Хүмүүний мандан бадралыг философич Ницше “amor fati” буюу хувь заяаг хайрлах үзэл хэмээн томьёолсон гэдэг. Тэрбээр бичсэн нь:
“Amor fati бол юуг ч өөрчлөхгүй байхыг хүсэх; өнгөрсөнд тохиосон, ирээдүйд тохиох, хэзээ нэгтээ учрах зүйлс шударга уу гэж шүүн харахгүй байх. Зайлшгүй тохиолыг зүгээр л даван туулаад өнгөрөх бус, нуун дарах бус, харин тохиолдож буйг нь баяртайгаар хүлээн авах!”
Тэгвэл автор Роберт Грийн ийн бичжээ:
“Би Ницшегээр дамжин amor fati-г олж мэдсэн. Хувь заяагаа хүлээн зөвшөөрөх энэ хүч маш агуу, бараг л ойлгож ухаарах боломжгүй гэмээр агуу учраас би энэ ойлголтод бүрнээ автсан. Юм бүхэн ямар нэг учир шалтгаантай болоод л тохиолддог, гагцхүү тэр шалтгааныг эергээр харж, идэвхтэйгээр ашиглах эсэх нь биднээс өөрсдөөс хамаарна.”
Стоикууд “amor fati”-г талархан үздэг байв. Хоёр мянган жилийн өмнө, хожмоо “Бодролууд” хэмээн нэрлэгдсэн хувийн тэмдэглэлдээ, Ромын хаан Марк Аврелий:
“Дүрэлзэгч гал болбоос өөр лүү нь шидсэн бүхий л зүйлээс очис, гэрэл ялгаруулах буюу” хэмээн бичсэн нь галыг хувь заяатай адилтгасан хэрэг байв.
Өөр нэгэн стоик, нэгэн цагт боол байсан Эпиктет мөн ингэж бичсэн билээ:
“Бүх зүйл хүссэнээр чинь болоосой гэж бүү хүс, харин болох ёсоороо болоосой гэж хүс. Тэгж чадвал чи амар амгалан байх болно.”
Amor fati бол өөрт тохиолдсон аливаа зүйлээс сайн талыг нь олж харах, хүлээн зөвшөөрөх сэтгэлгээ юм. Хэчнээн хүнд хэцүү байлаа ч амьдралын агшин хормуудаас зугтах бус нүүрэлдэх тухай ойлголт. Бүр цаашилбал, аливаа зүйлийг хүлээн зөвшөөрөөд зогсохгүй баяртайгаар талархан угтах ойлголт. Хүчилтөрөгч галыг улам өрддөгтэй адил хүмүүн бид аливаа зовлон бэрхшээлийг өөрийн потенциалд хүрэх түлш болгон ашиглаж болох билээ.
Яруу найрагч Райнер Мариа Рилкегийн хэлсэнчлэн “Амьдрал чамд тохиолдог. Надад итгээрэй: Амьдралын зөв байдаг, хэзээд.”
Амьдрах урлагийг гайхалтай эзэмшсэн өөр нэгэн эрхэм amor fati-г насан туршдаа баримталж ирсэн байдаг. Тэр бол Монтэнь. Сара Бэйквэлл Монтэнийн намтрыг “Хэрхэн амьдрах вэ?” асуултад өгөх 20 хариулт-эсээ болгон бишрэм хүүрнэсэн. Тус номоос amor fati-тай холбоотой хэдэн өгүүлбэрийг хуулъя:
“Энэ цагаас эхлэн Монтэнь үхлийн хөнгөн, хөвөлзөгч чанарыг амьдралдаа бага ч гэсэн шингээхийг хичээх болжээ. Сүүлд бичсэн эсээндээ “таагүй нөхцөл байдал” хаа сайгүй, гэхдээ би “гүн рүү нь шунгалгүй, орчлонгийн аясаар хөнгөн амьдарвал дээр” гэсэн байдаг. Зөнгөөрөө хөвөлзөж амьдрах ухаанд суралцсан он жилүүдэд тэр айдсаа ардаа орхиод, амин голоор нь сүлбэн орсон амьдрал гээч эд судлууштай сонирхолтой зүйл юм гэдгийг таньж мэджээ.”
“Хүн аливааг байгаагаар нь хүлээн зөвшөөрч чаддаг байх ёстой, чингэхдээ өөрийн чин хүслээр, өөрчлөх гэж дэмий тэмүүлэлгүйгээр шүү. Үргэлжид л ийм бодолтой байж ирсэн Монтэнийн хувьд энэ огтхон ч хэцүү биш байв. ‘Амьдралаа эхнээс нь дахин туулах болбол би яг л ингэж амьдрах байсан’ хэмээн тавиун өгүүлсэн нь бий.”
“Монтэнь Жойс шиг үгсээ бялддагүй ч эргэн өөрчилж, задалж, дэлгэрүүлдэг байв. Номоо байнга эргэж хардаг хэр нь хасах бодол төрдөггүй бололтой, нэмж л оруулдаг байв. Гэмшиж харуусах гэдэг түүний амьдралд ч, туурвилд ч харь мэдрэмж байлаа. Монтэнь amor fati буюу юу ч тохиолдсон инээмсэглэн угтах зарчимдаа хөдөлбөргүй үнэнч ажээ. Түүний энэ үзэл өнгөрсний алдаа эндэгдлийг зогсолтгүй наманчилж, өр нүглээ цайруулж бүхнийг шинээр эхлэхийг ухуулдаг Христийн шашны номлолоос ялгарч байв. Урьд хийсэн зарим зүйлс нь утгагүй санагдавч тэгэхэд өөр хүн байснаа бодолцон тэр бүхнийг өнгөрсөнд үлдээх хэрэгтэй гэж үзээд түүндээ сэтгэл хангалуун явах амуй. Өнгөрсөнд үлдээсэн дүр бүхэн нь үдэшлэгийн зочид шиг олон янз. Монтэнь дор бүрнээ өөрийн гэсэн үзэл бодлоор шийдвэр гаргадаг тэр хүмүүсийг шүүмжлэхийг бодохгүйн адил өмнө Монтэниудыг ч шүүж цэгнэх гэсэнгүй. “Бид бүгдээрээ зүймэл. Тогтсон хэлбэр дүрсгүй, өөр өөр зүйлс нийлж бүтдэг, хэсэг бүр, хором бүр өөрийн өргийг тоглодог”. Одоогийн Монтэнийн оролцоогүйгээр өнгөрснөө бүхэлд нь шинжиж шилээд төгс өөрийгөө бүтээх боломжгүй.”
Ганзогийн товшлолыг уншсанд баярлалаа. Тус товхимол үнэгүй хүрч байгаа билээ. Хэрвээ танд бичвэрүүд таалагдсан бол, ямар нэг хэрэгтэй санаа өгсөн бол хоёр аргаар намайг дэмжээрэй: 1) Энэхүү Товшлолыг сошиал медиад хуваалцах 2) Манай Арвис Паблишингаас эрхлэн гаргасан номуудаас худалдаж авах → www.arvispublishing.com
Ёсолсон,
Ганзо
***
Арвисын шинэ номууд: Таван тойргийн судар & Галатеа