САНАА
Уолтер Айзаксон бээр Бэнжамин Франклин, Альберт Эйнштэйн, Леонардо да Винчи, Стив Жобс зэрэг дэлхийн түүх дэх сор болсон эрдэмтэн, бүтээгч хүмүүсийг даамай судалж, намтрыг нь бичсэн билээ. Түүний судалсан хүмүүс юугаараа онцгой вэ гэсэн асуултад тэр ингэж хариулдаг:
Сониуч зан!
Леонардо да Винчи “Тэнгэр яагаад цэнхэр байдаг юм бол?”, “Тоншуулын хэл ямар харагддаг бол?” гэж сониучирхдаг байсанчлан, эдгээр эрхмүүд өөрсдөдөө олон асуулт тавьж, мэдэж суралцахыг урьтал болгодог байжээ.
Эйнштэйн нэгэн захидалдаа “Надад онцгой авьяас байхгүй. Би онцгой сониуч хүн” гэж бичсэн гэдэг. Тэрээр мөн:
“Асуулт тавихаа зогсоохгүй байх нь чухал. Сониуч зан оршин байдаг нь учир шалтгаантай юм шүү. Мөнх оршихуй, амьдрал хийгээд бодит байдлын гайхам нууцуудыг бодон эргэцүүлэхүйеэ хүн гэгч гайхширахаас өөр яах билээ. Хүн өдөр бүр энэ нууцуудаас жаахныг нь ч болов нээж ойлгох гэж хичээдэг байхад л хангалттай” хэмээн бичжээ.
Автор Жэймс Клийрийн хэлж байгаагаар, энэ цаг үе бол сониуч хүний хувьд хамгийн гайхалтай цаг мөч гэнэ. Интернэтэд холбоотой хүн бүхэн их сургуулийн хэмжээний боловсролтой, медиа компанийн хэмжээний түгээх хүчтэй болох боломжтой болсон. Сониуч байдал, зориг, тууштай байдал бол орчин цагийн “нэвтрэх тасалбар” гэнэ.
Тэрээр мөн ийн бичжээ: “Сониуч байх, суралцах эрмэлзэлтэй байх нь амьдралын хамгийн чухал чадвар гэдэгт улам бүр итгэх боллоо. Хэрвээ чи сониуч биш бол бусад хүмүүст чиний төлөө хийж чадах зүйл нэг их байхгүй л болов уу. Харин суралцах эрмэлзэлтэй бол, хэдий онцгой авьяастай биш байсан ч гэлээ, чиний урд боломжтой зүйлс өчнөөн бий.”
Сониуч зангийн мөн чанарын тухайд Адам Грантын нэг ийм жиргээ бий:
“Илт хэрэглээ үгүй мэдлэгийн араас хөөцөлдөх нь сониуч зангийн илэрхийлэл. Насан туршдаа суралцагч байна гэдэг бол, олж мэдсэн зүйлс нь ажил амьдралд хамаатай эсэхийг үл харгалзан баяр баясалтайгаар мэдлэгийг эрэлхийлдэг байхын нэр юм. Энэ эрэлхийллийн зорилго нь ашиг тус хүртэхийн төлөөнөө бус, гагцхүү ойлгож мэдэхийн төлөөнөө ойлгож мэдэх явдал юм.”
Хэдий ашиг тусыг эн тэргүүнд тавихгүй байлаа ч сониуч зан эцэстээ үр өгөөж авчирдаг тухайд Остин Клеон блогтоо ийн бичсэн байна:
“Би өөрөөсөө өдөртөө нэг удаа ‘Би яагаад үүнийг сониучирхахгүй байна?’ гэж асуудаг юм. Бусдын адил би байнга л юунд анхаарал тавих, тавихгүйгээ сайтар ялган зааглахыг хичээдэг. Тийм ч учраас өөрийгөө заримдаа хааж орхидог. Гэхдээ бас би нээлттэй байх ёстой. Миний сонирхохгүй орхисон зүйлс үнэхээр сонирхолтой зүйлс байж таарвал яах юм?
Энэ дилеммагаа Би Кевин Келлид дурдаж байв. Тэгэхэд мань эр өөрийн номд багтаасан нэг зөвлөгөөг хэлж билээ:
‘Том өгөөж хүртье гэвэл, ялангуяа өөрийн сонирхдоггүй зүйлсийг сониучирхдаг бай.’ "
Цаадах нь Кевин Келли гэхээр их сонирхолтой байгаа юм. Энэ хоёр бол миний мэдэх хамгийн сониуч хүмүүс. Аль алиныг нь бусад хүмүүс, хэвлэлүүд “интернэт дэх хамгийн сонирхолтой хүн” гэж тодорхойлж байсан удаатай.
Остин Клеоны блогоос бас Нина Катчадуриан хэмээн артисттай танилцлаа. Түүний тухай өгүүлсэн “Curiouser” гэдэг ном байдаг юм байна. Артист Нина сониуч хүн буюу “curiouser” гэх үгийг, хүн хуульч болдог шиг сониучирхагч болдог мэтээр, өөрөөр хэлбэл албан нэршил байдлаар ашигладаг болбол гоё хэмээжээ. Надад бас таалагдав. Сошиал био дээрээ “Curiouser” гээд тавьчихмаар санж.
Эцэст нь нэг эшлэл. Интернэтийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан ч 26-хан настайдаа харамсалтайгаар амиа алдсан Аарон Шварц “Сониуч бай. Их унш. Шинэ зүйлсийг турш. Оюун ухаан гэдэг бол явж явж сониуч байдал юм” хэмээсэн гэдэг. ОК, оюун ухаан гэдэг бол сониуч байдал аж.
Ганзогийн товшлолыг уншсанд баярлалаа. Тус товхимол үнэгүй хүрч байгаа билээ. Хэрвээ танд бичвэрүүд таалагдсан бол, ямар нэг хэрэгтэй санаа өгсөн бол хоёр аргаар намайг дэмжээрэй: 1) Энэхүү Товшлолыг сошиал медиад хуваалцах 2) Манай Арвис Паблишингаас эрхлэн гаргасан номуудаас худалдаж авах → www.arvispublishing.com
Ёсолсон,
Ганзо
***
Арвисын шинэ номууд: Таван тойргийн судар & Галатеа