Уншсан нь, үзсэн нь — 2025 он
Улирч буй онд миний information diet ямар байж вэ, юу үзэж харж вэ, онцлох заримыг нь бичээд үлдээе гэж бодлоо.
—Ном—
Америкт байхдаа зол болж номын сангаа нэлээн сайн арвижуулсан шүү. Хуучин номын дэлгүүрийг шүүрдээд байхаар аятайхан номууд олдоод байх юм билээ. Доорх хэдийн нэлээд нь ингэж авсан номууд байлаа.
Amusing Ourselves to Death - Онцлохын онцлох ном гэвэл үүнийг нэрлэе дээ. 1985 онд бичсэн энэ бүтээлд телевиз, тэр дундаа энтертайнмент нь хэрхэн хүмүүсийн оюун санааг эзэлж, нийтийн хэлэлцүүлэг ба нийгмийн бусад орон зайг хэрхэн хумиж байгаа тухай өгүүлдэг. “Үнэнийг биднээс нууна гэж Орвелл зөгнөсөн бол үнэн гэдэг хэт их мэдээллийн дунд живнэ гэж Хаксли бичсэн… Энэ бол Орвелл биш Хакслигийн зөв байж болох тухай ном юм” хэмээн зохиогч өгүүлжээ.
The Art of Spending Money - 2025 онд гарсан номуудаас гэвэл энийг уншсан юм байна. Морган Хаузелын энэ номын гол санаанууд нь өмнөх номуудаа нэлээн давтсан шинжтэй байсан ч жишээ, түүхүүд нь сонирхолтой байв.
Babel - Дэлхий дээр хамгийн олон хүн хэрэглэдэг 20 хэлний тухай сонирхолтойгоор хүүрнэсэн ном. Арай дуусгаагүй, гэхдээ нэг суугаад л нэг хэлний тухай асуудалгүй уншчихаар юм билээ.
World Order (Дэлхийн дэг журам) - 2015 онд гарсан энэ ном үнэхээр сонирхолтой байсан. Хэдэн бүлэг уншсан. Олон улсын харилцааны голлох тоглогчдын түүх, харилцаа, үзэл номлол. Ургуулаад Киссенжирийн тухайн баримтат киног Youtube дээр үзжээ.
Hit Makers - Өнгөрсөн жил Америкийн Ардчилсан намыг хэрхэн сэргээж болох тухай “Abundant” номыг Эзра Клейнтэй бичиж улам тодорсон сэтгүүлч Дерек Томпсоны 2017 оны ном. Аливаа зүйл хэрхэн алдаршиж, түгдэг тухай өгүүлжээ.
A Poetry Handbook - Англи хэлээрх шүлэг яруу найргийг унших, мэдрэх хэцүү. Ядахнаа цаанаа ямар логик, зүй тогтол байдаг талаар Мэри Оливэрийн энэ жижигхэн номоос сонирхлоо.
Spacefaring - Энэ шүлгийн номтой таараад сонирхолтой санагдаад авч уншсан.
Дэвид Эпштэйний “Range”, Кал Ньюпортын “So Good that They Can’t Ignore You” хоёрыг Товшлол бичихэд зориулан эргэж нэг гүйлгэжээ. “Sapiens”, “The War of Art” хоёрыг дахин эхлүүлсэн юм байна. Мөн Рэй Далиогийн “Principles”-ээс 150 хуудас уншсан, таалагдсан шүү.
Миний юм уншихад баримталж байгаа зарчим бол: Зэрэг зэрэг эхлүүлж болно, уншаад үз. Эхлүүлсэн бүрийг дуусгах албагүй. Сайн юмыг бол дахиж унш. Тэмдэглэ.
Монгол хэлээр
Дурсамжийн газрын зураг (2025) - Монголд орчин цагийн соёлын үрийг тарьсан агуу хийгээд эмгэнэлт амьдралтай их зохиолч Д.Нацагдоржийн мөрийг У.Бямбаням зуун жилийн дараа мөшгөж, өвөрмөц хэлбэрээр, орон зай болоод цаг хугацаагаар зорчих “зүймэл роман” туурвисан нь уншихад сонирхолтой байлаа.
Сайхан Монголын би (2024) - Бичээч Болушкагийн нийтлэлийн түүвэр номыг уншлаа. Монголын эдийн засаг, улс төр, нийгмийн талаарх ажиглалтууд, санаануудаас нь бодох юм цөөнгүй байв.
—Кино—
Өнгөрсөн жил 40 орчим юм үзсэн болтой. Голдуу кино байсан. Ер нь ТВ цуврал үзэхээ багасгаж, илүү кино үзэх эрмэлзэлтэй болсон. Энэ жил Монголд HBO Max орж ирсэн нь сайн контентын сурвалж нэмсэн таатай хэрэг болов.
Сүүлийн үеийн
One Battle After Another (2025) - Пол Томас Андерсон гэж найруулагчийн кинонуудаас анх үзэв, бусад киног нь үзмээр санагдав. Үйл явдлын эргэлт нь таамаглашгүй, гоё кино байсан.
Train Dreams (2025) - Хүн ба байгаль. Хайр ба гуниг. Шүтэлцээ. Шал өөр вайб өгсөн кино байлаа.
Frankenstein (2025) - Хиймэл оюун, AI гэсэн амны уншлагатай болсон өнөө цагт мэдэж байх ёстой сэдвийг урнаар үзүүлсэн кино. Гол дүрийн Оскар Исаакийн тоглосон, Арменийн геноцидийн тухай өгүүлсэн The Promise-ийг бас үзсэн юм байна.
Birdman (2014) - Darkly comical сэтгэл зүйн бүтээл. Утга санаа хийгээд хийцлэл нь шимтмээр байлаа.
Классикууд
Lawrence of Arabia (1962) - Энэ классикийг үзэв. Гол дүрийн характер хийгээд үзэсгэлэнтэй синематографийг нь онцолно.
The Lord of the Rings трилоги (2001-2003) - Шинэ жилээр гэр бүлийн үзвэр болгож үзэв. Дээр үед энд тэндээс нь үзсэн ч тухтайхан гэгч нь үзээгүй юм билээ. Дараагийн шинэ жилээр Star Wars-ийг туушиндах зорилготой байна.
No Country for Old Man (2007) - 21-р зууны классикуудаас үзээгүй байсан кино. Энэ жилийн үзсэн хамгийн зэвүүн кино гэж хэлнэ ээ.
Sense and Sensibility (1995) - Энэ дунд гарсан их эмоцитой нэг сцен онцгой сэтгэгдэл үлдээсэн шүү.
Баримтат
Spielberg - Холливүүдийн оргилуудын нэг Спилбергийн тухай. 93 онд “Шиндлерийн жагсаалт”, “Юрийн галавын цэцэрлэг” гэсэн хоёр айхтар киног 12 сарын зайтай гаргасан нь ёстой галзуу санагдсан.
The New Yorker at 100 - Нью Йоркер сэтгүүлийн 100 жилийг тохиолдуулж хийсэн баримтат кино.
Цуврал
Adolescence (2025) - Соошил медиа ба өсвөрийн насны хүүхэд. Янзын мини цуврал.
Кино театрт
No Other Choice, Marty Supreme, F1 зэргийг том дэлгэцээр үзжээ. Энэ дундаас F1 бол кино театрт үзэх мэдрэмжийг тултал өгсөн шүү.
За нэг иймэрхүү байжээ. Тэгж байгаад өмнөх товшлолын хоёр зочны онцолсон кинонуудыг зорьж үзнэ дээ.
—
Нийтлэл маань таалагдсан бол та бусдад имэйлээр юм уу соошил медиагаар хуваалцаарай:
“Товшлолууд” буланг дэмжих, спонсорлох өөр нэг арга: Дараах номуудыг Интерном, Азхур дэлгүүрүүдээс худалдан авах ✌️
Ёсолсон,
Ганзо


