Тим Феррисийн “Tribe of Mentors” номдоо салбар салбарын сайчуулд тавьсан нэг асуулт бол “Таны ажил мэргэжил, салбар чиглэлд дуулддаг тааруу зөвлөгөө юу вэ?” гэсэн асуулт юм. Өнөөдөр, тэр хариултууд дундаас таашаасан заримаа сонгон орчууллаа. Зөвлөгөө өгнө, зөвлөгөө авна гэдэг бол бас ч амаргүй эд. Остин Клеон “Бид зөвлөгөө өгөхдөө өнгөрсөн дэх өөрсдөдөө л ханддаг” гэснийг буюу хүн бүр өөр, нөхцөл байдал бүр өөр гэдгийг санууштай. Нөгөөтээгүүр, Түвшингийн бичсэнчлэн, нэг л илэрхийлж чадахгүй атлаа дотроо бодоод л, тээгээд л яваад байсан зүйлсийг сүрхий амжилтад хүрчихсэн хүн яг таг оноод хэлчихсэн байхыг унших, сонсох бидэнд жигтэйхэн ханамж өгөх нь бий.
“Таны ажил мэргэжил, салбар чиглэлд дуулддаг тааруу зөвлөгөө юу вэ?”
Соман Чайнани – Кино бүтээгч, Нью Йорк Таймсын бестселлер зохиолч:
“Бүтээлч ажлаа орлогынхоо ганц сурвалж байлгах гэж өөрсдөдөө их дарамт өгдөг ирээдүйтэй артистууд олон бий. Миний туршлагаар ингэх нь зовлонд хөтөлнө. Бүтээл чинь таны орлогын ганц сурвалж болчихвол асар их дарамт ирнэ. Мөнгөний дарамт бол бидний дотор байдаг бүтээлч шидтэнүүдийн дайсан юм. Орлогын өөр сурвалжтай байх нь тэр дарамтыг багасгана. Бүтээл чинь мөнгө өгөхгүй байсан ч танд өөрийгөө тэжээх боломж бий. Ийм нөхцөлд бүтээлч оршихуй ч хөнгөн шингэн болж, сайн бүтээл хийх эрх чөлөөтэй болно.
Энэ санааг би өөрөө хэрэгжүүлдэг. Гурван ном биччихсэн, киноны өндөр дүнтэй хэлэлцээр хийчихсэн хэрнээ л би хүүхдүүдэд цагаар хичээл зааж, коллежийн өргөдлөө гаргахад нь тусалдаг юм. Миний найзууд энэ байдлыг минь ойлгодоггүй. Харин би, энэ бол миний хувьд амьдралаа дэнчин тавьчихсан юм шиг мэдрэмжгүйгээр сэтгэл амар бичиж туурвих цорын ганц зам гэдгийг мэддэг.”
Жош Вайцкин – Топ тамирчид, хөрөнгө оруулагчдын коач, “The Art of Learning” номын зохиогч:
Байлдааны талбарт гарч байгаагүй, өөрийгөө сорьж байгаагүй хүмүүсийн хэлдэг бүх л зөвлөгөө тааруу муудаа орно. Өөрөө үйлддэггүй экспертээс (philosophologist) болгоомжил.
Виталик Бутерин – Ethereum-ийг бүтээгч:
Муу зөвлөгөө гэхээс илүүтэй бага хэлэгддэг сайн зөвлөгөөг хуваалцмаар байна: “Interdisciplinary” буюу салбар дамжсан (салбар салбарын) мэдлэгтэй бай. Миний хувьд компьютер, криптограф, механизмын дизайн, эдийн засаг, улс төр, бусад нийгмийн шинжлэх ухааны судалгаануудыг боломжоороо хараад байдаг юм. Эдгээр салбарын харилцан хамаарлыг ойлгодог байх нь стратегийн шийдвэрүүд гаргахад тусалдаг.
Др. Майкл Жервайс – Амжилтын сэтгэл зүйч (high-performance psychologist), “Compete to Create”-ын хамтран байгуулагч:
“Та оюун санаагаа төвлөрүүлж чадах л юм бол юуг ч хийж чадна”.
Өө, үгүй дээ, энэ бол оновчтой үг биш. Ингэж хэлж байвал зөвлөгөө өгөгч нөхөр хүний амьдралын талаар их гэнэн бодолтой байна гэсэн үг.”
Марие Форлео – “MarieTV” шоуны бүтээгч, “B-School”-ийн үүсгэн байгуулагч. Опра түүнийг “дараагийн үеийн үзэл санааны лидер” хэмээж байв:
Онлайн дагагчидтай болох тал дээр хүмүүсийн гаргадаг нэг том алдаа бол нэгэн зэрэг бүх газар байрших гэж хичээдэг явдал. Тэд олон тооны платформ, хэмжээлшгүй орон зайг дүүргэхийн тулд их хэмжээний дундаж контент хийх гэж зүтгэдэг. Тэр бол мэдээж базаахгүй үр дүнд хүргэнэ.
Хэрвээ та ганцаараа ажилладаг бол платформ бүр дээр сайн байх гэж хичээх нь цаг хугацаа, авьяас чадвар, хүч энергиэ ухаалгаар зарж буй хэрэг биш. Багтай байсан ч гэлээ эхэн үедээ нэг л платформ дээр төвлөр гэж би зөвлөнө. Өөр контентын суваг, өөр сошиал платформ дээр гарахаас өмнө өөрөөсөө би яагаад үүн дээр байх ёстой билээ гэж асуу. Уг талбарт тогтмол контент хийж, бусадтай харилцахад цаг хугацаа, хүч энергиэ зарцуулах бизнесийн шалтгаанууд юу билээ? Бусад ажил үүрэг, урт хугацааны зорилготой минь энэ бүхэн хэр уялдаж байна?
Бизнес эрхлэгчдийн сайн ойлгодоггүй нэг зүйл бол таны идэвхтэй байх сошиал платформ бүр харилцагчийн үйлчилгээний суваг болдог. Хүмүүс тэнд асуулт асууна, мэдээж хэрэг бас гомдоллоно. Үүнийг тооцоорой. Багаасаа нэг хүнийг гарган сошиал сувгуудыг тогтмол шүүрдүүлснээр харилцагчийн үйлчилгээний хямрал, гамшиг болохоос сэргийлнэ. Тухайн платформ дээр идэвхтэй байж чадна гэдэг нь та тэнд байх хэрэгтэй гэсэн үг биш.
Уитни Каммингс – Комедиан, жүжигчин, зохиолч, продюсер:
“Нетвөрк хийж танилын хүрээгээ тэл”. Бүтээлч салбаруудад бол нетвөрк хийх нь ихэнх тохиолдолд бурууддаг гэж би боддог. Надад туслах байх гэдэг санаагаар бусадтай холбогдоход цагаа бүү үр. Зүгээр л хийж буй зүйлдээ сайжир, чадвараа ахиул. Хүртэх эрхтэй болсон цагт чинь боломжууд аяндаа таны өмнө гарч ирэх болно. Өөрийн удирдаж чадах зүйлсэд л төвлөр. Тэр нь юу болохыг мэдэхгүй байвал хэлээд өгч чадах хүнийг хайж ол. Нетвөрк битгий хий. Зүгээр л ажилла, хөдөлмөрлө.
Др. Жим Лоер – Нэрт амжилтын сэтгэл зүйч. “The Power of Full Engagement” номын хамтран зохиогч (Энэ гоё ном. Unread дээр дээр үед би ийн тоймлож байсан):
“Өөрөөрөө бай.”
Би энэ үгийн үндсэн санааг ойлгодог л доо. Гэхдээ энэ үгийг бусдыг өвтгөхөд бас ашиглаж болдог. Олон тохиолдолд хүмүүс “Би зүгээр л өөрийнхөөрөө байна” гэдэг үгээр бусдад таагүй хандаж буйгаа хаацайлдаг. Соёлгүй бүдүүлэг байгаагаа, хариуцлагагүй байгаагаа “Хүүе, би өөрийнхөөрөө байх ёстой биз дээ” гэж өмгөөлдөг хүмүүсийг бид мэднэ. Миний гайхалтай тамирчид, лидерүүд, олон олон хүнтэй ажилласны эцэст ойлгосон нэг үнэн бол: Бид өөрсдийн асуудал бэрхшээл, урам хугаралт, уналт бүтэлгүйтлийг үл харгалзан бусдад хүндлэлтэй, даруу, халамжтай, шударга, талархалтай хандах аваас бидний хүнлэг байдал хамгийн бүрэн дүүрнээрээ илэрдэг. Энэ үед бид хамгийн сайнаараа байдаг гэсэн үг.
Өөр нэг муу зөвлөгөө: “Стрессээс өөрийгөө хамгаал”
Стрессээс сэргийлэх нь стресстэй тэмцэх чадамжийг бууруулахаас өөр шидгүй. Стресстэй тулна гэдэг бүх төрлийн өсөлт хөгжлийн хөшүүрэг байдаг. Өсөлт хөгжил гэдэг чухамдаа стресстэй үеийн дараах амралтын үед бий болдог.
Миний хувьд, стрессийг эн тэнцүү амралттай хослуулах нь гол шийдэл байдаг. Теннис тоглох, дасгал хийх, бясалгал хийх, журнал хөтлөх нь оюуны болон сэтгэлийн сэргэлтийг буй болгодог. Стресстэй үед нойр, хоол, дасгалжилтын дэглэмээ барих нь чухал. Амьдралынхаа нэг салаа мөчирт стрессийг эрэлхийлэх нь нөгөө салаа мөчирт сэргэлтийг буй болгож байдаг. Стрессээс зугтах нь намайг тоглоомоос гаргаж, сул дорой болгодог.
Тэгэхлээр, амьдралдаа өсөж хөгжихийн тулд би стрессийг хайгч байх ёстой.”
Стивэн Прессфэлд – Бестселлер зохиолч. “The War of Art” номыг бичсэнээр бүтээлч салбарынханд их алдаршсан:
Бичихүйн ертөнцөд, бүгд л хүчин чармайлт багатайгаар амжилтад хүрэхийг хүсдэг. Нээрэнгээсээ юу? Хүмүүс бодитой ном зохиол бичихийн оронд хэрхэн ном бичих сэдвээр ном бичих дуртайг яана. Муу зөвлөгөө хаа сайгүй. Уншигч, дагагчдаа нэмэгдүүл л гэнэ. Платформтой бол л гэнэ. Системийг “хак”-дахад суралц л гэнэ. Энэ мэт өнгөц зүйлсийг хийлээ гээд аль нь ч үнэ цэнтэй юм бүтээхгүй. Манай цаг үеийн “хавдар” бол бид өнгөн гадаргуу дээр л амьдардаг болж. “Хэрвээ чи тэрбумтан болмоор байвал хүмүүс эсэргүүцэх хүчээ тавиад туучих хэмжээний зүйлийг зохион бүтээ” гэж би байнга хэлдэг юм. (Эсэргүүцэх хүч буюу “Resistance” гэдэг нь Стивэн Прессфилдийн “The War of Art” номоороо олонд таниулсан ойлголт. Хүний дотор байдаг хэцүү ажил хийхийг эсэргүүцдэг хүч гэж ойлгож болно.) Тэрийг нь үнэндээ аль хэдийн бүтээчихсэн. Юу гээч: Интернэт, сошиал медиа. Энэ “диваажингийн газар” бид нэг өнгөц, анхаарал татсан зүйлээс нөгөө рүү үсэрч, нэг инч ч гүнзгийрэхгүйгээр байнга гадаргуу дээр амьдардаг. Үнэндээ жинхэнэ ажил бүтээл, жинхэнэ сэтгэл ханамж гэдэг интернэтийн өгч буйн яг эсрэг зүйлсээс урган гардаг юм. Тэдгээр зүйлс ямар нэг юмыг гүнзгий хийхээс, ном бичихээс, цомог гаргахаас, кино хийхээс, тэр орон зайдаа маш удаан хугацаанд байхаас урган гардаг юм.”