Товшлол #38: Нэршил буй болгох + Категорийн хууль
Ажил бизнесийн талбарт хэрхэн онцгойрч ялгарах вэ?
"Санааны ертөнцөд аливааг нэрлэнэ гэдэг түүнийг эзэмшинэ гэсэн үг. Хэрвээ чи аль нэг асуудалд нэр бодоод олчихвол түүнийг эзэмшиж чадна" гэсэн Томас Фридманы үг бий.
Хөгжмийн нэрт продюсер Брайан Эно нэршил бий болгох тухайд ийн хэлжээ:
“Ирээдүйгээс өнгөрсөн рүү өнгийж өнгөрсөнд байж болох байсан, гэхдээ байгаагүй хөгжмийг төсөөлөх нь шинэ хөгжим бүтээх арга юм… Өөрийн сонсохыг хүсэх, урьд өмнө нь байгаагүй хөгжмийг бүтээхийг би зорьсон. Хөгжмийн элементүүдийг нийлүүлэн, урьд өмнө байгаагүй шинэ хөгжим бий болгохыг хүссэн. Аялгуу, үг, бийт зэрэг нь заавал байх ёстой гэсэн ойлголтыг халсан нь “ambient” буюу орчны хөгжим буй болсон нэг шалтгаан юм. Өөрөөр хэлбэл, зарим зүйлсийг орхисноор шинэ хөгжим бүтсэн хэрэг. Юуг орхихоо мэдэх нь нэг төрлийн инновац юм. 1970-аад оны дунд орчны хөгжим хэдийн мэдрэгдээд эхэлсэн байлаа. Хүмүүс ч надтай ижил зүйлсийг хийж байсан. Би харин энэ хөгжимд нэр өгсөн юм. Ёстой хэрэгтэй зүйл нь тэр байсан. Нэр. Нэр. Аливаад нэр өгөх нь түүнийг зохион бүтээхтэй адил байж болно. Аль нэг зүйлийг нэрлэснээр та ялгааг буй болгоно. Тухайн зүйл бодит болж буй нь тэр. Нэр гэдэг тийм чухал.”
Аливаа нэршлийг бий болгох нь ухаандаа аль нэг зүйлд, аль нэг ангилалд анхдагч болж байна гэсэн үг. Урвуугаараа, тухайн ангилалд анхдагч болсон зүйлсийн нэршил нь тухайн ангилал, тухайн бүтээгдэхүүнийхээ ерөнхий нэршил болчихсон жишээнүүд манайд олон. Памперс, ОМО, Канон гээд л, тийм биз?
Санааны ертөнцөд, сүүлийн үеийн жишээнүүд цөөнгүй байна. Кал Ньюпортын “Deep work”, James Clear-ийн “Atomic habits”, Жоко Виллинкийн “Extreme ownership“ гэх мэт. Нэршил бий болгох нь маркетингийн оновчтой шийдвэр гэдгийг уншиж дуулсандаа би долооног тутмын энэ бичвэрээ “Товшлол” хэмээж, зарим хүнд ад болдог билээ л.
КАТЕГОРИЙН ХУУЛЬ
"Маркетингийн няцаашгүй 22 хууль" номд шинэ ангилал, шинэ категорийг үүсгэж түүндээ анхдагч нь болохын чухлыг өгүүлсэн "Категорийн хууль" хэмээх бүлэг байдаг. Энэ бүлгийн гол санаа:
"Атлантын далайг ганцаар туулсан түүхэн дэх гурав дахь нисгэгчийн нэрийг та мэдэх үү? Тэр бол Амелиа Ирхарт. Түүнийг бид энэ амжилтыг үзүүлсэн гурав дахь нисгэгч гэдэг үү, анхны эмэгтэй нисгэгч гэдэг сэн билүү?
Heineken-ийг оруулж ирээд тун ч их амжилт олсныхоо дараа АНУ-ын Anheuser-Busch компани дахиад импортын өөр пиво оруулж ирж болох л байсан. Харин оронд нь тэд "Өндөр үнэтэй импортын пивонд зах зээл байгаа юм бол өндөр үнэтэй дотоодын пивонд зах зээл байх л учиртай" гэсэн юм. Ингээд тэд өөрсдийн Michelob-ийг хүчтэй сурталчилж эхэлсэн бөгөөд уг пиво улмаар Heineken-ээс хоёр дахин их зарагддаг болжээ. (Тэд мөн Европт ихээхэн нэр хүндтэй Carlsberg-ийг оруулж ирсэн ч АНУ-д огт газар аваагүй байна.)
Хэрвээ чи харилцагч/хэрэглэгчийнхээ санаанд хамгийн түрүүнд орж ирэхгүй байгаа бол найдвараа бүү алд. Анхных нь байх шинэ категорийг хайж ол. Тийм ч хэцүү биш шүү.
Анхных нь болох олон арга бий. Dell компани ширүүн өрсөлдөөнт компьютерын зах зээлд нэвтрэхдээ компьютерыг утсаар зарсан анхны компани болж байсан гэдэг.
Тэгэхээр шинэ бүтээгдэхүүн/үйлчилгээ гаргахдаа өөрөөсөө хамгийн түрүүнд "Энэ бүтээгдэхүүн бусдаас юугаараа сайн бэ?" гэж биш "Юугаараа анхдагч вэ?" гэж асуугаарай.
Хүн бүр шинэ зүйлд сонирхолтой байдаг. Харин цөөн хүн илүү сайн зүйлд сонирхолтой байдаг юм шүү."
ТИМ ФЕРРИСИЙН ЖИШЭЭ
Энэхүү категорийн хуулийг яруу тод хэрэгжүүлсэн жишээнүүдийн нэг бол энтрепренер, зохиогч Тим Феррис юм. Тэрээр "Ажлын 4 цагтай долоо хоног" бестселлер номдоо “Lifestyle Design” хэмээх ойлголтыг томьёолон гаргаж, өөрөө энэ салбарын гол төлөөлөгч болоодохсон билээ. Энэ нь олон жилийн дараа ашиглах тэтгэврийг үл хайхран, цаг ба хөдөлгөөнт байдал гэх хоёр "валют"-ыг чухалчлан тансаг амьдралын хэв маягийг бий болгох тухай ойлголт юм. Тэрээр энэ ойлголтоо ном, блог, ярилцлага, подкаст гэх мэт бүх л сувгуудаар сурталчилсаар өдгөө Google-дээд үзэхэд 2 тэрбум илэрц гарч ирэх хэмжээнд хэрэглээнд нэвтрүүлсэн байна. Энэ санааг эзэмшсэнээрээ тэр нэр алдраа улам нэмж, маш их мөнгө олжээ.
ДИТА ВОН ТИЙСИЙН ЖИШЭЭ
Өөр нэг сонирхолтой жишээ бол burlesque шоуны хатан хаан Дита Вон Тийс билээ:
Орчин цагийн бөрлеск ертөнцийн од Дита Вон Тийс карьерынхаа эхэнд үед Лос Анжелест тайчих клубт ажиллаж байхдаа нэг зүйлийг сурчээ. Неон бикинитэй шаргал үст бүжигчид 50 залуугийн өмнө бүрэн нүцгэлэхэд залуу болгон нэг доллараар гар цайлгадаг байж. Харин Дита сатин бээлий, бэлхүүсэвч, балетийн банзал өмсөн тайзнаа гарч халуухан үзүүлбэр үзүүлдэг байв. Тэрээр энгэрээ дэлгэх хэдий ч бүрэн нүцгэлэх нь үгүй. Түүнийг 49 залуу үл тоох боловч сонирхсон нэг нь 50 доллароор гар цайлгадаг байжээ. Тэр нэг л залуу Дитагийн зорилтот үзэгч байв.
Төгсгөлд нь дурдахад, аль нэг салбар/ангилалд анхдагч байх, гойд ялгарах тухайд даамайхан ойлголт өгөх сурвалж бол манай Арвисын гаргаж байсан “Та өөрөө стартап компани” ном билээ. (Шинээр хэвлэхгүй байж л энэ номоо би мөн ч их сурталдах юм даа, хөөрхий)
Арвис гэснээс манай паблишинг хоёр шинэ ном хэвлүүлээдэхсэн шүү.
Бүсгүй хүний хүсэл мөрөөдөл, хэнээс ч үл хамаарахыг хүсэмжлэх эрх чөлөөний тэмүүллийг гоёмсгоор илэрхийлэн, эртний Грекийн домгийг шинээр зохиомжлон бичсэн “Галатеа” хэмээх бэсрэг тууж; өөрийгөө хийгээд өрсөлдөгчөө ялан дийлэх ухааны тухай хамгийн чухал бүтээлүүдийн нэгд тооцогддог, домогт самурай Мияамото Мусашигийн алдарт “Таван тойргийн судар” гэсэн номууд Закийн орчуулгаар уншигчдад хүрэх нь ээ.
Мартын 8 хийгээд Цэргийн баярын гоё бэлэг болохоор байгаа биз :) Одоогоор Интерном, Alphabook, Азхур гэсэн дэлгүүрүүдэд өгсөн байгаа. Зарим нэг салбарт нь гэхдээ очиж амжаагүй байж мэднэ.
Сайн байна уу, та өөрөө стартап компани ном нь номын дэлгүүрээр байгаа юу? Баывал хаагуур байгаа бол? Баярлалаа (internom, azkhur-н сайтад дууссан байна)