийм хүчтэй. Паркинсоны хууль гэж нэг ойлголт яваад байдгийг товчоор тодорхойлбол:
"Аливаа ажил өгөгдсөн хугацаандаа л хийгддэг."
Ухаан нь бид нэг ажлыг жилийн дотор хийх үүрэг хүлээвэл яг л жилийн ой дээрээ биелүүлнэ, гурван сарын дотор хийх ёстой болбол гурван сардаа амжуулаад л хийчихдэг гэдэг санаа. Оюутан байхад шалгалт дөхөхөөр л ухаан мэдрэлгүй суудаг даа. Паркинсоны хууль ерөөсөө л тийм аж.
Өнгөрсөн жил бид Wired-ийн үүсгэн байгуулагч, интернэт дэх хамгийн сонирхолтой хүмүүсийн нэг Кевин Келлигийн 68 насныхаа төрсөн өдрөөр бичсэн "68 зөвлөгөө"-г орчуулсан. Тэдгээрийн нэг нь:
"Аливаад үргэлж эцсийн хугацааг товлож бай. Эцэсцэгтэй байснаар илүүдэл зүйлс хийгээд энгийн үлбэгрээс ангижирна. Ингэснээр чи хийж буй зүйлээ хэтэрхий төгс болгох гэж тэмүүлэлгүй, гагцхүү өөр болгох учиртай. Төгс байх гэж тэмүүлснээс өөр байх нь, өөрөөр хийх нь хавьгүй дээр."
Үүнийг бодож өнгөрсөн жил хийе гэж бодсон зүйлсээ улирал улирлаар нь хувааж хийх гэж хичээсэн юм. Гэхдээ үнэндээ нэг их амжилттай болоогүй л дээ. Улирал улирлынхаа төгсгөлд эргэж дүгнэх нь л чухал юм билээ. Ямар ч байсан оролдох нь оролдсон, энэ жил төлөвлөлтөө сайжруулж зүгшрүүлэх гэж хичээнэ. Та бүхэн ч гэсэн 2021 онд тавьсан зориултууддаа эцэсцэгийг нь тавиад, араас нь яваад үзээрэй. Угийн л тэгж ажилладаг бол гараасаа бүр ч ихийг гаргах боломжтой гэсэн үг.
ДАЖГҮЙ
Цаг үе нь хэцүү таарсан ч эргээд бодоход 2020 он миний хувьд ерөнхийдөө дажгүй ээлтэй жил болж өнгөрчээ. Гэхдээ жилийн тойм дүгнэлтээ (annual review) тухтай хийж завдаагүй л байна. Дараагийн товшлолдоо хуваалцах санаатай. Тиймээс энд ганц хоёр зүйлийг товчхон дурдъя.
Долоодугаар сард Алтай Таван Богдыг зорьсон аялал маань энэ жилийн нэг онцлох явдал байв. Адал явдалтай явсан энэ аяллынхаа тухай ийм тэмдэглэл бичсэн. Магад би тухлаг орчноосоо гарч, аз сорих сонирхол багатай хүн байж мэдэх. Дүлэгнээд байсан намайг явъя гэж уруу татсаар байгаад авч авсан Закдаа дараа нь баярласан шүү.
Тэгээд 2020 онд голдуу Netflix-ээс үзсэн тв цувралуудаа хуваалцъя:
Үзсэн:
-Bodyguard
-Inside Bill's Brain: Decoding Bill Gates
-Peaky Blinders
-The Crown
-Queen’s Gambit
-Barbarians
-The Last Dance
-Roman Empire
-Naked Director
-Kingdom
-Vikings (6-р бүлэг)
"Money Heist", "Stranger Things" хоёрын гуравдугаар бүлэг дээр гацсан, хэхэ. Нэг л сонирхолтой татахаа больчихсон шүү. "Borgen"-ийг эхлүүлээд хэдэн анги үзсэн, аятайхан санагдсан. David Letterman-ий ток шоу, "Comedians in Car Getting Coffee" зэргээс хааяа нэг хоёр дугаар үзэхэд дажгүй байв. За тэгээд Breaking Bad, yo! Дахиад эхлүүлсэн. Зарим үдэш тархи толгой бүр ядраад гөлийчихсөн, юу ч хиймээргүй, үзмээргүй, уншмааргүй санагдаж, бас унтахад арай эрт санагдах үед энийгээ тавьчихаж байгаа юм. Breaking Bad яагаад ийм гоё, ийм сайн цуврал юм бэ!
Уншсан номуудаа гоё цэгцэлж тэмдэглэе гэсэн боловч амжаагүй яваагийн дээр бас их олон ном эхлүүлчихээд дуусгаагүй байна лээ. Тэгэхээр уншсан гээд бичилтэй нь биш. 2021 онд хэтэрхий олон ном зэрэг барьж авалгүй арай цэгцтэй эрэмбэтэй унших хүсэл байна. Бас өмнө бичсэнчлэн сонгодгуудаас барьж авах зорилготой.
За тэгэхээр Walter White-ийн хэлсэнчлэн 2021 онд Let's "apply yourself" :)
БУУХИА
Unread: Атаархлын жагсаалт: 2020 оны онцлох нийтлэлүүд
Монгол нийтлэлүүд уншъя гэвэл сонирхоорой.
Oliver Burkeman: Wisdom for 2021
Бодууштай сануулгууд: "The days are more fun than the years which pass us by while we discuss them. Act with zest one day at a time, and never mind the rest."
Austin Kleon: 100 things that made my year (2020)
Хийсэн, таашаасан, мэдэрсэн том жижиг зүйлсээ жагсаах нь өнгөрч буй жилийг дүгнэх бас нэг гоё арга шиг санагдсан шүү.
New York Times: Times Critics’ Top Books of 2020
Товшлол таалагдвал та бүхэн сошл медиа дээр хуваалцан түгээгээрэй. Тэгвэл их урам авдаг юм шүү :)