Товшлол #33: Хүмүүн байхын үнэнтэй нүүр тулахуй
Сонирхолтой, мэдүүштэй, шинэ санаануудыг хуваалцах зорилготой хоёр долоо хоног тутмын товшлол. (Товшлол = Товших + Товчлох)
Оливер Буркеманы “Дөрвөн мянган долоо хоног” номыг өнгөрсөн жил уншсан. Өчигдөр дахиад нэг сөхөж харахнээ зарим хэсэг нь толгой түншиж оров шүү. Яг бодож эргэцүүлж явсан зүйлийн талаар байсан болохоор өмнө нь анзаараагүйгээс шал өөрөөр уншигдсан биз. Оливер бол “The Guardian”-д “Энэ булан таны амьдралыг өөрчлөх болно” нэртэй буланг олон жилийн турш хөтөлж, бүтээмж дээшлүүлэх аргуудын тухай нийтэлж ирсэн бичээч.
Тэрээр номдоо өөрийн амьдралын эргэлтийн цэг гэж хэлж болохоор мөчийг хүүрнэжээ. 2014 оны өвлийн нэг өглөө Брүүклин дэх гэрийнхээ ойролцоох паркийн санал дээр ердийн өдрөөс ч илүү их хийх ажилтай сууж байхдаа тэр гэнэтхэн энэ бүх бүтээмж дээшлэх аргууд хэзээ ч тусаа өгөхгүй юм байна гэдгийг гэнэтхэн ойлгожээ. Бүтээмжит байдал, сахилга батаа дээшлүүлснээр хэзээ ч амжилт олохгүй юм байна, цаг хугацааг хяналтдаа байлгах мэдрэмжийг авахын төлөө хүчилж болохгүй юм байна, би угаасаа бүх л үүргээ биелүүлж байгаа, ирээдүйдээ санаа зовох хэрэггүй шүү дээ гэж боджээ. Сонирхолтой нь хэзээ ч сэтгэлийн амар амгаланд хүрэхгүй юм байна гэдэг энэ сэхээрэл нь түүнд сэтгэлийн амар амгаланг авчирсан байна.
Цагийн менежмент, ажил хэрэг, бүтээмж зэрэг сэдвээр бичдэг тэрээр яван явсаар 2021 онд “Дөрвөн мянган долоо хоног” номоо гаргасан юм. Адам Грант уг номыг цагийн менежентийн талаар хамгийн чухал ном гэж үнэлсэн байна билээ.
Үндсэндээ цаг хугацааг бид хэрхэн харж ойлгож, цагийн менежмент хийе гэвэл юу юунд анхаарах ёстой талаар нэлээн ул суурьтай, философилог байдлаар бичсэн ном.
Цаг хүрэлцэхгүй байна, амжихгүй байна гэдэг ч олон юм зэрэг зэрэг хийх гэж дайрдаг бидний цаг хугацаатай холбогдсон адармаатай харилцаа угтаа бидний бодит байдлаас зугтах гэдгээс үүдэлтэй хэмээн тэр мэтгэжээ. Бүтээмж нэмэх аргууд нь энэ зугтах гэсэн оролдлогыг өөхшүүлдгээрээ асуудлыг бүр ч хүндрүүлдэг гэнэ.
Амьдрах хугацаа маань хязгаартай байдаг болохоор бид хэцүү сонголтуудыг хийх ёстой байдаг. Цаг хугацаа хязгаартайгаас гадна, бидний цагийг удирдах боломж хязгаартай. Үгүй мөн хэцүүеэ. Энэ бодит байдалтай, энэ хязгаарлалттай тулахын оронд бид зугтах арга сүвэгчилж, цагийг хяналтдаа байлгаж байгаа мэт мэдрэмжийг зогсолтгүй эрэлхийлдэг.
Бид яагаад ажлыг хойш нь тавьдаг вэ? Энэ ч бас бүхнийг хяналтдаа байлгах гэсэн санаархлаас болдог аж. Хэрвээ бид тухайн ажлыг эхлүүлэхгүй бол хэцүү байдалтай тулах, бүтэлгүйтэх мэдрэмжийг авахгүй байх боломжтой.
Ницше энэ тухайд “Өдөр тутмын ажилдаа бид хэтэрхий нухацтай, хэтэрхий бодолгүй ханддаг. Амьдралаа аваад тэтгээд явчих хэмжээнээс хавь илүүгээр шүү. Бид зогтусаад бодох цагтай байхгүйн тулд өдөр тутмын ажилдаа завгүй шамдаж буй нь тэр. Хэний янаагүй ингэж яарна. Учир нь хүн бүр өөрөөсөө зугтааж байдаг” хэмээн хэлжээ.
Гэвч бодит байдлыг огоорох нь, түүнээс зугтах нь тэрхэн үедээ амьсгаа авах бололцоо өгөхөөс биш хэзээ ч сайн үр дүнд хүргэхгүй. Энэ байдал “Би хангалттай байна, хангалттай хичээж байна” гэсэн мэдрэмжийг хэзээ ч өгөхгүй. Учир нь “хангалттай” гэдэг нь хүний бүхнийг хяналтдаа авах гэсэн, өөрөөр хэлбэл авах боломжгүй мэдрэмж юм.
Цагийг бүрэн удирдаж сурах гэж, хүмүүн байхын дутагдал, хязгааруудаас чөлөөлөгдөх гэж тэмүүлэх тусам амьдрал улам стресстэй, улам хоосон болно. Түүний оронд амьдрал хязгаартай, хүн байна гэдэг төрөл бүрийн хязгаар гачаалд баригдахын нэр гэдгийг хүлээн зөвшөөрч, бодит байдалтай нүүр тулах аваас тэр цагийн менежментийн хамгийн зөв арга болох бөгөөд хүн илүү бүтээмжтэй боломж, амьдрал илүү утга учиртай, баяр хөөртэй болно хэмээжээ.