Өнгөрөгч амралтын өдрүүдээр номын баяр дээр Товшлол уншдаг шүү гэсээр цөөнгүй хүн ирж ном худалдан авсан. “Өөрийгөө судлахуй” номын зохиогч Г.Энхсайхан багш Товшлолын талаар пост хийсэн нь олон хүнд хүрч, дагагч олныг нэмсэн байна лээ. Та бүхэнд гялайлаа.
САНАА
2005 оны 8-р сард Катрина хар салхи АНУ-ын Люзиана мужийн Нью Орлеанс хотыг нэрвэсэн юм. Далайн эргийн хотууд уг нь хэр баргийн хар салхи, шуургыг тэсвэрлэхүйц төрөл бүрийн үерийн усны хана, далангуудыг ашиглан хамгаалалт хийдэг ч Нью Орлеансд жинхэнэ гамшиг тохиох нь тэр.
Катрина далай эргийг нөмрөхтэй зэрэгцэн Нью Орлеансын далангууд их усыг тогтоон барихгүй нь тодорхой болжээ. Үерийн ус 50 гаруй газраар хот руу нэвтэрч, гудамж талбайг усанд автуулан зам харгуйг сүйдэлж, гол эмнэлгийн цахилгааны нөөц үүсгүүрүүдийг үгүй хийж орхижээ. Үүнээс болж эмнэлэг доторх температур 37 градуст хүрч эмч, сувилагчид ухаан балартсан өвчтөнүүдийг амьд үлдээх гэж улаан гараараа анхны тусламж үзүүлж байсан гэдэг.
Үерийн ус хотын 80 гаруй хувийг нөмөрсөн бөгөөд олон өдрийн дараа тоо гаргахад дор хаяж 1200 хүний амийг авч одсон байв. Маш олон оршин суугчийг нүүлгэн шилжүүлснээс болж нэг жилийн дараа Нью Орлеансын хүн ам 484 мянгаас 230 мянга болж буурсан гэдэг. Нийт хохирол нь 100 гаруй тэрбум долларт хүрч, АНУ-ын түүхэн дэх хамгийн их сүйтгэлт байгалийн гамшиг болжээ.
Хэрэг явдлын дараа Катринагаас сэргийлж чадаагүй гол буруутнаар аюулгүйн зохист заагийг тооцон бариагүй үерийн далангуудыг тодруулсан аж. Өөрөөр хэлбэл, инженерүүд далангийн доорх хөрсний хатуу зөөлнийг буруу тооцсон инженерчлэлийн алдаа гаргасан нь тэр их сүйтгэлд хөтөлсөн байв.
АЮУЛГҮЙН ЗААГ
“Margin of safety” гэдэг бол аливаа системийн хүлээлтээс илүү ачааллыг тэсвэрлэх чадамжийг илтгэх инженерчлэлийн ойлголт юм. (Тогтсон нэршил олоогүй тул би “аюулгүйн зааг” хэмээн орчуулав.) За гол дээгүүр гүүр барилаа гэж төсөөлье л дөө. Дүүрэн ачаатай том ачааны тэрэг дээд тал нь 36 тонн жинтэй гэж бодъё. Тэгвэл ямар ч боломжийн инженер үүнээс илүү жинтэй тээврийн хэрэгсэл аюулгүй зорчих боломжтой гүүрийг барих болно. 36 тонн 1 кг жинтэй тээврийн хэрэгслийг даах чадалтай гүүрэн дээгүүр 36 тонн машинтай явахыг ямар ч хүн хүснэ гэж үү. Аюулгүй байдлыг бодож инженер магад 36 тонноос тав дахин илүү ачаа тэсвэрлэх гүүрийг барьж мэднэ. Тэрхүү нэмэлт хүчин чадлыг, тэрхүү “запаас”-ыг аюулгүйн зааг гэнэ.
Аюулгүйн зохист заагийг баримтлах нь инженерчлэлд гэлтгүй амьдралын олон салбарт тун чухал ажээ. Тухайлбал, цагийн менежмент, хүчний бэлтгэл, хөрөнгө оруулалт, төслийн удирдлага, хувийн санхүү, байгаль хамгаалал гэх мэт олон зүйлд ашиглаж болно.
Өнөөдөр би энэхүү ойлголтыг цагийн менежментэд хэрхэн ашиглаж болох тухайд хэдэн жишээ хуваалцъя.
АНУ-ын Сангийн сайд асан Ларри Саммерсын нэг ийм үг байдаг:
Санах ёстой нэг дүрэм бол, амьдралд тохиох олон зүйл бодож байгаагаас чинь илүү их цаг авна. Харин яг тохиох үедээ бодож байгаагаас чинь илүү хурдан тохиох болно.
Үнээн, бид аливаа зүйлсийг өөрсдийн бодсон, төлөвлөсөн цагаар хийчихнэ гэж боддог. Өнөөдөр энэ ажлыг нэг цагт хийчихнэ дээ, тэр төслийг хагас жилд дуусгачихна даа гэх мэт. Гэвч бид хугацааг дандаа дутуу тооцдог.
Аливааг зүйлийн дуусгах хугацааг дутуу үнэлэх энэ үзэгдлийг “Хофстадтерын хууль” гэдэг гэнэ. Райан Холидэй хэлэхдээ, Хофстадтерын хуулийг тооцоод байхад ч төлөвлөсөн зүйлс маань бидний хүлээснээс урт хугацаа шаарддаг гэжээ. Тэрээр нэг нийтлэлдээ ийн бичиж:
Би дөнгөж хорь гараад л ном бичих санал хүлээн авсан юм. Гэвч би тэр үед бэлэн биш байлаа. 26-тайдаа би эхний номоо бичсэн ч дэндүү яарсан. Мундаг “хит” ном болох байх гэж яарсан хэрэг. Гэвч сэдэв нь хуурамч мэдээ, медиа манипуляцийн тухай байсан нь цаг үеэсээ хавьгүй эртэдсэн байлаа. Хоёр дахь ном маань эхнийхээс сайн явав. Гурав дахь нь бүр ч сайн. Гэхдээ найм дахь ном дээр маань л Нью Йорк Таймс тойм бичсэн юм даг. Наймын найман ном бичиж байж шүү. Би урьд нь ийм зүйлс хурдан болчихдог гэж боддог байлаа.
Юмс бидний бодсоноос удаан үргэлжилдэг тухайд Кевин Келлигийн бас нэг “зэвүүн” ажиглалт байдаг. Нөхөр хэлэхдээ:
“Бэлтгэлтэй бай. Ямар ч том төслийн 90 хувийг нугалсны дараа үлдсэн жижиг сажиг ажлуудад өмнөх 90 хувьтай тэнцэх зүтгэлийг зарцуулах болно.”
Бүх л зүйлд алдаа гардаг. Ирээдүй тодорхойгүй. Амьдрал улам л төвөгтэй болоод байгаа мэт санагддаг. Ийм үед аюулгүйн зааг гэдэг гэнэтийн, таамаглашгүй зүйлсээс нөмөрлөх тусгаарлавч, нуувч болох юм.
Өдгөө бид үнэнхүү таамаглашгүй ертөнцөд амьдарч байна. Нэг хүнд хэтийдсэн их мэдээлэл буй болов. Үүнийг дагаад айдас түгшүүр, стресс ихэссэн. Хэдий хэн ч ирээдүйг таамаглаж чадахгүй боловч таамаглашгүй, гэнэтийн зүйлстэй тулах нөөцтэй, бэлтгэлтэй байж гэмээнэ бидэнд өөртөө итгэх итгэл төрж, айдас түгшүүр, стресс тодорхой хэмжээгээр буурна.
Зөвхөн илт, тодорхой сорилтуудыг даван туулахаар загварчлагдсан бол таамаглаагүй зүйлс нөмрөн ирэх үед бидний амьдрал нуран унаж мэднэ. Тиймээс, байх хэрэгтэйгээсээ илүү хүчтэй бай. Базаах хэрэгтэйгээсээ илүү бэлтгэлтэй бай.
Ганзогийн товшлолыг уншсанд баярлалаа. Тус товхимол үнэгүй хүрч байгаа билээ. Хэрвээ танд бичвэрүүд таалагдсан бол, ямар нэг хэрэгтэй санаа өгсөн бол хоёр аргаар намайг дэмжээрэй: 1) Энэхүү Товшлолыг сошиал медиад хуваалцах 2) Манай Арвис Паблишингаас эрхлэн гаргасан номуудаас худалдаж авах → www.arvispublishing.com
Ёсолсон,
Ганзо
***
Арвисын шинэ номууд: Таван тойргийн судар & Галатеа