Товшлол #35: Амьдралдаа эзэн болох
Сонирхолтой, мэдүүштэй, шинэ санаануудыг хуваалцах зорилготой долоо хоног тутмын товшлол. (Товшлол = Товших + Товчлох)
“Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг” нэрээр орчуулагдсан “The Subtle Art of Not Giving a Fuck” номыг англиар нэг уншлаа. 2017 онд монголоор нь уншаад Unread дээр тойм оруулж байсан ч агуулгыг нь мартсан байж. Нэг өдөр дор нь л шуудраад дуусгав. Алив номыг өөр нөхцөлд, өөр цаг үед уншихад шал ондоо байх юм. Энэ номд одоогийн надад хэрэгтэй, бодууштай зөвлөгөө олон байлаа.
Ер нь өөрийгөө хөгжүүлэх, баримтат номуудын нэг ач холбогдол нь чухал, хэрэгтэй санаануудыг хүмүүст эргэн сануулах байдаг. Бичигдсэн зүйл нь заримдаа ойлгомжтой, мэдээжийн зүйл юм шиг боловч тухайн санааг шинэ содон, сонирхолтой жишээ баримтаар баяжуулан бидэнд сануулдаг билээ. Түүнтэй адилаар заримдаа ойлгомжтой гэмээр зүйлсийг өөртөө сануулах далимд бусдад сануулах гэдэг нь миний товшлолын онцлог юм уу даа.
Хүний сэтгэл зүй, сэтгэл хөдлөл, харилцааны талаар их судалдаг Марк Мансоны бичсэн энэ ном жанр дундаа үнэхээр “оригинал”, “өөр” байж чадсан учраас хүмүүст их хүрч, олон сая хувь зарагдаж дээ, үнэхээр сайн ном юм байна гэж дүгнэв.
Өнөөдрийн товшлолдоо, өөрт тохиолдсон үйл явдал хийгээд өөрийн амьдралд хариуцлага үүрэх тухай нэгэн санааг нь товчлон хүргэе:
Амьдралдаа эзэн болох
Марк Мансон: “Хэдийгээр нэр хүндтэй чинээлэг айлд төрсөн ч Уильям Жэймсэд төрсөн цагаас нь хойш эрүүл мэндийн асуудал их байжээ. Хүүхэд байхад нь хэсэг хугацаанд сохор болгосон харааны асуудал; эмзэг ходоодны өвчлөл; сонсголын асуудал; нуруу нь татах өвчин гээд л. Үүнээс үүдэн гэртээ л зураг зурж цагийг өнгөрүүлнэ, найз нөхөд үгүй. Гэвч зурах сонирхол нь ч авьяас, ажил мэргэжил болсонгүй. Аав нь арга ядаад түүнийг Харвардын Анагаах ухааны сургуульд оруулж дөнгөсөн байна. Гэвч Жэймс Харвардад идээшсэнгүй. Анагаах ухаан сонирхлыг нь татсангүй. Тэр өөрийнхөө эрүүл мэндийн асуудлуудыг ч давж гарч чадахгүй байж яаж бусдын асуудлуудыг шийдэхэд туслах юм бэ гэж бодож байв. Нэг өдөр сэтгэлзүйн тэнхимээр аялсныхаа дараа Жэймс тэмдэглэлийн дэвтэртээ “Би эмчтэй биш өвчтөнтэй илүү төстэй юм” гэж бичсэн гэдэг.
Хэдэн жил өнгөрч аавыгаа бухимдуулан сургуулиа хаяжээ. Тэгж яваад Амазоны ойг зорих антропологийн судалгааны багт нэгджээ. 1860 онд тви хоорондын аялал ямар хэцүү байсан нь ойлгомжтой. Амазон хүртэлх замыг дажгүй туулсан ч судалгаа эхэлсэн эхний өдөр л цэцэг өвчин тусаж үхэхээ алджээ. Нурууны өвчин нь сэдэрч алхаж чадахаа болив. Цэцэг өвчнөөс болж эцэж туран, өлсөж үхэхээ шахав. Ингээд судалгааны баг нь түүнийг ардаа үлдээв. Азаар тэр ямартай ч хэдэн сарын дараа Америк дахь гэртээ буцаж харьж дөнгөв. Гуч дөхсөн, ажилгүй, оролдсон бүхэн нь бүтэлгүйтдэг, дээрдэх янзгүй биетэй түүнийг аав нь угтаж авав. Энэ үед тэр сэтгэл гутралд орж, амиа хорлодог ч юм уу гэж бодох болжээ.
Нэгэн шөнө Жэймс нэгэн философичийн лекцийг уншиж байгаад бяцхан туршилт хийхээр шийдсэн байна. Тэмдэглэлийн дэвтэртээ “Бүтэн жилийн турш юу ч болж байсан хамаагүй, амьдралд минь тохиолдож буй бүх зүйлд би өөрөө 100 хувь хариуцлага хүлээнэ” гэж бичжээ. Өөрийнхөө хүчээр нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд бүхний хийнэ гэж өөртөө амлав. Энэ нэг жилийн хугацаанд юу ч өөрчлөгдөхгүй бол өөрт нь тохиолдож байгаа зүйлсэд өөрөө буруутай нь илэрхий болно, тэр үед амиа хорлоход харамсах зүйлгүй гэж боджээ.
Энэ үйл явдлаас хойш юу болсон гээч? Уильям Жэймс Америкийн сэтгэл судлалын эцэг болсон юм. Тэр сэтгэл судлалын салбарт томоохон хувь нэмэр оруулж, алдартай сэтгэл судлаач, философич болсон түүхтэй. Тэрээр хожим энэ жижиг туршилтаа өөрийнх нь “дахин төрөлт” болсон гэж онцолсон байдаг.
Хүний хөгжил өсөлт энгийн энэ ухаарлаас урган гардаг: Бидний амьдралд гаднын нөхцөл байдлаас болж асуудал үүслээ ч бид амьдралынхаа бүх зүйлд хариуцлага хүлээх хэрэгтэй гэсэн ойлголт. Бид болж байгаа зүйлсийг үргэлж удирдаж чадахгүй. Гэхдээ бид тохиолдсон үйл явдлыг хэрхэн хүлээж авах, хэрхэн хариу үйлдэл үзүүлэхээ үргэлж удирдаж чадна…
Би хэдэн жилийн өмнө блогтоо нэгэн философичийн “Том эрх мэдэлтэй хамт том хариуцлага ирдэг” гэсэн үгийг эш татав. Тэгсэн тэр нь “Хүн аалз” киноны нагац Бений хэлсэн үг болж таарав. За яахав андуурч. Гэхдээ сайн эшлэл. Надад гэхдээ илүү дээр хувилбар ч байна. “Том хариуцлагатай хамт том эрх мэдэл ирдэг.”
Өөрийн амьдралд хариуцлага хүлээх тусам бид амьдралдаа илүү их хүчтэй болно. Өөрсдийн асуудалд өөрөө л хариуцлага хүлээх ёстой гэж хүлээн зөвшөөрөх нь асуудлыг шийдэх эхний алхам юм…
Коллежид байхдаа би мэргэжлийн покерчин болох хөөрүү мөрөөдөлтэй байлаа. Нэг жил шахам тоглоод энэ миний зам биш юм гээд больсон ч тэр хугацаа миний харах өнцөгт эергээр нөлөөлсөн. Покерын сэтгэл татууштай нь аз хэзээд хэрэгтэй боловч азтай байх нь тоглолтын эцсийн үр дүнг тодорхойлдоггүй. Хүн үнэхээр муу модтой байж болох ч сайн модтой хүнийг хожиж болно. Сайн мод ялах магадлалыг ихэсгэдэг ч эцсийн үр дүн тоглогчийн тоглолтын турш хийсэн олон сонголтоор тодорхойлогддог.
Би амьдралыг үүнтэй адилтгаж хардаг. Бидэнд бүгдэд гарын мод ирдэг. Зарим нь муу, зарим нь сайн мод атгах ба жинхэнэ тоглоом хөзрөө хэрхэн ашиглах сонголт, үүрэх эрсдэлийн дор нуугдаж байдаг. Покерт өгөгдсөн тохиолдол бүрд зөв сонголт хийдэг хүмүүс ялдаг зүй тогтол бодит амьдралд ч мөрдөгддөг. Заавал хамгийн сайн гарын модтой байх албагүй...”
***
Энэчлэн тухайн нөхцөл байдалд бид буруутай буруугүй байх нь хамаагүй, таны амьдралд болж байгаа зүйлсийг хэрхэн хүлээн авахаа та шийдэх ёстой гэсэн энэ санааг Марк Мансон олон сонирхолтой жишээгээр гаргаж өгсөн байна лээ.
Үүнтэй холбоотой өөр хоёр жишээ санаанд орж байна. Энэ санааг сэтгэл зүйч надад тун амархан ойлгуулж байсан. Зовлонтой бэрхшээлтэй асуудлууд юу байна гээд энэ асуудлууд яавал алга болохоор байна гэж асуув. Би ч буруу зөрүү зарим хариулт өглөө. Тэгтэл энэ асуудлууд та байгаа болохоор л байгаа юм, та хэрвээ байхгүй бол энэ асуудлууд байхгүй байгаа биз гэж билээ.
Навал Равикантын бас нэг эшлэл бий:
“Чамд хэзээд гурван сонголт байдаг. Чи нөхцөл байдлыг өөрчилж болно, хүлээн зөвшөөрч болно, орхиж болно. Юу буруу вэ гэвэл тухайн зүйлийг өөрчлөх юм сан гэж хүсэвч өөрчлөхгүй зүгээр суух, тухайн зүйлийг орхиё гэж хүсэвч орхихгүй байх, бас хүлээн зөвшөөрөхгүй байх. Бидний зовлонгийн дийлэнх шалтгаан эдгээрийн зөрүүнээс л үүдэж байдаг. Миний магадгүй өөртөө хамгийн их хэлдэг үг бол “хүлээн зөвшөөр” гэсэн үг байх.”
Love it
Cool