Ганзогийн товшлол #8 - 2021/01/15
Сонирхолтой, мэдүүштэй, шинэ санаануудыг хуваалцах зорилготой долоо хоног тутмын "Ганзогийн товшлолд" тавтай морил. (Товшлол = Товших + Товчлох)
САНАА
Хүнийг хамгийн ихээр урамшуулдаг, үргэлжлүүлэх сэдэл төрүүлдэг зүйл бол гаргаж буй ахиц дэвшлээ харах байдаг. Тийм болохоор хугацаа шаардах том төсөл, төслүүдийн ард гарах хэзээд хэцүү. Оруулж буй хувь нэмрээ баримжаалж чадахгүй бол, үр нөлөө гаргахгүй байгаа мэт санагдвал хүн ажлаас зайлсхийх, залхах хандлагатай байдаг.
Эхэлсэн юмаа дуусгах нь, жагсаалтаасаа хасах нь хүнд ханамж өгдөг учраас хүн амархан хийчих, дуусгачих зүйлсийг хийх гэдэг. Үүнийг "Completion bias" гэж нэрлэдэг гэнэ. Сошиал медиа аппууд ч нэг ёсондоо бидний энэ хандлагад дөрөөлөн улам донтуулж байдаг. Фэйсбүүк, Твиттерт ирсэн олон сонордуулгаа (notification) шалгаж, юу юу болоод өнгөрснийг үзэж байж л бид санаа амардаг шүү дээ.
Үүнээс гадна технологи буюу дижитал хэрэгслүүд бидний жижиг сажиг зүйлсэд гаргаж буй ахицыг харуулдаг боловч үндсэн, гол ажилдаа гаргаж буй ахицыг нуудаг гэнэ! Ойлгомжтой жишээгээр тайлбарлая л даа. "Word" дээр юм бичлээ гэхэд бичсэнээ устгах шиг амархан юм үгүй. Гараар юм уу бичгийн машин дээр бичлээ гэхэд нэг товч дараад л устгачих боломж байхгүй, эрээн цаастайгаа эргэж зууралдах ёстой. Өмнөх нооргууд хийгээд эцсийн хувилбараа харвал ямар их ажил орсон нь, хэр сайжирсан нь харагдана. Харин "Word" дээр нэг хуудас бичвэр гаргах гэж баахан ажил болсон нь харагдахгүй ба жаахан юм хийх гэж асар удлаа гэж өөрийгөө зэмлэх шалтгаан болж ч мэднэ. Ерөөс бидний хийж буй бүх л ажил компьютер дээр явж байдаг. Махаа идэж ажилласан файлуудаа, презентацуудаа бид тэр болгон харж, санаад байдаггүй шүү дээ. Ахиц дэвшлийг технологи нэг талаар нуучихаад байгаа нь тэр.
Тэгэхээр ахиц дэвшлийг нүдээр харж мэдэрч байх нь тун чухал юм. Оюуны ажил эрхлэгчдийн хувьд боловсруулж буй бичиг цаасаа хэвлэж тавих, ханандаа наах, ханын юм уу ширээний календарь хөтлөх, дэвтэр дээр бичиж тэмдэглэх зэрэг нь үүний шийдэл болох боломжтой. Холливудад ажилладаг кино зохиолч Жефф Стокуэлл Unread-д өгсөн ярилцлагадаа ингэж ярьж билээ:
"Би ажлын өрөөний ханан дээрээ индекс картууд өлгөдөг. Тухайн өдөр санах, бодох ёстой үзэгдэл, үйл явдлуудыг өнгө өнгийн картаар гаргаад тавьчихдаг юм. Түүнийгээ хараад ямар хэсэг дээр, ямар дүр дээр ажиллах ёстойгоо амархан санадаг."
Ахицаа хардаг гэдэг утгаараа дадал бүртгэдэг апп ч зүгээр л дээ, гагцхүү тууштай ашиглаж чадвал.
Гол санаа нь та бид хийж буй ажилдаа ахиц гаргаж буйгаа байнга харж мэдэрдэг бол цааш үргэлжлүүлсээр байна, ард нь гарч чадна. Түүний тулд юуг ахиц гэх вэ гэдгээ тодорхойлж, түүнийгээ бүртгэж тэмдэглэх, тэгээд байнга харж мэдрэх орчин нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй юм.
ДАЖГҮЙ
Товшлол болоод бүх текстээ буулгадаг, ер нь хамаг мэдээллээ хадгалдаг Evernote-ийгөө байнга магтаж, санал болгож явдаг даа. Өчигдөр "Home" гэдэг шинэ цэстэй болж. Хэрэглэдэггүй бол нэг туршаад үзээрэй. "Evernote - Таны цахим санах ой" гээд нэлээн дээхэн бичиж байж.
БУУХИА
Writing English as a Second Language
Унаган англигүй хүмүүсийн заавал унших ёстой эсээ гэж боддог доо.
Би хэрхэн ажилладаг вэ? - Хүний эрхийн хамгаалагч Б.Болорсайхан
Манай иргэний нийгмийн нэг гол төлөөлөгч залуугийн ажил, арга барилтай танилцаарай.