Г. Түвшинзаяа: 2024 оны уншлагаас онцлох 3 ном
Бүгдэд шинэ оны мэнд ээ!
Оны төгсгөлд хийх дуртай зүйлсийн маань нэг бол Түвшингээс тухайн жил юу уншсаныг нь асуух байдаг. Гадаад харилцаа, улс төр, эдийн засаг, түүх гээд олон сэдвээр далайцтай уншиж дэлхийн энтэй хардаг; ямар ч номоос Монголд хамаатай, хэрэг болох санаануудыг гогцоодон гаргаж тавьдаг болохоор уншсан дуулсныг нь сонжих урамтай байдаг юм. Бичвэр, жиргээнүүдээрээ үргэлж шинэ санаа, өөр өнцөг өгч байдаг түүнээс 2024 онд ямар ямар сонирхолтой ном барьж авсныг нь асуулаа.
Түвшингийн Твиттер
Unread-ийн “Оны онцлох номууд” буланд өгсөн хариултууд: 2016, 2017, 2018, 2020, 2021, 2022
”Номтой яриа” буланд өгсөн яриа
Rory Stewart - How Not to be a Politician
Эрдэмтэн мэргэддээ төрийн жолоог атгуулмаар байна гэж гомдоллодог. Харамсалтай нь тэдгээр хүмүүс маань ажил гараасаа гаргаж мэддэггүй. Харин ажил сайн бүтээж чаддаг нөхдүүдийг засгийн эрхэнд гаргахаар зорилгоороо аргаа зөвтгөөд самарч өгдөг. Мэргэн мөртөө эрэмгий удирдагчийг хэрхэн гаргаж ирэх вэ гээд хүн төрөлхтөн түүхийн турш Платоноос эхлээд толгойгоо гашилгасаар ирсэн.
Хариуг нь одоог болтол олоогүйг Рори Стюартын хамгийн сүүлийн номоос харж болно. Гэр бүлийн түүхээрээ Монголтой холбогддог Рори Стюарт өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд Их Британийн улс төрд од болж гялалзсан. Харамсалтай нь орчин үеийн улс төрд сийхгүй худал ярих нь шударга байна гэж харагддаг, шударга мөртөө цээжээ дэлдэхгүй байх нь хөрсөн дээрээ буугаагүй гэж үзэгддэг болсон аж. Рори Стюарт ийм тоглоомын дүрмээр тоглож барахгүй юм байна гээд эргэцүүлсэн нь өнгөрсөн онд уншсан улс төрийн сэдэвтэй номууд дундаас хамгийн ганган нь байлаа.
Kyla Scanlon - In This Economy?
Хөдөө очоод инфляцыг буулгасан тухайгаа ярьсан улстөрчийг нэг эмээ ‘ойлгодог хүнд нь бол хэрэгтэй л юм яриад байх шиг байна’ гэсэн юм гэнэ лээ. Нэг талдаа инфляцыг тогтворжуулж чаддаг болсон гэдэг орчин үеийн эдийн засгийн шинжлэх ухааны ололт. Нөгөө талдаа эдийн засаг бол хүний амьдралын онцгой чухал хэсэг. Шинжлэх ухаан, хүний амьдрал хоёрыг хослуулж чадвал ховор эрдэм болно.
Энэ жил гарчигласан эдийн засгийн тухай номууд дотор ТикТок-ын од Кайла Сканлоны шинэ бүтээл ихэд таалагдав. Шинэ үеийнхний хэлээр шинэ үеийнхэнд зориулж эдийн засгийн тулгуур ойлголтуудыг энгийнээр, цэгцтэйгээр тайлбарласан энэ номоос сурах зүйл асар их байв. Монголд хэрвээ ийм ном байсансан бол магадгүй хэн ч инфляц гэдэг ойлголтоос сүрдээд өөрт хэрэггүй гэж буруугаар бодохгүй байх ч юм билүү.
Б.Жаргалан - Бодрол
Яалт ч үгүй Монголын хамгийн анхны супер блог бол bodrol.com юм аа. 2000 оны эхэн үед интернэт хэрэглээ монголчуудын дунд ид түгэж эхэлж байхад Jagie-гийн Bodrol блогийн коммент хэсэг ганган сэтгэдэг, урамтай бичдэг залуусын цугладаг талбар байв. Монголын нийгэм дороо хий эргээд байсан сонин үед Jagie далий мөртөө мөлжүүртэй постууд бичиж байсан нь интернэтийн шинэ тутам хэрэглэгч бидэнд ихэд нөлөөлж билээ.
Харин хамгийн сүүлд гаргасан “Бодрол” номондоо Б.Жаргалан өнгөрсөн 30 гаруй жилийн Монголын ардчиллын түүхийг өөрийн өнцгөөс харж бичжээ. Санал нийлэх зүйл байна, нийлэхгүй ч зүйл байна. Гэхдээ уншигч намайг хүндэтгэж номоо нямбай аргумент, сонирхолтой түүхүүдээр дүүргэж бичсэн нь Монголд ховор зүйл билээ. Яг л блог шигээ уйдамгүй мөртөө бодох зүйлсээр дүүрэн энэ ном өнгөрсөн онд надад учиргүй таалагдав.