Өнгөрсөн долооногт төрсөн өдөр минь тохиов. Өнгөрсөн жил хэдэн найзаа гэртээ уриад авчирсан юмыг нь хөөрөнгүй хөнтөрсөөр эртээ тас үсэрч, нөгөөдүүлээрээ гэрээ цэвэрлүүлж тэмдэглэсэн бол энэ жил тун нам жим өнгөрүүллээ. Төрсөн өдрөө тохиолдуулан нэг юм бичих санаа эртнээс өвөрлөсөн авч нэг л мэдэхнээ цаг тулсан байлаа. За яахав яахав. Хаврын номын баяр яг 19-нд эхлэх байсан боловч Францын Ерөнхийлөгчийн айлчлалаас болов уу, долооног хойшлоод маргааш эхлэх болж байна. Овоо хэдэн шинэ ном гарсныг ч хэлэх үү, Арвисын асартаа бүтэн сууж хэдэн номоо зарах санаатай байна. Та нөхөд минь манай асраар дайрч мэнд мэдээрэй.
Номын баярын ойр зуур бэлтгэл гээд амьсгаа өндөр тул уншихуйтай холбоотой хэдэн эшлэл бөөгнүүлэн хөнгөн товшюу, өнөөдөр.
САНАА
Найз Түвшин маань Unread-ийн “Номтой яриа”-д орохдоо уншихуйн тухай сонирхолтой хариултууд өгсөн байдаг. Түүнээс эшилье:
Ном уншихын хамгийн оргил мэдрэмж нь шинэ зүйл мэдэх биш, харин толгойд эргэлдэж байгаа санаануудыг илүү цэгцтэйгээр, илүү гүнзгийгээр илэрхийлсэнтэй таарах. Алхаж явахдаа, хүнтэй ярилцах үедээ бодож олсон санааг чинь Марсель Прүст эсвэл Милан Күндера номдоо дурайлгаад биччихсэн байхтай таарах удаан эрсэн эрдэнээ олохтой ижил. Өөртэй чинь адилаар ертөнцийг хардаг хүн байгаад тэр нь суут сэтгэгч байх шиг сэтгэл сэргээм зүйл өөр юу байх билээ.
Харолд Блүүмийн "Ном уншина гэдэг цагтай уралдахыг хэлнэ" гэсэн нь хүн бүрийн анзаараад байдаггүй санаа. Унших ёстой бүтээлүүд өдөр бүр нэмэгдээд л байх. Харин бидний амьдрах хугацаа цаг тутам хорогдоод л байгаа. Хязгаартай энэ амьдралдаа аль болох олон бүтээл уншиж амьдралаа утга учиртай болгохын тулд цагтай уралдаж уншихаас өөр аргагүй. Нөгөөтээгүүр, хурдан уншиж байна гээд Вүүди Аллэны кинонд гардаг шиг '“Дайн ба энх"-ийг цагийн дотор уншчихлаа, лав л Оросын тухай гардаг юм байна” гээд сууж байж болохгүй.
В.Набоков "Номыг уншдаггүй, харин дахин уншдаг" гэснийг бас мартаж болохгүй. Нэг уншаад номыг ойлгочихлоо гэж хэлж болдоггүй. Коллежид Платоны “Төр улс” зохиолын эхний ганц өгүүлбэрийн цаад санаа нь юу болох талаар бүтэн хичээл орсныг мартдаггүй. Энгийн үгсийн ард олон давхар санаан нуугддаг тул тэднийг олон дахин уншиж байж л ухаж ойлгоно. Залхуурч болохгүй.
Нарийн яривал, ном уншина гэдэг нийгмийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байна гэсэн үг. Ойр дотныхонтойгоо яриа дэлгэхдээ, олон нийтийн сүлжээнд үзэл бодлоо хуваалцахдаа санаагаа баримттай, ул суурьтай тавина гэдэг бусдыгаа хүндэтгэж, нийгэмдээ хувь нэмрээ бодитойгоор оруулж байгаа хэрэг. Үүний тулд ямар ч энгийн сэдэв байсан гэсэн тэр талаар өмнө нь хэн юу гэж хэлснийг олон номоос нямбай шүүрдэж унших хэрэгтэй гэж боддог.
Райан Холидэйн жиргээ → Илүү их унших 6 шалтгаан:
1 - Унших нь ирээдүйг урьдчилж хэлэх арга
2 - Унших нь мэдээлэлтэй иргэн болгоно
3 - Унших нь ганцаардлыг зөөллөнө
4 - Унших нь асуудлуудыг шийднэ
5 - Унших нь түүхэн дэх хамгийн мэргэн ухаалаг хүмүүстэй ярилцах боломж.
6 - Бүх лидерүүд уншигч байдаг
Райан энэ нийтлэлдээ уг санаануудыг дэлгэрүүлсэн байсан.
Автор Остин Клеон:
“Уншиж гүйцээгүй номын сангаас чухал зүйл гэж үгүй.”
Зохиолч Жэймс Болдвин:
Надад тохиосон зовлон бэрхшээл урьд өмнө хэнд ч тохиолдоогүй гэж бодож байвал ном уншаад үзээрэй л дээ. Энэхэн биеийг минь хамгийн их зовоодог зүйлс л намайг бүх л амьд хүмүүстэй, ер орчлонд амьдарч асан бүх хүмүүстэй холбодог юм байна гэдгийг ном л надад ойлгуулсан юм даа.
Автор Жэймс Клир:
Шинэ санаа, бодох загварчлал (mental model) сурах нь тархин дахь софтверээ шинэчлэхтэй адил. Ингэснээр та бүх хуучин дата мэдээллээ шинэ програмд уншуулж чадна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, та өнгөрсөн цаг үеэс шинэ зүйлсийг сурах болно. Хөрөнгө оруулагч Патрик О’Шонессигийн хэлсэнчлэн “Унших нь өнгөрснийг өөрчилдөг”.
За тэгээд, номын баяраар ирэх хүмүүс байвал удахгүй уулзъя.
Арвис номын баярт хэрхэн оролцох талаар энэ ФБ постоос мэдээлэл авч болно.
Ганзогийн товшлолыг уншсанд баярлалаа. Тус товхимол үнэгүй хүрч байгаа билээ. Хэрвээ танд бичвэрүүд таалагдсан бол, ямар нэг хэрэгтэй санаа өгсөн бол хоёр аргаар намайг дэмжээрэй: 1) Энэхүү Товшлолыг сошиал медиад хуваалцах 2) Манай Арвис Паблишингаас эрхлэн гаргасан номуудаас худалдаж авах → www.arvispublishing.com
Ёсолсон,
Ганзо
Өнөөдрийн миний олж авсан үнэтэй бэлэг “Товчлол” байлаа. Баярлалаа, би 49 товчлолыг унших хариуцлагаа ухамсарлав, ккк. Амжилт👍