Өдрийн мэнд.
Өмнөх товшлолдоо би нэг жижиг “төсөл“ хийх гэж байгаагаа дурдсан аа даа. Өнөөдрөөс эхлэн энэ зуныг дуустал даваа гараг бүр англи хэлээ сайжруулах сэдвээр нийтлэл бичихээр болсон. Гэхдээ пүрэв гарагийн товшлолоос ялгаатай нь энэ нийтлэл ньюстлеттерийн уншигч бүрд очихгүй, зөвхөн уншихаар сонгосон хүмүүст хүрэх юм. Энэ бичвэрийн төгсгөлд нарийн мэдээллийг хуваалцъя.
Тэгэхээр яагаад ийм зүйл сэдэх болов? Чухам юун тухай бичих гэж байгаа юм бэ?
Хоёр зорилго агуулсан гэж болно. Эхнийх нь англи хэл сурах явцдаа олж авсан зүйлсээ батжуулах, өөртөө сануулахыг хүсдэг зүйлсээ эмх цэгцтэй буулгах. “Уншихыг хүсдэг номоо өөрөө бич” гэдэгчлэн өөрт минь ингэж зааж сургадаг байсан ч болоосой гэсэн зүйлсийг өгүүлэхийг эрмэлзэнэ. Хүмүүст тайлбарлах нь тэдгээрийг илүү судлах, илүү ойлгоход түлхэц болох байх.
Хоёрдугаарт, бичих зүйлс маань зарим хүнд хэрэгтэй санаанууд өгнө, эргэлзэж тээнэгэлздэг зарим зүйлсдээ хариулт олоход нь тусална гэдэгт итгэж байна. Би англи хэлийг 8, 9-р ангиасаа идэвхтэй сурч эхэлсэн гээд бодвол одоо 17-18 жил үзэж байгаа юм байна. Дунд сургуульд хэлний сургалт тун тааруу байсан ч азаар ESP гэх англи хэлний курст 1, 2 жил яван дүрмийн сууриа нэлээн сайн тавиулж байв. Түүнээс хойш бие дааж, голдуу юм унших байдлаар англи хэлээ сайжруулж ирсэн. Англи хэлнээс ном орчуулах ажил олон жил хийсэн ч тэр нь унших, үгийн баялаг нэмэх зэрэг зарим чадварыг л хөгжүүлсэн байх. Өөрөөр хэлбэл ийм олон жил үзсэн гэхэд би өөрийнхөө англи хэлийг голдог юм. Ярих тал дээр олон жил дадлагагүй явсан нь илт мэдрэгддэг бол бичих тал дээр өөртөө нэлээн амбицтай зорилт тавьж түүндээ түүртэх нь бий. Энэ хандлага маань АНУ-д магистрт суралцахаар ирснээр сэдэрч, англи хэлний тухай илүү нухацтай бодоход хүргэж, улмаар ийн энэ сэдвээр бичих, хуваалцах сэдэлд хүргэсэн хэрэг л дээ. Миний удаан, мартамхай байдал + перпекшинист хандлага + англи хэлийг гүнд нь орж сайн суралцах хүсэл + хүнд хэрэгтэй агуулга хүргэх тэмүүлэл гэсэн хүчин зүйлс буюу миний зан араншин, хүсэл эрмэлзлүүдийн нийлбэрээс энэ санаа төрсөн гэхэд болно.
Мэдээж уншигчид дунд маань сайн англи хэлтэй хүмүүс олон байгаа байх. Би тэднийг бус дараах хүмүүсийг санаандаа төсөөлөн нийтлэлүүдээ бичнэ:
—багагүй хугацаанд англи хэл сурч байгаа ч ахиц дэвшилдээ сэтгэл хангалуун бус байгаа хүмүүс;
—англи хэлээ үсрэнгүй дээшлүүлэхэд хэрэг болох арга техникүүдтэй эртхэн танилцахыг хүсэж байгаа хүмүүс;
—англи хэл нь ямар түвшинд байгаагаас үл хамааран урт хугацаанд өндөр түвшинд эзэмшихийг хүсдэг хүмүүс.
Ямар агуулга бичих вэ?
Би “Англи хэлээр бичих 4 дүрэм” товшлолдоо, хэрхэн бичих тухай олон ном бичсэн, Колумбиагийн их сургуулийн багш Уиллиам Зинссерийн олон улсын оюутнуудад зориулан тавьж байсан илтгэлийг хураангуйлан орчуулж байв. Зарим нь санаж байвал тэр илтгэлд англи хэлний тун сонирхолтой деталиуд байдаг. Яг тэр нийтлэлд дурдагдсан санаанууд шиг энд тэнд тэр болгон таараад байдаггүй зөвлөгөөнүүд, өөрийн туршлагаас олж авсан санаанууд, ажиглалтууд, өөрийн туршсан хийгээд бусдын хуваалцсан зөв зүйтэй арга стратегиудаас хуваалцах хүсэлтэй байна.
Индианагийн их сургууль олон гадаад хэл заадгаараа АНУ-даа өнгөлдөг юм билээ. Монгол хэлний сургалт олон арван жил орж буй, монгол судлалын уламжлал арвинтай сургууль. Энд би монгол хэл судалдаг хэл шинжээч америк залуутай танилцан найзууд болсон юм. Бид хоёр долоо хоногтоо нэг уулзаад англи монгол хэлээр сөөлжлөн ярилцаж, нэг нэгээсээ асуулт асууж, аль аль хэлнийхээ онцлогуудын тухай ярилцдаг ба тэр ярилцлагуудад хөндсөн сонирхолтой санаануудаас хуваалцахыг зорино.
Яг одоо би Билл Брайсоны “Mother Tongue” номыг уншиж байна. Англи хэл яаж өнөөгийн нөхцөл байдалдаа хүрч ирэв гэдгийг энгийн хэлээр сонирхолтой хүүрнэсэн байна лээ. Эндээс жишээ нь англи хэлний дүрмийн бус зүйлс, өвөрмөц онцлогуудын тухай олон зүйл мэдэх жишээний. Хичээл амарсан болохоор дуртай эсээч И.Би.Вайтынхаа номуудаас болж өгвөл өдөртөө 15 минут хуулан бичлэг хийж сууна. Мөн эхнэр хүүхэдтэйгээ англиар ярилцан орчин бүрдүүлэхийг хичээх гэх мэтээр янз янзын л юм туршиж байна. Энэ бүгдээс хуваалцах жишээнүүд, хөндөх санаанууд цөөнгүй гарна байх аа.
Одоогийн байдлаар 3 сар бичиж, 12 нийтлэл хүргэх төлөвлөгөөтэй байна. Зарим нийтлэлийн сэдвээ энд хуваалцвал:
Сэдвүүд
Актив ба Пассив суралцахуй
Үг цээжлэх, үгийн баялгаа нэмэх арга стратегиуд
Phrasal verbs-ийн тухай
Англиар сэтгэдэг болох нь
Хэрхэн сурахад дөхөмтэй орчин үүсгэх вэ?
Хэл сурах процессоо хэрхэн зугаатай, сонирхолтой болгох вэ?
Ашиглавал зохилтой чухал хэрэгслүүд (дижитал болон бусад)
Дуртай үгсээрээ “урын сан” бүрдүүлэх нь
Англи хэлний онцлог, давуу талуудын тухай
Өөрийгөө англи хэлэнд бүрэн булхах аргууд
Түүнчлэн, нийтлэл бүрдээ би нэг зочин уриад англи хэлээ сайжруулсан арга стратегиудаас нь танилцуулна. Эхний зочноор, Фулбрайтын тэтгэлгээр надтай хамт нэг сургуульд сурч буй Ц.Мөнхжинг урилаа.
Зочин: Ц.Мөнхжин
LinkedIn: Munkhjin (Jinji) Tserennadmid
Англи хэлний чадвараа ахиулсан гол аргууд?
”Би англи хэлийг COVID-19 гарахын өмнөхөн эрчимтэй үзэж эхэлсэн. Дунд сургууль болон их сургуульд дүрмээр нүдүүлж, пассив аргаар сурсан тул ярих, бичих чадвар тааруу, хэлээ бодитоор хэрэглэхдээ маруухан байв. Ажил дээр гараад хааяа гадаад хүмүүстэй харилцах, имэйл бичих хэрэгцээ гарч эхэлснээр арай идэвхтэй ашиглах болсон. Тэгээд гадагшаа тэтгэлэг авч сургуульд явъя гэж зорьсон. IELTS-ийн оноогоо ахиулах, тэтгэлэгт материал явуулах гэх мэтийн зорилго тавьчихаар түүндээ баригдаад улам хичээж эхэлдэг юм билээ.
Энэ үеэс UB Toastmasters-ийн идэвхтэй гишүүн болсон юм. Энэ нь англи хэлний ярианы чадварыг дээшлүүлэх зорилготой, дэлхийн 148 оронд 14200 клубтэй олон улсын ТББ л даа. Клубийн гишүүдээс долоо хоногтоо 2-4 нь олны өмнө 7-10 минутын илтгэл тавьж, бусдынхаа асуултанд хариулж, нийтээрээ хэлэлцүүлэг өрнүүлдэг. Энэ нь сэдвээ уншиж судлан илтгэлээ бичиж боловсруулах, түүнийгээ ойлгомжтой ярьж илтгэх, асуултанд хариулах гээд цогц чадваруудыг суулгадаг. Тэнд танилцсан найзууд маань бүгд л англи хэл дээр илтгэх чадвараа сайжруулах, сул талаа давуу тал болгох ижил зорилготой байсан тул дэм дэмэндээ хичээж өөр өөр улсуудын засгийн газрын тэтгэлэг авч чадсан. Ингэж ижил зорилготой хүмүүстэй хүрээлэл үүсгэхийн чухлыг ойлгосон доо.
Үүний зэрэгцээ би гадаад хүмүүстэй найз болж ярианы дадлага хийхэд их анхаарсан. Фэйсбүүк дээрх IELTS-ийн группүүд дээр ярианы партнер хайсан пост бичин гадаад хүмүүстэй танилцаж, Zoom-ээр ярилцдаг байв. Ер нь англи хэлний “intermediate” буюу дунд түвшинд хүрэхэд харьцангуй гайгүй, харин түүнээс “advanced” буюу ахисан түвшинд хүрэхэд маш их хүчин чармайлт шаарддаг юм билээ. Би 2-3 жил маш эрчимтэй нухаж байж хэлээ сайжруулан зорьсон тэтгэлэгтээ тэнцэж чадсан.
Би гадаад хүмүүстэй ярилцах үедээ мэдэхгүй хэллэг, нэр томьёо зэргийг сонсон тэмдэглэж, дараа нь ярих ба бичихдээ ашиглах байдлаар сурдаг онцлогтой юм байна лээ. Кино, тв шоу зэргийг үзэх нь нэлээд цаг авдаг тул ном уншиж, подкаст сонсох нь миний өдөр тутмын дадал байв. Ном уншихдаа чангаар дуудаж уншдаг, өгүүлбэрийн бүтэц, хэллэг зэргийг тэмдэглэж авдаг, тэгээд дараа нь блог, нийтлэл бичихдээ, ярихдаа ашигладаг байсан.
Ер нь хүн унших, сонсох зэргээс олж авч буй орц буюу “input”-ээ ярих, бичих зэргээр гадагшлуулж буй гарц буюу “output”-тэйгээ зэрэгцүүлж явах ёстой юм шиг санагдсан. Гадаадад сурч амьдарч байгаагүй, хэлний сайн сургалттай хувийн сургуульд яваагүй ч англи хэлийг сайн эзэмшсэн олон залуучуудтай таарч байсан, гадаадад удсан хэрнээ тийм ч сайн хэлтэй биш хүмүүсийг ч харж байсан. Тэгэхээр хаана байгаагаас үл хамааран байгаа газраа хэлээ үсрэнгүй сайжруулах, тухайн хэлэндээ өөрийгөө булхах орчныг үүсгэх нь чухал болов уу. Сурч байгаа зүйлсээ хадгалж авч үлдэхийн тулд би англиар блог бичих, амралтын өдрүүдээр Fulbright, Peace Corps-ийн хүмүүсийг болон найзуудаа уриалан уул руу алхалт зохион байгуулах, мэдлэг хуваалцах уулзалт эвентүүд хийх зэргээр англи хэлээ хэрэглэх нөхцөлийг бүрдүүлдэг байлаа.
Ярианы чадвараа сайжруулахад алдаа гаргахаас эмээх л хамгийн их саад болдог. Миний хувьд алдаа гаргахаас ер санаа зовдоггүй байсан нь хэл сурахад хамгийн их дөхөм болсон. Бас жаахан хурдандуу ярьдаг болохоор заримдаа анзаарахгүй алдаа гаргачихдаг ч түүнийг надаас өөр хэн ч дараа нь санахгүй шүү дээ гэж өөртөө сануулдаг юм. Америкт ирээд хэлний түвшнээсээ санаа зоволгүй, өөрийгөө тухгүй байдалд үргэлж сорин оюутны байгууллага, клубүүдэд идэвхтэй хамрагдаж, янз бүрийн боломжуудад өөрийгөө дайчилж байна.”
Цуврал нийтлэлийг хүлээн авах
Хүчин чармайлт багагүй шаардах, тэр хэрээр үнэлэгдэж болох төсөл гэж найдаад даваа гарагийн энэхүү цуврал нийтлэлээ би сарын $8-оор үнэлж байгаа. Нэг сарын агуулгад 4 нийтлэл багтана гээд тооцоход болох бөгөөд хүлээлтэнд тань хүрэхгүй бол сарын дараа цуцалчих боломжтой. Пүрэв гарагийн товшлол маань бүх уншигчид очдогоороо очно. Энэхүү цуврал нийтлэлийг авахыг хүсвэл харин доорх линкээр сарын гишүүнчлэлд нэгдээрэй. Мөн та өөрөө авахгүй ч байсан эдгээр нийтлэлийг уншаасай гэж хүсэж буй хүн санаанд орвол нийтлэлийн линкийг илгээн санал болгоорой. Баярлалаа.
Ёсолсон,
Ганзо