Саяхан нэг уншигч маань таныг яаж дэмжих вэ, Товшлолоо сарын төлбөртэй болговол би төлнө шүү гэжээ. Би хариуд нь одоохондоо тэр талаар бодоогүй байна, намайг дэмжих аргууд гэвэл сошиал медиа дээр бичвэрийг хуваалцан илүү олон уншигчтай болоход туслах, гаргасан номуудаас маань худалдан авах шүү гэж бичсэн. Өнөөдөр, орчуулсан “Ажил бүтээлээ дэлгэ” ном маань хэвлэлтээс гарч буйтай холбоотойгоор, нэг талаас таашаадаг контент бүтээгчээ хэрхэн дэмждэг байх вэ, нөгөө талаас бүтээгч хүн дагагчдынхаа дэмжлэгийг хэрхэн авах вэ гэсэн сэдвээр цөөн санаа хуваалцъя гэж саналаа.
САНАА
Wired-ийн үүсгэн байгуулагч Кевин Келли “1000 үнэнч фэн” хэмээх нийтлэл бичсэн нь бүтээгч хүмүүсийн урам зориг авдаг сурвалж болсон байдаг. Үүнийг би Unread дээр дээр үед ийн орчуулж байлаа:
Амжилттай бүтээгч (creator) болоход танд сая сая доллар, сая сая хэрэглэгч, сая сая фэн хэрэгггүй. Урлаач, зурагчин, хөгжимчин, дизайнер, зохиолч, апп бүтээгч, энтреренер, хөрөнгө оруулагч хүмүүсийн хувьд амьдралаа авч явахад 1000 үнэнч фэн л хэрэгтэй.
Үнэнч фэн гэдэг нь таны бүтээсэн ямар ч зүйлийг худалдан авах хүн юм. Ийм л "галзуу" фэнүүд таны дуулахыг үзэх гэж 300 км-ийн цаанаас зорин ирж, таны номын хатуу, зөөлөн хавтастай болон аудио хувилбарыг худалдан авч, таны уран баримлыг өөрийн болгож, YouTube сувгийн тань шилмэл бүтээлүүдийн DVD-г эргэлзэхгүй авч, ресторанд тань сардаа нэг зочлох болно.
Навалын “Хэрвээ чи өөртөө зориулан бүтээж байгаа бол тэр чинь арт. Харин бусдад зориулан бүтээж байгаа бол тэр чинь бизнес” гэсэнчлэн, Товшлол бол нэг талаас миний бизнес гэж хэлж болох билээ.
Би Кевин Келлигийн захиасыг санаж, монгол хэлээрх контентын зах зээл жижиг болохоор 200 үнэнч фэнтэй болох сон гэж хүсдэг юм. Үүний тулд би сайн агуулга тогтмол бичих ёстой.
Уншигч, дагагчтай болно гэдэг амаргүй. Стивэн Прэссфэлдийн хэлсэнчлэн, бичээч хүмүүсийн санах ёстой дүрэм бол Nobody wants to read your shit! Тийм болохоор долоо хоног бүр тасралтгүй, хүнд хэрэгтэй, санаа өгөх агуулга илгээхийг хичээнэ.
Өнөөдөр хэвлэлтээс гарч буй Остин Клеоны “Ажил бүтээлээ дэлгэ” номд бүтээлч хүмүүс ажил бүтээлээ хэрхэн дэлгэж бусдад анзаарагдах тухай өгүүлдэг. Арван бүлгийнхээ нэгэнд тэрбээр өөрийгөө тэжээх, орлогоо нэмэгдүүлэх талаар бичсэн нь над мэтийн хүмүүст тун ч хэрэгтэй мэдээлэл болжээ. Тэнд нэг ийм жишээ гардаг:
Хүмүүсээс мөнгө төлөөч гэж хүсэх үед л тэд чиний хийдэг зүйлсийг хэр их үнэлдэг нь харагдана. Найз Жон Т.Унгер маань гудамжны шүлэгч байсан үеийнхээ нэг “балай” түүхийг ярьж билээ. Нэг өдөр яруу найргийн уншлагаа хийгээд байж байтал нэг залуу ирээд “Чиний шүлэг миний амьдралыг өөрчилсөн шүү, залуу минь” гэж л дээ. Жон хариуд нь “Өө баярлалаа. Ном худалдан авах уу? Таван доллар” гэж. Тэгсэн өнөө залуу номыг нь авч харснаа буцаан гардуулаад “Өө заавал аваад яахав яахав” гэжээ. Тэгэхэд нь Жон тэсэлгүй “Есүс минь гэж, чиний амьдрал ямархуу үнэ цэнтэй юм бэ” гэж хэлээд тавьчихсан гэдэг. Хандив, олон нийтийн санхүүжилт хүссэн ч бай, өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зарсан ч бай, ажил бүтээлийнхээ хариуд мөнгө хүснэ гэдэг бол нийтэд дэлгэж буй бүтээл чинь үнэхээр ямар нэг үнэ цэн өгнө гэж итгэж буй үед л хийх алхам юм.
Өөрийн бүтээлийг үнэлэхээс бүү эмээ. Гагцхүү өөрийн шударга хэмээн бодож буй үнээр л зардаг юм шүү.
Энд дурдсанчлан, уншигчдаасаа намайг дэмжээрэй гэж хүсдэг минь миний бичиж буй зүйлс ямар нэг үнэ цэн өгдөг гэж итгэдгийнх билээ. Мөн, тухайн ажил бүтээлийн үнэ цэн мөнгөтэй уялдаж байж л илэрнэ гэдэгтэй санал нэг. Энтрепренер Дерек Сиверс “мөнгө гэдэг бол үнэ цэний хольцоогүй үзүүлэлт” (neutral indicator) гэсэн нь бий.
Остин Клеон номдоо мөн имэйлийн жагсаалттай байхын чухлыг бичсэн байсан. Имэйл авдаг хүмүүс бол чиний хамгийн идэвхтэй дэмжигчид байх болно, тэдний итгэлийг хөсөрдүүлж болохгүй, имэйлийн жагсаалтдаа хүндэтгэлтэй ханд гэжээ. Имэйл бол үнэхээр, хэдий хамгийн дээр үеийнх ч хамгийн үр дүнтэй суваг. Энэ бол контент бүтээгчдийн дагагчидтайгаа шууд харилцах хамгийн сайн арга юм. Сошиал медиа сэлтээр дамжин дагагчидтайгаа харилцах нь дундын зуучлагчтай байна, алгоритмд найдна гэсэн үг.
Үнэнч уншигч, дагагчтай болъё гэвэл тэдэнтэй харилцах харилцаа чухал. Өөрт тохиолдсон нэг жишээг дурдъя л даа:
Брэд Сталбергийн “The Practice of Groundedness” номыг би өмнө нь дурдаж байсан. Хэдий яаж стресс багатайгаар илүү бүтээмж өндөртэй, сэтгэл хангалуун байх вэ гэсэн “улигт” сэдвийг хөндсөн ч гэлээ орчин үеийн судалгааг өрнө, дорнын философитой сүлэн бичсэн сайн ном байсан. Би Твиттер дээр мань эр лүү өөрийг чинь Кал Ньюпортын подкастаас олж мэдсэн, ном чинь таалагдлаа гээд бичсэн юм. Тэгсэн “Өө баярлалаа, Би Калд хэлнэ ээ” гэснээ ДМ-ээр шууд орж ирдэг байгаа. Ном маань таалагдсан бол Амазон дээр сэтгэгдэл бичиж өгөөрэй, паблишер маань сэтгэгдэл, оноо сайн цуглуулах хэрэгтэй байна гээд шахаад байна гэж бичиж. Надад бол тэгж тулж харилцаж байгаа нь сайхан санагдсан. Номыг нь худалдаж аваад, нэмээд Амазон дээр сэтгэгдэл бичсэн гэхээр магад би түүний 1000 үнэнч фэний нэг ч болж байж мэдэх юм. Тэгээд, ер нь уншсан номуудаа Амазон дээр заавал үнэлж оноо өгдөг байя гэж бодсон. Гэснээс Интерном мөн саяхан сайтаа шинэчлээд гоё болгосон байна лээ. Тэнд бас монгол хэлээрх номуудад бас үнэлгээ өгч байя гэж санав.
Ямартай ч өөрөө бичдэг хүний хувьд таашаасан контентоо, контент бүтээгчээ дэмждэг, тэтгэдэг соёл улам бүр хөгжөөсэй гэж хүсэх юм. Үүний тулд чанартай контент бүтээж, энэ тухай ярьж бичиж, чадахаараа хувь нэмэр оруулна даа.
Ганзогийн товшлолыг уншсанд баярлалаа. Тус товхимол үнэгүй хүрч байгаа билээ. Хэрвээ танд бичвэрүүд таалагдсан бол, ямар нэг хэрэгтэй санаа өгсөн бол хоёр аргаар намайг дэмжээрэй: 1) Энэхүү Товшлолыг сошиал медиад хуваалцах 2) Манай Арвис Паблишингаас эрхлэн гаргасан номуудаас худалдаж авах → www.arvispublishing.com
Ёсолсон,
Ганзо
***
Арвисын шинэ номууд: Таван тойргийн судар & Галатеа