САНАА
Өчигдөр ментор/ментийтэй (mentee - ментороос суралцагч) холбоотой сэдвээр юм бичнэ дээ гэж бодож яваад ментороо гэж хүндэлдэг найзтайгаа таарав. Надад тусалсан нэг ажлынхаа тухайд “Нөгөөдөх чинь юу болж байна?” гэв. Би хариу хэлтэл жаахан эртхэн холбогдоод ийм ийм болж байна гээд ярилцаад явахгүй дээ гэсэн санаа хэлж байна. Нээрээ би нэг холбогдохгүй яав, зарим зүйл дээр хэрэгтэй зөвлөгөө өгөх байсан даа гээд өөртөө жаахан урам хугарав. Ментортой холбоотой өргөн сэдвийн яг аль талыг нь барьж бичих вэ гэж бодож байсан тул энэ явдлаас улбаалан хэрхэн сайн ментий байх тухайд бичье гэж саналаа.
Бэн Каснока энэ сэдвээр мэдүүштэй зүйлс бичсэн байдаг даа гээд хайтал “Өндөр бүтээмжтэй ментийгийн 6 дадал” гэсэн бэлээхэн сайн нийтлэл гарч ирэв. Урт биш учраас орчуулаад тавьчихъя, өнөөдөр.
“Та өөрөө стартап компани” номыг хамтран бичсэн тэрээр LinkedIn-ий үүсгэн байгуулагч Рийд Хоффмантай ментор-ментийгийн үлгэр жишээ харилцаа үүсгэсэн байдаг. Энэ номоос гадна “Alliance” номыг хамтран бичиж, “Chief of Staff”-аар нь хэдэн жил ажиллаад дуусахдаа “10000 Hours with Reid Hoffman: What I Learned” гэсэн авах санаа ихтэй, урт гэгчийн нийтлэл бичсэн байдаг билээ.
Өндөр бүтээмжтэй ментийгийн 6 дадал
Асуух асуултууд маш чухал
Муу асуултын жишээ: “Би ямар карьер хөөх хэрэгтэй вэ?”. Үүний хариуд ментор чинь эргээд чамаас юм асууна, эсвэл өөрийнхөө хийдэг зүйлтэй холбоо хамааралтай хариу өгнө.
Сайн асуултын жишээ: “Би хоёр ажлаас сонголт хийх хэрэгтэй болоод байгаа юм. Аль аль нь давуу, сул талуудтай. Та юу гэж бодож байна? Би аль хүчин зүйлийг илүүд үзэх хэрэгтэй вэ? Цалин, байршил гэх мэтээс.”
Өөрөөр хэлбэл, сонголтуудаа гарган тавиад тэдгээрийг үнэлж цэгнэхэд туслалцаа ав.
Ментийнүүдийн түгээмэл асуудаг, миний зөв биш гэж боддог асуулт: “Та миний оронд байсан бол юу хийх байсан бэ?” Энэ асуулт хоёрдмол утгатай. Нэг бол “Та энэ нөхцөл байдалд юу хийх байсан бэ?” буюу ментор чинь өөрийн нөхцөл байдлыг үнэлээд юу хийхийг асууж буй хэрэг. Энэ бол чиний мэдэхийг хүсэж буй зүйл биш. Нөгөө нь “Хэрвээ та миний оронд байсан бол, надтай адил давуу, сул талууд, боломж, эрсдэлүүдтэй байсан бол юу хийх байсан бэ? ” Энэ тохиолдолд ментор чинь (ер нь хэн ч) чамайг дотор гадаргүй мэдээд, сайн хариулт өгөх хэцүү. Тэгэхээр аль ч талаасаа энэ асуулт тусгүй.
Хүчтэй итгэл үнэмшилтэй бай. Гэхдээ өөрчилж болохуйц!
Энэ магадгүй хамгийн хэцүү дадал: Хэрхэн мэдлэг туршлагагүй, цагаан цаас шиг хийгээд нээлттэй байдлыг (буюу менторынхоо санаа, зөвлөмжид чин сэтгэлээсээ анхаарал хандуулж, болбол тэдгээрийг өөрийн амьдралд хэрэгжүүлэх) үзүүлэнгээ өөрийн санаа бодол, итгэл үнэмшлээр дамжуулан ментортоо өөрийн чадамжийг харуулах вэ? Өөрөөр хэлбэл, менторууд өөрсдөө нөлөө үзүүлж чадах хүмүүст л зааж зөвлөхийг хүсдэг. Гэхдээ тэд амжилтад хүрч чадна гэж бодсон хүмүүстээ л нөлөөлөхийг хүсдэг юм. Тэгтэл амжилт олох магадлалтай хүмүүс угийн аливаа зүйлсийн талаар өөрийн гэсэн үзэл бодолтой байдаг. Өөрийн санаа бодлыг илэрхийлэхгүйгээр зуу зуун асуулт тавих, эсвэл менторынхоо хэлж буй бүх л зүйлд дуулгавартай гэгч нь толгой дохих зэрэг нь чамайг хэтэрхий “түүхий” гэсэн ангилалд оруулна. Нөгөө талаар, бүх л зүйлийн учрыг олчихсон мэт аашлах нь менторын хүслийг ялгаагүй унтраана. Хэн л өөрт нь тусламж хэрэггүй гэж боддог хүнд туслахыг хүсэх билээ дээ?
Тэгэхээр, энэ хоёр туйлын дундуур хэрхэн балансалж явах вэ? Одоо өөрт төрж буй итгэл үнэмшил, санаа бодлоо ментортоо сайн тайлбарлаад үзээрэй: Ийм учраас би ингэж мэдэрч байна, миний итгэлтэй байдал иймэрхүү түвшинд байна гэх мэт.
Алс хэтээ бодсон харилцаа тогтоо
Менторын харилцаа гэдэг яг л нөхөрлөл ба романтик харилцаатай адил. Цаг хэрэгтэй. Магад олон жил. Харилцаа чинь сайн үргэлжилж байвал толгой дахь асуулт, санаа бүрээ нэг уулзалтад ярих гэж бүү хичээ. Жаахан хазай. Бас гүнзгийр. Цөөн зүйлсийн тухайд эргэн дурсахуйц харилцан яриа өрнүүл. Харилцаанд хуурмаг, ашигч хандлага бүү гарга.
Ойрын зорилттой хамаагүй сэдвүүдэд ч нээлттэй бай
Чи стартап эхлүүлж байгаа бөгөөд энэ чиглэлд мэргэшсэн эксперттэй уулзлаа гэж бодъё. Хэрхэн амжилттай стартап босгох тухайд түүний мэдлэг туршлагаас чи суралцана. Гэхдээ нэг асуудал: Хүн бүр наад хүнээс чинь стартапын тухай асууж байгаа. Тэр дандаа ижилхэн зөвлөгөө өгсөөр залхчихсан байгаа. Тэгэхээр арай өөр сэдвүүдээр санаа бодлыг нь сонсвол ямар вэ. Шашин? Улс төр? Бүдэг жимээр алхаад үз.
Жишээ нь, хэрвээ чи залуу хүн бол хүн бүр л чамд коллеж, дээд боловсролын тухай зөвлөгөө өгөхийг хүснэ. Түүнийг нээлттэй хүлээж ав.
Анх тухайн менторыг сонирхох шалтгаан болсон сэдвээрээ ярилцах цаг ирээдүйд тэртэй тэргүй зөндөө гарна.
Санаа тавин холбогд (жилд ядахнаа 4 удаа)
Удаан хугацааны харилцаа үүсгэе гэвэл байнгын холбоотой байх хэрэгтэй. Холбоотой байх гэдэг нь юу гэсэн үг вэ? Жилд нэг уулзах? Хэдэн сард нэг имэйл бичих? Утсаар ярих? Ерөнхийдөө байдлаасаа хамаарна.
Юу ч нүүр тулсан уулзалтыг гүйцэхгүй. Тиймээс биеэр уулзахыг зорь, хэдий завгүй хүмүүсийг барьж авах хэцүү ч гэлээ. Адаглаад, жилдээ дөрвөн удаа имэйл бич.
Харилцаа холбоо үүсгэхдээ хувийн амьдралд нь санаа тавьж сониучирхах хэрэгтэй. Ментор чинь ч хариутай байж, чиний амьдралыг сонирхоно. Хамаатай нийтлэл илгээ, компанийнх нь саяхан хийсэн алхмын тухайд сэтгэгдлээ хэл. Түүний нэрээр Google News Alert үүсгэ.
Хэрвээ ментор чинь блог уншдаг бол блог бичих нь холбоотой байх сайн аргуудын нэг. Энэ нь илүү ойр ойр харилцах боломжийг олгоно. Имэйл бичвэл цаад хүн чинь уншаад хариу хэлэх “өр”-нд унадаг. Эсрэгээр, блог пост бичихэд цаад хүнд чинь хариу бичих ямар нэг дарамт үүсэхгүй. Гэхдээ бичсэнийг чинь ялгаагүй л унших байх.
Харилцаа холбоондоо илүү бүтээлч байхыг хичээгээрэй. Хэлбэрийн хувьд ч (Ил захидал туршаад үз), цаг хугацааны хувьд ч (баярын өдрүүдээр хэзээ ч битгий апдэйт илгээ).
Ментороороо бүү ажил хийлгэ
Чамд хэрхэн зааж зөвлөх тухайд ментор чинь толгойгоо гашилгаад байдаг байж болохгүй. Чамд ямар тусламж хэрэгтэй байна, түүнийг ментор чинь биш чи өөрөө бодох хэрэгтэй.
Түүнээр дамжуулан хэн нэгэнтэй танилцмаар байна уу? Гурван сонголтын аль нь хамгийн сайн бэ гэдгийг хэлүүлмээр байна уу? Кофе уунгаа ярилцвал зохих хувийн амьдралтай холбоотой асуулт байна уу? Өөрөө санаачилгатай бай. Чамд зовлонгүй менторлодог байх нөхцөлийг бүрдүүл.
***
Чухал санаанууд байгаа биз? Ментортой холбоотой сэдвээр дараа дахин дахин бичих завшаан гарах байх аа. Төгсгөлд нь Шэрил Сандбергийн “Өөдөө тэмүүл” (Lean In) номоос ганц санаа дурдъя. Өчигдөр, менторын харилцааны талаар цэгцтэй ойлголт өгдөг, “Та миний ментор мөн үү?” гэсэн бүлгийг нь эргэж нэг уншсан юм л даа. Энэ харилцаанд нэг нэгийгээ заавал ментор, ментий гэж тодорхойлох албагүй тухайд Шэрил:
“Нэр томьёог ерөөс яаж ч тайлбарлаж болно. Google-д байхдаа би багийнхаа тун чадварлаг нэгэн бүсгүйг тоож, хэдэн жилийн турш том шийдвэр гаргах бүрд нь зөвлөдөг байлаа. Би түүнийг өсөн дэвжихэд нь их цаг зарцуулсан хэдий ч ‘ментор’ гэх үгийг ер хэрэглэдэггүй байв. Харин тэгтэл өнөөх маань нэгэн өдөр өөрийгөө ‘хэзээ ч ментор юм уу харж ханддаг хүнтэй байгаагүй’ гэж эрс шийдэмгий хэлдэг байна шүү. Би түүнээс ямар хүнийг ментор гэж боддог юм бэ гэж асуухад өөртэй нь долоо хоногт ядаж нэг цаг ярилцдаг хүнийг гэв. Би хариуд нь инээмсэглээд, дотроо ‘Тэр чинь ментор биш ээ, сэтгэл заслын эмч’ хэмээн бодсон сон.”
Ганзогийн товшлолыг уншсанд баярлалаа. Тус товхимол үнэгүй хүрч байгаа билээ. Хэрвээ танд бичвэрүүд таалагдсан бол, ямар нэг хэрэгтэй санаа өгсөн бол хоёр аргаар намайг дэмжээрэй: 1) Энэхүү Товшлолыг сошиал медиад хуваалцах 2) Манай Арвис Паблишингаас эрхлэн гаргасан номуудаас худалдаж авах → www.arvispublishing.com
Ёсолсон,
Ганзо
***
Арвисын шинэ номууд: Таван тойргийн судар & Галатеа