САНАА
Өнөөдрийн товшлолдоо “idea” буюу санааны тухай бичье.
Санаа гэдэг миний хувьд хамгийн секси зүйл. Энэ ямар гоё санаа вэ, энийг ямар гоё хэлээ вэ, энэ тэрний хэлж байсныг яг хэлж шүү гээд л баясна. Энэ сонирхолдоо хөтлөгдөн Товшлолыг сэдсэн, сүүлийн үес тууштай бичин уншигчдаас урмын үгс дуулах болсондоо баяртай л байна.
Санаа гэдэг бол өргөн ойлголт. Долоо хоног бүр товшлол илгээх ч санаа, цалингийнхаа 20 хувийг хадгалдаг байх ч санаа, физикийн нээлт хийх ч нэг санаа. Өнөөдөр энд бүтээлч санаа гаргах, бусдаас ялгарахуйц ажил бүтээл хийхтэй холбоотой санаанууд хуваалцъя.
Технологийн дэвшил, интернэтийн хөгжилтэй уялдан хүмүүс өөрийн санаа, бүтээлч сэтгэлгээг бусдад тун амархан дэлгэх боломжтой болсон. Улмаар контент гэдэг зүйл хүчээ авч, “Creator economy” гэсэн ойлголт гарч ирсэнтэй холбоотойгоор шинэ санаа олдог, хөгжүүлдэг байх нь улам л чухал болж ирж байна.
Хэрхэн шинэ санаа олох вэ гэсэн асуултад товч бөгөөд даацтайгаар хариулт өгсөн сурвалж бол Остин Клеоны “Санаа авахаас бүү ай” ном билээ. “Цахим эриний тунхаг” хэмээн тодорхойлж болох, санаатай ажилладаг, бүтээлч байхыг эрмэлздэг хүмүүсийн уншвал зохих энэ классик саяхан нэг сая хувь борлогдсон тухай зохиогч нь бичсэн байна лээ.
Остин Клеоны бичсэнээр бол “Шинэ санаа бүр ердөө л хоёр буюу түүнээс олон санааны нийлбэр, хольц байдаг.”
Шинэ санаа бол хольц/нийлбэр гэснийг санахлээр Навал Равикантын энэ яриа санаанд ордог юм:
“Чи циркт очоод баавгай харвал яахав сонирхолтой л доо, гэхдээ гойд сонирхолтой биш. Харин нэг дугуйт жийж буй баавгай харвал маш сонирхолтой. Нийлүүлчихнэ гэж бодохооргүй зүйлсийг нэгтгэж нийлүүлбэл тун сонирхолтой зүйлс гарч ирдэг. Брюс Лийг аваад үз дээ. Тулааны урлаг + Гайхалтай философи, бодрол.”
Эргээд ном руу буцахад, тэнд ийм мөрүүд бий:
“Чи ээж, аавынхаа аль алинаас зарим шинж чанаруудыг нь авч төрсөн. Гэхдээ чи бол аав, ээжээсээ өвлөн авсан зүйлсийн нийлбэрээс том билээ. Чи аав, ээжийнхээ, бас бүх л өвөг удмынхныхаа хольц юм.
Тэгвэл чамд ургийн мод гэж байдаг шиг санааны мод гэж бас бий. Чи гэр бүлээ сонгодоггүй ч багш нараа, найзуудаа, мөн сонсох хөгжмөө, унших номоо, үзэх киногоо сонгож чадна. Үнэндээ чи өөрийн амьдралд хүлээн зөвшөөрч буй зүйлсийн нийлбэр юм. Германы зохиолч Гетё ‘Дурладаг, сонирхдог зүйлс минь биднийг буй болгодог’ хэмээсэн билээ.”
Өөрөөр хэлбэл юу уншихаа, хэнтэй найзлахаа, сошиал дээр хэнийг дагахаа сонгохдоо бид ирээдүйн бодол санаагаа сонгож байдаг байх нь.
Уг номын гол санаа бол: Юу ч оригинал биш. Тиймээс бусдыг хуулбарла, санаа ав. Тэгмэгц аяндаа чамд шинэ санаанууд төрнө, урдах зам чинь тодорно.
Номоос өөр хоёр жишээг хуваалцъя:
“ ‘Урьд нь хэний ч хийгээгүй хөдөлгөөн гэж үгүй.’ Сагсан бөмбөгийн од Коби Брайнт өөрийн бүх л хөдөлгөөнийг шүтээнүүдийнхээ видео бичлэгийг үзэн өөрийн болгосон гэж ярьсан байдаг. Гэхдээ тэр бүх хөдөлгөөнийг дуурайх гэж хичээх үедээ цаадуулаасаа биеийн хэлбэр, хэмжээ нь өөр учраас бүрэн төгс гүйцэтгэж чадахгүйг ойлгосон байна. Ингээд Коби мөнөөх хөдөлгөөнүүдийг биеийнхээ хэлбэр, онцлогт нийцүүлэн өөрийн болгож өөрчлөх болжээ.”
“Хэрвээ чи нэг л хүний нөлөөг авсан бол хүн болгон чамайг “дараагийн хэн” гэх болно. Харин чи зуун хүнээс хуулбал хүн болгон чамайг үнэхээр шинэ, содон гэх болно.” –Шог зураач Гари Пантер
Одоо номоос хальж, санаагаа яаж хөгжүүлж сайжруулах вэ гэдэг дээр хоёр санаа:
Энтрепренер, компьютер судлаач Артур ван Хофф санаан дээрээ сайтар ажиллах тухайд:
“Олон жилийн туршлагаасаа би анхны санаа тийм ч чухал бишийг ойлгож авсан. Энэ бол чамд аливааг хийхэд түлхэц л өгөх зүйл. Дараагаар нь чи энэ санааны юу нь болохгүй байгааг ойлгож татгалзсан хариу авах, паникт орох, харамсах зэрэг үе шатуудыг туулна. Тэгээд эцэст нь чи илүү сайн санаатай болно. Эхний биш хоёр дахь санаа үргэлж чухал байдаг.”
Автор Жэймс Клир:
“Тэвчээртэй байдал ба олон хувилбар. Эд бол гайхалтай санаануудыг хөгжүүлэх, чухал проблемуудыг шийдэх арга зам юм.
Аливаа сэдэвт анхаарлаа маш удаан хугацаанд хандуул. Хэдэн долоонгоор (долоо хоног), магад хэдэн жилээр. Тэр завсар олон фронтоор давшаад үз. Хувилбарууд бий болгож, салаа замуудыг эрэлхийлж, бүтэхгүй тэнэг санаануудыг ч санал болго. Өөр олон салбарын ойлголтуудыг “сopy & paste” хийж, ямар үр дүн гаргахыг нь хар. Тэр зуураа, одоогоор олоод буй хамгийн сайн шийдлээ сайжруулсаар бай.
Үнэхээр гоц гойд санагдах тэр санаа зүгээр л тэвчээртэй, олон хувилбартай байсны үр дүн байж болно.”
***
Энэ далимд нэг сайхан мэдээ дуулгахад, “Санаа авахаас бүү ай” номын дараагийн боть болох “Show Your Work"-ыг миний бие орчуулан тун удахгүй хэвлүүлэх гэж байгаа. “Бүтээлч байдлаа хуваалцаж, бусдад анзаарагдах 10 арга" гэсэн тодотголтой уг ном бүтээлч байхыг эрмэлздэг хүмүүсийн гарын авлага болно гэдэгт итгэлтэй байна.
Ганзогийн товшлолыг уншсанд баярлалаа. Тус товхимол үнэгүй хүрч байгаа билээ. Хэрвээ танд бичвэрүүд таалагдсан бол, ямар нэг хэрэгтэй санаа өгсөн бол хоёр аргаар намайг дэмжээрэй: 1) Энэхүү Товшлолыг сошиал медиад хуваалцах 2) Манай Арвис Паблишингаас эрхлэн гаргасан номуудаас худалдаж авах → www.arvispublishing.com
Ёсолсон,
Ганзо
Арвисын шинэ номууд: Таван тойргийн судар & Галатеа