Товшлол #39: Унших дадлыг суулгах
Эртний спартчуудад биеийн хүчний бэлтгэл хамгийн чухал байв. Харин бидэнд?
Эхлээд нэг ахуйн чанартай хүсэлт: Хэрвээ Товшлол таны имэйлийн “Promotion” хэсэгт очоод байвал “Primary” руугаа ингэж зөөгөөрэй, маш амархан: Видео үзэх
Ойрдоо ном сайн уншиж байна. Kindle, хэвлэмэл аль алинаар. Ньюслеттерээрээ сардаа нэг ч юм уу уншсан номуудынхаа тухай нийтэлдэг юм билүү.
Энэ долооногт Кал Ньюпорт подкастаараа унших үйл, дадлын тухай ярьсан байна лээ. Өнөөдөр тэр дугаар дээр ярьсан зүйлсийг товчлон хүргэе.
Нөхөр, Марианна Вольфын бичсэн ““Success in Circuit lies”: How do we cultivate deep reading processes in a digital age?” нийтлэлийн тухайд санаа бодлоо хуваалцжээ. Марианна Вольф нь унших үйлийг судалдаг, бичиг үсгийн боловсролыг дэмжигч, судлаач хүн аж.
Нийтлэлийн агуулга, зарим санаанууд:
Хүний тархи унших зориулалттай бүтээгдээгүй. Өөрөөр хэлбэл, унших үйлийг хүн өөрөө бий болгосон. Энэ бол соёлын инновац. Уншиж сурах үйл явц нь бидний тархийг өөрчилдөг. Түүнчлэн бидний юу унших, яаж унших, юун дээр унших нь тархинд нөлөөлдөг байна. Орчин үед “biliterate brain” буюу хэвлэмэл, цахим аль алинаар уншихад зохицсон тархийг хөгжүүлэх нь чухал болов. 1934 онд яруу найрагч Т.С.Элиот “Мэдээлэлд дарагдсан мэдлэг минь хаачив? Мэдлэгт дарагдсан ухаан минь хаачив?” гэж хэлж байв. Өдгөө тархи судлаачид, сурган хүмүүжүүлэгчид мөн энэ асуултыг асууж байна: Янз янзын унших хэлбэрүүд нь бидний мэдээлэл олж авах, түүнийг боловсруулах, мэдлэг болгон хувиргах чадамжид хэрхэн нөлөөлж байна вэ?
Цахим суурьтай сургалт нь хүүхдийн тархинд ямар нөлөө үзүүлж буйг судлах үйл явц эхлэл шатандаа явна. JAMA Pediatrics-д Сингапур, МакЖилл, Харвардын судлаачдын хамтарсан судалгаа гарсан. 500 хүүхдэд судлахад дэлгэц их харах нь анхаарал, өдөөлт, биеэ барих, ой тогтоолтын зарим хэсгийг удирддаг тархины хэсгийн хөгжилд муугаар нөлөөлж байсан аж… Мөн хэсэг судлаачид оюутнуудын дунд дэлгэцээр унших нь хэвлэмлээр уншсанаас ойлгоц тааруу байгааг судалжээ.
Бид дэлгэцээр уншихдаа “To skim to inform” буюу нүдээ гүйлгэн мэдээллийг хайж түргэн уншдаг. Нүдний хараа “Z”, “F” хэлбэрээр гүйж, мөр хоорондох олон деталийг орхидог байна. Энэ нь хуурамч мэдээ болон попролтод автах зэрэг олон сөрөг нөлөөг дагуулна. Дэлгэц дээр мөн бидний анхаарлыг татах өөр олон зүйл гарч ирдэг.
Дэлгэцээр уншихад төвлөрч унших (deep reading) үйл явц алдагдана. Шинэ мэдээллийг мэдлэг болон хувиргахад хэд хэдэн аналитик ур чадвар шаардагддаг. Хэвлэмлээр төвлөрч уншихад илүү анхаарал, илүү цаг хэрэгтэй. Өгүүлбэрээс өгүүлбэрийн хооронд, хуудаснаас хуудасны хооронд бид эргэцүүлэн бодож чаддаг. Төвлөрч уншина гэдэг нь суурь мэдлэгээ шинэ мэдээлэлтэй холбох, ижил төсөөтэй байдлыг олох буюу гаргах, дүгнэлт хийх, үнэн зөвийг шалгах, бусдын өмнөөс бодож үзэх зэргийг хэлнэ. Ерөөс төвлөрч унших нь хүн гээч төрөл зүйлийн шинэ бодол сэтгэлгээтэй холбогдох гүүр юм.
Тиймээс хүүхдийг эхлээд унших суурь чадварт суулгах хэрэгтэй. Эхлээд хэвлэмлээр уншуулж сургаад, дараа нь дэлгэцээр уншуулж сургах. Хүүхдийг номтой нөхөрлүүлэх нь нэн чухал. Хүүхдийн цахим төхөөрөмжийн дэргэд байнга ном байлгах нь манай нийгмийн үүрэг мэт.
Энэ нийтлэлийн гол санаануудыг тайлбарлаад Кал нэг өдөр өвдөж хэвтэхдээ интернетээр баахан уншлага хийснээ дурдав. Төвлөрч ажиллах, гүнзгий бодох тухайд номлодог мань эр “Интернет бол аймаар газар юм байна” гэж хошигносон. Твиттерээр шагайж харахнээ бидний тархины хөгжил өнгөрсөн рүүгээ буцаад байгаа юм шиг санагдаж байна, хүмүүсийн бодол сэтгэлгээ хэтэрхий хялбарчлагдсан байна, бусдын өмнөөс бодохгүй байна гэж шогшров. Төвлөрч уншихгүй байна гэдэг бол эртний спартчууд биеийн хүчний бэлтгэл хийхгүй байгаатай ялгаагүй, тухайн соёлын иргэншлийн хамгийн чухал үйлээ бид хийхгүй байна гэсэн үг хэмээн зүйрлэсэн нь таалагдлаа.
Ингэж хэлсэн нь Райан Холидэйн дурддаг зарим нэг жишээг сануулав. Дасгалжуулагч Жорж Равелинг түүнд “унших үйлийг ёс зүйн зарчим” гэж үздэгээ ярьж байжээ. Генерал Жэймс Маттис “хэрвээ чи их уншдаггүй бол үндсэндээ бичиг үсэггүйтэй адил” хэмээдэг. Марк Твэйн мөн “хэрвээ чи уншдаггүй бол уншиж чаддаггүй хүмүүсээс ялгаа юун” хэмээн айлджээ.
Бичвэрийнхээ төгсгөлд, Калын амьдралдаа унших дадлыг суулгах 7 зөвлөгөөг хуваалцъя:
Үргэлж өөрийгөө сорих ном унш. Баримтат, баримтат бус ялгаагүй. Сэтгэл зүй, сэтгэл хөдлөлийн хувьд таныг шинэ газар, шинэ талбарт аваачих ном унш.
Хэвлэмэл ном унш. Kindle бол ОК. Гар утас, таблет дээр битгий унш.
Сонирхолтой, таатай газруудад ном унш. Уншихыг таатай зүйл байлга. Цэцэрлэгт хүрээлэнгийн сандал дээр, дуртай кофе шопдоо унш. Англичууд шиг паабд уншсан ч болох.
Цаг гарга. Сайн ойлгож уншихыг эрмэлз. Уншиж буй зүйлийнхээ тухай өөр газраас нягталж унш.
Уншсан номын тоо чухал биш. Хэр их цаг зарцуулж байна вэ гэдэг чухал. Яаралгүй, тогтмол, нухацтай унших нь чухал.
Тэмдэглэл хийж унш. Уншсан зүйлсээ хооронд нь холбо, нэгтгэн дүгнэ.
Уйдсан үедээ дэлгэц харахыг аль болох багасга. Ингэснээр таны тархи уншихад бэлтгэгдэнэ.
Тухайн подкастыг сонсох: