Товшлол #34: Дуусгах урлаг – Завгүй биш "Хийдэг" хүн болох нь
Сонирхолтой, мэдүүштэй, шинэ санаануудыг хуваалцах зорилготой долоо хоног тутмын товшлол. (Товшлол = Товших + Товчлох)
Кал Ньюпортын 2007 оны нэг сонирхолтой нийтлэлийг уншлаа. Сүүлийн үед бодож буй, илүүтэй анзаарч буй зүйлийн тухай буюу бүтээмж өндөртэй, амжилттай яваа хүмүүс ажлыг дуусгадаг дадалтай байдаг тухай бичжээ. Зарим хүний хувьд ойлгомжтой гэмээр сэдэв ч байж магад. Миний хувьд бол их чухал сэдэв юм. Яагаад гэвэл би өөрөө тийм дадалтай болохыг хүсдэг. Ерөнхийдөө гайгүй зөв явдаг боловч ажлын сүүлчийг шувтарч, ард нь гараад дараагийн ажил руу орох тал дээр маруухан, энэ тал дээр сайжрах ёстой гэж өөрийгөө дүгнэдэг юм. Өөрт ойр, амжилттай яваа зарим хүмүүсийг жишээлж үзмэгц энэ бичвэрийн агуулга яг таараад, үнэхээр тийм юм байна гэж бодогдсон шүү. Ингээд нийтлэлийг орчуулан хүргэе.
Дуусгах урлаг: Завгүй биш “Хийдэг” хүн болох нь (Кал Ньюпорт)
Өнгөрсөн наймдугаар сард би “Productivity is Overrated” нийтлэлээ бичсэн. Үндсэн санаа нь: “Getting Things Done” (GTD by David Allen) гэх мэт бүтээмж нэмэх системүүд нь стресс бууруулж, хийж буй зүйлсээ бүртгэхэд тустай боловч таныг хийж буй зүйлээ дуусгахад төдий л нэмэр болохгүй. Би бүр, “Accomplished” буюу ажлын ард гардаг хүн болох нь бүтээмжтэй байхтай бараг л огт хамаагүй гэж хэлэх байна.
Бүтээмж гэдгийг бид хэтрүүлэн үнэлдэг
Ном бичээчийн хувиар би өнгөрсөн таван жилийг туйлын амжилттай яваа залуу хүмүүстэй уулзаж ярилцаж өнгөрөөсөн. Сонирхолтой нь тэдний дийлэнх нь зохион байгуулалт тааруутай байсан. Бүтээмжтэй байх сайн дадалтай цөөн хэсэг нь мэдээж арай бага стресстэй байсан. Гэхдээ энэ дадал нь тэдний эцсийн амжилтыг таамаглахад нэг ч их нөлөө үзүүлэхгүй байв.
Амжилттай яваа хүмүүс юуг өөрөөр хийдэг вэ?
Миний харснаар, амжилттай яваа хүмүүст түгээмэл байдаг нэг шинж бол дуусгах “дон” юм. Ямар нэг төсөл, ажил тэдний амьдралд орж ирсэн л бол тэд дуусгах гэж улайрдаг. Хэрвээ тэд зохион байгуулалт сайтай бол тухайн ажлыг хуваарьтаа хэд хуваан оруулаад дуусгаж мэднэ. Тийм ч зохион байгуулалт сайтай биш бол тэд хэдэн шөнө суугаад эд бад хийчихнэ. Юутай ч тэд дуусгаж байж л сална. Хурдан бөгөөд тууштай.
Энэ дуусгах дадал нь яваандаа бүр сонирхолтой боломжуудыг нээдэг
Дуусгах хүчтэй эрмэлзэлгүйгээр, зүгээр л бүтээмжтэй байх аваас та зүгээр л завгүй нэгэн болно. Бид бүгд л энэ мэдрэмжийг мэднэ. Та хийх ажлын жагсаалтанд багтсан зүйлсээ өдөржин хийнэ. Бүх юм цэгцтэй, зохион байгуулалтай. Бүх юмыг төлөвлөчихсөн. Гэсэн хэдий ч чухал төсөл хийгдэхгүй, дуусахгүй хэдэн сар өнгөрчихсөн байдаг.
Дуусгахад төвлөрсөн төлөвлөлтийн систем
GTD зэрэг уламжлалт системээр бол та өдөртөө нэг хийж буй зүйлсээ хараад дараа нь юу хийхээ сонгодог. Энэ тохиолдолд “таскийн төгсөшгүй тойрог”-т уначихад амархан байдаг. Өөрөөр хэлбэл, “дараагийн үйлдэл” жагсаалтаас та жижиг алхмуудыг сонгон хийж гүйцээсээр байх боловч томоохон төслүүдийг хийж гүйцэтгэхэд тун бага ахиц гаргана. Үүнийг бүтээмжтэй холбоотой “Зеногийн парадокс” гэчихэж болмоор. Надад ямар нэг төсөл өгөөдөх дөө, би тухайн төслийг жижиглээд хийж болох амар хялбар ажлуудад хуваагаад өдрүүдээ дүүргэчихье. Гэхдээ төслийг хэзээ ч дуусгахгүйгээр!
Бодит байдал дээр: Том ажлын ард гаръя гэвэл томоохон дайралт шаардлагатай. GTD зэрэг бүтээмжийн системүүд нь ажлыг дэндүү олон жижиг хуваан энэ дайралтаас зайлсхийх нөхцөлийг бүрдүүлдэг. Харин дуусгахад төвлөрсөн систем энэ асуудлыг шийднэ. Хэрхэн энэ системийг ашиглах вэ?
Ашиглаж эхлэх: Төслийн хуудас нээ
Идэвхтэй төслүүдийн жагсаалт үүсгэ
Танд чухал гэсэн 6-12 төслийг жагсаа. Гурван хэсэгт хуваах: Ажил мэргэжлийн (сургууль, ажилтай холбоотой), Хувийн (гэр сууц, гэр бүл, фитнес), Нэмэлт (блог, ном бичих, клуб эхлүүлэх)
Бүх төсөлдөө “Дуусгах шалгуур” тавь
Дэвид Аллены хэлж буйгаа бол төслийг дуусгахын тулд та дуусгах нь ямар байдалтай харагдахыг мэддэг байх ёстой. Төсөл бүрийн ард энэ төсөл дуусахын тулд ямар үйлдлүүд хийгдсэн байх тухай бич. (Ингэсний дараа та өмнө нь тухай ажил төслүүдийг дуусгах боломжгүй шахам томоор, бүдүүн тоймоор төсөөлж байснаа ойлгох вий.)
Хуудасны доод хэсэгт “Дараагийн” гэж тэмдэглэ
Энэ хэсэгт дараагийн шинэ төслүүдийг тэмдэглэ. Одоогийн төслүүдээ хийж дуусгах хүртэл тэдгээрийг энд хадгал.
Калын жишээ:
Өдөр бүр нягтлах
Өглөө бүр төслийн хуудас руугаа хараад “Энэ жагсаалтыг хийж дуусгахын тулд би өнөөдөр яаж томоохон ахиц гаргах вэ?” гэж асуу. Таны хамгийн том зорилго бол тухайн төслүүдийг гүйцэтгэж дуусгах. Хэрвээ тийм боломж байвал (томоохон дайралт хийх, жишээ нь орой сунаж ажиллах) шуудхан хий. Өнөөдөртөө дуусгаж чадахгүй бол дараагийн өдрүүдэд дуусгахад ойртуулах алхмыг хий. Хамгийн чухал нь энэ жагсаалтыг “цохиж” унагах эрмэлзэлтэй байх явдал юм.
Үүний зэрэгцээ танд хийх ёстой бусад зүйлс, энгийн таскууд байгаа. Тэр бүхнийг амжуулахын сацуу хамгийн гол нь төслүүдээ дуусгахад анхаарах ёстой.
Дуусгах нь: Амар, тэгээд ахиад эхэл
Одоогийн төслийн хуудсаа дуусгах хүртэл шинэ төслүүдийг бүү эхэл. Шинэ төслийн санаа орж ирвэл “Дараа” гэсэн хэсэгт оруулчихад л болно.
Төслүүдээ дуусгахын тулд шаргуу ажилла. Харин хийж дууссан бол завсарлага ав. Ядаж нэг долоо хоногийн завсарлага. Энэ хооронд аль болох бага ажилла. Энергиэ нөх. Тэгээд бэлэн болмогцоо шинэ төслийн хуудас нээж, дахиад эхэл.
Энэ систем яагаад амжилттай ажилладаг вэ?
Миний тайлбарласан энэ ажлын хэмнэл бол амжилттай яваа хүмүүс ажлаа хэрхэн хийдгийг хамгийн дөхүү дүрслэх гэсэн оролдлого. Энэ аргачлал нь GTD зэрэг системтэй адил хүчин зүтгэл шаардахгүй, тийм ч сонирхол татам биш. Гэвч ажлын ард гарна гэдэг угаасаа тийм ч дур татам зүйл биш. Хэрвээ чи нэрээ гаргамаар л байгаа бол дориухан дайраад юмсыг дуусгаж сурах хэрэгтэй. Энэ систем танд тийм онцлогийг суулгах болно.
За нэг ийм санаа, агуулга хуваалцъя гэж зорилоо. Өөрөө хэрэгжүүлэх гэж хичээнэ. Та бүхэн ч гэсэн туршаад үзээрэй.