Ганзогийн товшлол #9 - 2021/01/23
Сонирхолтой, мэдүүштэй, шинэ санаануудыг хуваалцах зорилготой долоо хоног тутмын товшлолд тавтай морил. (Товшлол = Товших + Товчлох)
САНАА
Болушкагийн дээрийн нэг жиргээг хадгалж авчээ.

Элдвийн юм саваагүйтэж унших гэдэг маньд бол чимэгтэй л үг санж. Юу таашаана, тэр чинь эргээд таныг (тодорхой хэмжээгээр) илэрхийлнэ гэсэн санаа болов уу.
Саяхан “The Book Cafe of Mongolia” групп дээр нэгэн уншигч Монтэнийн намтар болох “Хэрхэн амьдрах вэ?” номын тухай гярхай ажиглалт бүхий сэтгэгдэл бичжээ. Ингэж:
"Эндээс надад Монтэнийг хүлээж авч түүнийг нь биширч уншдаг уншигчид нь түүнтэй дүйцэхүйц мундаг санагдаж байгаа юм. Үүнтэй адил философичдийн хэлсэн ганц үгийг ч мундаг том философи гэж харан философидож байгаа хүмүүс надад үнэлүүштэй санагддаг гэх үү дээ.”
Түүнтэй дүйцэхүйц гэдэг нь бага зэргийн халил гэвэл үндсэндээ өмнөх санаатай агаар нэг. Юу таашаана, тэр таны оюун санаанд шингэнэ, бодол үүтгэнэ, таны нэг хэсэг болно. Энэ санаанд ер их тайлбар хэрэггүй мэт санагдана.
Үүнтэй уялдаад Жэймс Клирийн нэг жиргээ санаанд орсон нь:
“Твиттер (сошиал медиа) дээр дагах хүнээ сонгохдоо та ирээдүйн бодлуудаа сонгож байдаг.”
ДАЖГҮЙ
Ойрдоо улс төр халуухан байна шүү. Түүнтэй зэрэгцэн "Borgen" цувралын эхний бүлгийг үзэж дуусгав. "Borgen" гэдэг нь Данийн засгийн ордны албан бус нэр. Энэ цуврал Данийн анхны эмэгтэй ерөнхий сайдын улс төр, амьдралыг өрнөдөг. Улс төр, улстөрчдөд тулгардаг бүх л юм гарах ба "House of Cards" мэтийг бодвол амьдралд илүү ойр. Засагтай зуузай холбох медиа салбарын тухай их өгүүлдэг нь сонирхолтой. Улс төрийн цувралууд дундаа ч үнэлгээ өндөртэй ажээ.
Бас нэг дажгүй: Өнгөрсөн жилийн наадмын “Төрийн хүндэтгэлийн концерт”-ыг хэд хуваагаад сонслоо. Жанцанноров гуайн тайлбартай болохоор аятайхан юм. Монголын хөгжмийн зохиолчдын тухай сонирхолтой мэдээлэл өгч байна. Би нэлээн дээхэн Монголын зарим сонгодог хөгжмийг энд бөөгнүүлэх гэж оролдсон байдаг юм. Гоё хөгжим байвал санал болгоорой.
БУУХИА
8 минутын улс төр #7 - Posted.mn дээрээ бид 14 хоног тутмын ийм товхимол хийж байгаа. Улс төрийн амьдралд өрнөсөн үйл явдлуудыг онцолж хураангуйлахын сацуу улс төрд яваа залуучуудыг танилцуулах, үндсэн хуулийн тайлбар хүргэх гэх мэт жижиг булантай. Дугаараас дугаарт сайжруулахыг хичээж байна.
Орчуулагч Б.УНДРАХ: Олон орны зохиолч, зохиолыг уншигчдад нээж өгөхийг хүсэж байна - "Монсудар” хэвлэлийн газрын редактор, орчуулагчийн яриа
Баярлалаа. Сайн сайхан бүхнийг хүсье✊💪🙏