Товшлол #37: Нийлмэл хүүгийн зарчим
Сонирхолтой, мэдүүштэй, шинэ санаануудыг хуваалцах долооног тутмын товшлол. (Товшлол = Товших + Товчлох)
“Нийлмэл хүү бол дэлхийн найм дахь гайхамшиг” гэж Эйнштэйн хэлсэн гэх. Сурвалжийг нь нягтлахнээ, Эйнштэйн ингэж хэлсэн нь батлагддаггүй. Гэлээ ч “compound interest” буюу нийлмэл хүү бол гайхамшигтай зүйл гэдэг нь худалгүй билээ.
(Нийлмэл хүү гэж юу вэ? Хадгаламжийн хүүг энгийн болон нийлмэл хүү гэсэн 2 хэлбэрээр банкууд тооцон олгодог. Энгийн хүүг хугацааны эцэст болон жил бүрийн эцэст үндсэн дүнгээс ижил хэмжээгээр боддог бол нийлмэл хүүг үндсэн дүн, өмнөх хугацаанд бодогдсон хүүгийн дүнгийн нийлбэрээс бодно.)
“Compounding” гэх энэ ойлголтыг алдаршуулсан хүмүүс бол Уоррен Баффет, Чарли Мангер нар юм. Уоррен Баффет өөрийн хөрөнгийг нийлмэл хүүгийн ач гавьяа гэж олонтоо хэлдэг. Өнөөдөр Уоррен Баффет 100 гаруй тэрбум долларын хөрөнгөтэй ба үүний 95 хувь нь 65 насных нь төрсөн өдрөөс хойш хуримтлагдан буй болжээ.
Уоррен Баффет өгүүлрүүн: “Амьдрал бол цасан бөмбөг л гэсэн үг. Гол нь нойтон цас хийгээд түүнийг өнхрүүлэх өндөр уул олох хэрэгтэй.”
Нэг цасан ширхэг. Нэлээд хэд. Нийлүүлээд гартаа базахад цасан бөмбөг болно. Тэгээд цастай уулын оройгоос доош өнхрүүл. Өнхрөх бүрд шинэ цас наалдан бөмбөг томрон томроно. Уул өндөр тусмаа цасан бөмбөг улам л том болно. Энэ бол Уоррен Баффетын амьдрал хийгээд хөрөнгө оруулалтын зарчим юм. (Түүний дэлгэрэнгүй намтар ном “Snowball” гэсэн нэртэй.)
Мөнгөө арвижуулъя гэвэл “Эрт эхэл” гэж тэр зөвлөдөг. “Би өндөр уулын орой дээр цасан бөмбөлөг хийж эхэлсэн. Өндөр уул олох арга бол нэг бол маш эрт эхлэх, эсвэл маш хөгшин болтлоо амьд байх” гэжээ.
Бага хэмжээний ахиц удаан хугацаанд хуримтлагдсаар, ахицаас ахиц үүссээр алс хэтдээ ихээхэн үр өгөөж өгдөг гэх санааг санхүү мөнгөний хувьд төдийгүй амьдралын бусад талбарт ч их хэрэглэдэг.
Навал Равикант амьдралын бүхий л үр өгөөж нийлмэл хүүгээс буй болдог гэсэн байдаг. Мөнгө, харилцаа, хайр дурлал, эрүүл мэнд, дадал хэвшил гээд юм бүхэнд. “Би амьдралынхаа туршид хамт байх хүмүүсийн дэргэд л баймаар байна. Урт хугацаанд мөнгө өгөх ажлуудад л би төвлөрмөөр байна… Хэрвээ чи хийх зөв зүйлээ олсон бол, хамт ажиллах зөв хүмүүсээ олсон бол, өөрийгөө дорвитойхон зориул (invest deeply). Тэдэндээ үнэнч байж удаан хугацаанд “зууралдах” нь чиний харилцаанд ч, чиний хөрөнгөнд ч асар их үр өгөөжийг авчирна. Нийлмэл хүү гэдэг маш чухал” хэмээн хэлжээ.
Хүүгээс хүү бодогдох энэ санааг Жэймс Клир “Atomic Habits” номдоо зэгсэн дэлгэрүүлсэн гэж болно. Түүний тодорхойлсноор, “дадал хэвшил гэдэг бол өөрийгөө сайжруулахуйн нийлмэл хүү” юм. Өдөр бүр аливаад 1 хувийн ахиц сайжруулалт гаргаад байх юм бол 365 хоногийн дараа тухайн зүйлд бид 37 хувийн ахиц сайжруулалт гаргасан байдаг аж.
Жэймс тууштай байх, өдөр бүр дадлаа үргэлжлүүлэхийн чухлыг байнга сануулдаг. "Хүмүүс тууштай байхыг төгс байхтай андуурах гээд байдаг. Аливаа зүйлд хүүгээс хүү бодуулахын тулд урьдаар түүнийг тасралтгүй үргэлжлүүлэх хэрэгтэй.
–Хадгаламждаа мөнгө тасралтгүй хийснээр хүүгээс хүү бодогдоно.
–Эмх цэгцээ сайжруулснаар үр бүтээмжид хүүгээс хүү бодогдоно.
–Харилцаагаа тэтгэснээр хайр сэтгэлд хүүгээс хүү бодогдоно” гэжээ.
Үүнийгээ мөн арай өөрөөр хэлсэн нь:
“Дадал хэвшлийг сайжруулахын өмнө эхлээд буй болгох хэрэгтэй. Бага багаар эхэл. Өдөр бүр байх газраа бай, хийх зүйлээ хий. Дараа нь сайжруул.”
Жэймсийн өөр нэг эшлэл:
”Ихэнх хүний хувьд эрчтэй байхаас (intensity) илүүтэй тууштай байх (consistency) нь зөв байдаг.
Эрчтэй байдлын жишээ:
–Марафонд гүйх
–30 өдөрт ном бичих
–10 хоногийн бясалгалд явах
Тууштай байдлын жишээ:
–Хоёр жилийн турш фитнесд таслалгүй явах
–7 хоног бүр бичих
–Өдөр бүр багахан хугацааг чимээгүй сууж өнгөрүүлэх
Ингээд ээлжит товшлолоо Уоррен Баффетын хамтрагч Чарли Мангерын үгээр өндөрлөе: "Нийлмэл хүү хүртэх нэгдүгээр дүрэм бол түүнийг шаардлагагүй үед хэзээ ч тасалдуулахгүй байх."