Бид энэ амьдралд өөрсдийн хүсэл зориг, сонголтоор ирээгүй. Аль улсад, ямар гэр бүлд төрөхөө, ямар хүйстэй болохоо, хэр өгөгдөлтэй хүн болохоо бид сонгоогүй. Харин өсөж томрон ухамсар суух үеэс өөрийн сонголт, шийдвэрийг гаргаж эхэлдэг. Эндээс бид амьдралаа удирдаж эхэлнэ, амьдрал гэдэг сонголтуудын хэлхээ болон хувирах бөлгөө.
Энэ үеэс бидний амьдралд шийдвэр гаргалт хамгийн чухал болж ирнэ. Навал хэлэхдээ, хөшүүрэгт (leverage) суурилсан өнөөгийн эринд шийдвэр гаргалт бол бүх юм гэсэн. Өөрөөр хэлбэл хүн хүч, капитал, технологи (контент, код) зэрэгт хөшүүрэгт суурилсан, гаргасан шийдвэрүүдийн маань үр дүн эдгээр хүчин зүйлсээр үржигдэх боломжтой энэ цагт 70 хувийн зөв шийдвэр гаргалт, 80 хувийн зөв шийдвэр гаргалт хоёрын хооронд асар их ялгаа бий хэмээжээ. (Хөшүүрэг гэх ойлголтын тухай дараа жич товшъё.)
Шийдвэр гаргалт бол байнга сайжруулж болох ур чадвар. Энэ чадвараа сайжруулах хамгийн зүйтэй арга бол “mental models” буюу бодох загварчлалуудыг ашиглаж сурах явдал юм. Бодох загварчлал гэдэг нь хорвоо дэлхий хэрхэн эргэдгийг, хэрхэн ажилладгийг тайлбарладаг, амьдралд тулгарах асуудлыг зөв харахад тусалдаг онол, ойлголт гэсэн үг.
Навал, би толгойгоо бодох загварчлалуудаар дүүргэдэг гэсэн байсан. Түүний дурдсан, бодох загварчлалуудыг цуглуулдаг/ашигладаг сэтгэгчид: Чарли Мангер, Нассим Талеб, Бэнжамин Франклин
“Би сурсан зүйлсээ хураангуйлан онч үг болгон жиргэдэг. Тархины чадамж хэмжээтэй учраас эдгээрийг илүү гүн ойлголт, зарчмуудыг санах сануулга байдлаар ашиглаж болно. Гэхдээ тэдгээр гүн ойлголт, зарчмуудыг ойлгож мэдэрсэн хувийн туршлага байгаа үед. Тийм туршлагагүй бол эдгээр нь зүгээр л эшлэлийн цуглуулга болно. Тухайн үедээ л урам зориг өгнө, гоё постер хийгээд хадаж болно. Гэвч удахгүй мартана. Бодох загварчлал гэдэг бол өөрийн мэдлэгийг эргэн санах хялбар арга юм” хэмээжээ.
Шийдвэр гаргахад нөлөөлдөг том хүчин зүйл бол “mental errors” буюу өрөөсгөл ойлголт, хандлагууд юм. Наад захын жишээ гэвэл “Survivorship bias” байна. Энэ нь бид аливаа салбарт дандаа ялагчдад төвлөрдөг, тэднийг дуурайх гэдэг хандлага юм. Аливаа арга стратегийг ашиглаж амжилтад хүрсэн цөөн хүнээс суралцах гэж хичээхдээ, яг адил арга стратеги хэрэглэсэн ч тусыг эс олсон мянга мянга, сая сая хүнийг бид зүгээр л мартаж орхидог: “Билл Гэйтс, Марк Зукерберг нар сургуулиа хаясан ч тэрбумтан болсон шүү дээ. Амжилт хүрэхэд сургууль хэрэггүй! Энтрепренер болохын тул анги танхимд цагаа үрж байхаар шууд л эхлэх хэрэгтэй” гэх мэт. Гэтэл тэд мянга мянга, сая сая тохиолдлоос гарсан цөөн, “туйлын” жишээ. Ард нь сургуулиа хаяад бүтэлгүйтсэн тоо томшгүй олон хүн бий. Энэчлэн зөв шийдвэр гаргахад саад болдог бүх л өрөөсгөл ойлголт, хандлагуудыг мэдье гэвэл Непкогоос гаргасан “Цэгцтэй сэтгэх урлаг” номыг сонирхож болох юм.
Шийдвэр гаргах чадвараа сайжруулахад хүчин чармайлт гаргах хэрэгтэй тухайд, зөв шийдвэр гаргах нь тийм ч амар байдаггүй тухайд Farnam Street блогийг үүсгэгч Шэйн Париш ингэж хэлжээ:
“Зөв шийдвэр үнэтэй. Гэхдээ буруу шийдвэрийн төлөөс харьцуулахааргүй их.”
Амьдрал бол сонголтуудын хэлхээ. Энэ хэлхээнд маш чухал гурван сонголт бий: Ямар ажил хийхээ, хэнтэй гэр бүл болохоо, хаана амьдрахаа шийдэх. Энэ том шийдвэрүүдийг зөв гаргаж гэмээнэ амьдрал хавьгүй хялбаршиж ирнэ.
Хаана амьдрах гэсэн чинь Жэймс Клирийн нэг үг санаанд оров:
“Хүмүүс амьдрах хотоо зөв сонгохын чухлыг их ярьдаг. Бүр нарийвчлах хэрэгтэй зүйл бол амьдрах дүүрэг, орчноо зөв сонгох явдал. Миний хувьд, эргэн тойрондоо олон модтой, алхахад таатай газар амьдрах нь өдөр тутмын аз жаргалд хэр их нөлөөлдгийг ойлгоогүй явсан байна лээ. Энэ ялгаа үнэхээр их шүү.”
Жэймс мөн ийн хэлж: “Фокус өндөртэй хүмүүс сонголтоо нээлттэй үлдээдэггүй. Тэд сонголт хийдэг. Хэрвээ чи аль нэгийг нь сонгохгүй бол бүх зүйлд сатаарна.”
Энэ бол бүх л зүйлд сонголт олширсон өнөө цагт байнга санууштай үг мэт. Шийдвэр гаргалтад тууштай байдал чухал. Шийдвэр гарган сонголт хийж байж тухайн зүйлдээ удаан хугацаанд төвлөрч үр дүн гаргах боломж бүрдэнэ. Миний өнгөрсөн онд уншсан сайн номуудын нэг нь Пит Дэвисийн “Dedicated” байсан. Уг номоос олзуурхан тэмдэглэсэн өгүүлбэрүүдээр ээлжит бичвэрээ цэглэе:
“Сонголт хийхийн чухал нь, ‘зөв’ ирээдүйг сонгохоос илүүтэй сонгосон ирээдүйдээ юу хийх тухай байдаг. Стэнфордын Бизнесийн сургуулийн багш Эд Батиста үүнийг, бид зөв шийдвэр гаргахад бус гаргасан шийдвэрээ зөв болгон хувиргахад илүү анхаарах хэрэгтэй гэсэн. Стэнфордын өөр нэг багш, шийдвэр гаргалтыг дагнан судалдаг Баба Шив үүнтэй төстэй дүгнэлт гаргасан нь:
Амжилттай шийдвэр гаргах гол хүчин зүйл бол шийдвэр гаргагчийн сонгосон сонголтод бус, шийдвэр гаргагч тухайн сонголтдоо үнэнч, тууштай үлдэж байна уу гэдэгт байдаг.”
Ганзогийн товшлолыг уншсанд баярлалаа. Тус товхимол үнэгүй хүрч байгаа билээ. Хэрвээ танд бичвэрүүд таалагдсан бол, ямар нэг хэрэгтэй санаа өгсөн бол хоёр аргаар намайг дэмжээрэй: 1) Энэхүү Товшлолыг сошиал медиад хуваалцах 2) Манай Арвис Паблишингаас эрхлэн гаргасан номуудаас худалдаж авах → www.arvispublishing.com
Ёсолсон,
Ганзо
***
Арвисын шинэ номууд: Таван тойргийн судар & Галатеа