Товшлол #52: Өөрийн булшитээс залхахуй
“Цаг болж нөхцөл бүрдэхэд
Сахил дээгүүр оготнойд гүйлдэнэ
Цаг болж нөхцөл бүрдэхэд
Цуулдсаар тэднийг цохиж алнам"
САНАА
Хүн хүнд дутагдал байдаг. Заримдаа бид тэр дутагдлаа жигтэйхэн үзэн ядна, дургүй хүрнэ.
Тэгвэл тэр болохгүй байгаа зүйл л том өөрчлөлтийн шалтгаан гэнэ.
Зохиолч Элизабет Гилберт ийн хэлж:
Эцэстээ өөрийн худал яриа, худлаа байдлаас залхсанаар л хүн амьдралаа өөрчлөх томоохон өөрчлөлтийг эхлүүлдэг.
Өөрийн жишээ. Миний том дутагдлууд гэвэл: Юмыг хойшлуулахдаа гарамгай. Бас барьсан тавьснаа санадаггүй, дандаа юмаа хаяна, юмаа мартана. Юм хойшлуулах нь санаатай юм гэхэд сүүлийнх нь бол цаанаасаа ингээд төрчихсөн бололтой байдаг юм. Хэд хоногийн өмнө эмнэлэг орж ганц нэг шинжилгээ өгөв. Зүрхний бичлэг хийлгэхдээ цагаа тайлаад явахдаа мартчихаж. Овоо зайтай байсан машиндаа буцаж ирээд цагаа санав. Уур хүрэв, буцаж алхах хугацаанд хүн аваад явчихсан байх вий гэдгээс өгсүүлээд баахан юм бодож амжлаа. Очтол эмч нь гараад явчихаж. Утсаа маажаад хүлээх гэтэл цэнэг дуусчихав. Утасны цэнэгээ байнга дуусгадаг бол миний бас нэг дутагдал. Тухай тухайн үед нь санаад цэнэглэдэггүй л хэрэг шүү дээ. Эмч ирэв, цагаа хэлтэл “Хээ, юм хумаа сайн шалгаж бай л даа, би энүүнээс чинь болоод гарч орж ч чадахгүй байлаашд” гэж зэмлэв. Энэ мэт бүтэлгүйтэл, асуудлууд нийлээд бүр дургүй хүрч, өөрийгөө шанаадаад авмаар санагдсан гэж. Тэрнээс хойш хөөрхий, яаж дээрдье дээ гээд хичээж л явна. Ямар сайндаа энэ сэдвээр бичиж байхав.
Яриа байхгүй, дутагдлуудаа мэддэг байх нь хувийн өсөлт хөгжлийн суурь юм.
Өөрийн булшиттэй зууралдсаар байх нь хугацаатай байх учиртай. Ер нь бүх л зүйл өөрийн цаг хугацаатай. Цаг ирнэ гэж нэг ойлголт байна.
NBA-ийн тоглогчдыг хараад байхад, лигт орж ирснээсээ хойш 6-7 жил үзээд амжилт үзүүлэхгүй бол тэвчээр нь алдарч эхэлдэг. Тамирчны ид, оргил үе нь ч энэ үед тохиодог. Өнөө цагийн манлай сагсанбөмбөгч Леброн Жэймс 2003 онд лигт орж ирсэн. Кливлэндтэй үзсээр байсан ч аварга болж чаддаггүй ээ. 2010 онд Майами руу явах шийдвэр гаргаж, хоёр дахь жилдээ буюу 2012 онд аварга болж байв. Аварга авчихаад “It’s about damn time” гэж билээ.
Леброны өмнөх Леброн - Майкл Жорданы карьерын хамгийн бэрх учраа нь Детройт Пистонс байв. Хувийн тоглолтоор дийлдэхээ байсан Жорданы Буллсыг Детройтын “Bad Boys” хатуу чанга, зэрлэгдүү тоглолтоороо 1988-1990 онд буюу гурван жил дараалан буулгаж авсан. Гурван жил дараалан тавиулчихаад Жордан 1990 оны зуныг бүхэлд нь хүчний бэлтгэл хийж өнгөрөөсөн гэдэг. Ингээд дөрөв дэх жилээ дараалан таарахад Буллс муу залуусыг нэг ч хожил өгөлгүй шүүрдсэн бөгөөд тэдний ноёрхол эхэлсэн түүхтэй. 1984 онд лигт орж ирсэн Жордан долоон жилийн дараа 1991 онд ингэж аваргалсан юм.
Дүгнээд хэлэхэд “Одоо боллоо, үүнээс цааш газар үгүй” гэх сэтгэлгээ хүнд байх ёстой. Өөрийнхөө булшитээс залхдаг, өөрийн “Детройт”-ыг эцэст нь хождог байж л хүн зорьсондоо хүрэх билээ.
Ганзогийн товшлолыг уншсанд баярлалаа. Тус товхимол үнэгүй хүрч байгаа билээ. Хэрвээ танд бичвэрүүд таалагдсан бол, ямар нэг хэрэгтэй санаа өгсөн бол хоёр аргаар намайг дэмжээрэй: 1) Энэхүү Товшлолыг сошиал медиад хуваалцах 2) Манай Арвис Паблишингаас эрхлэн гаргасан номуудаас худалдаж авах → www.arvispublishing.com
Ёсолсон,
Ганзо
Холбогдох: Твиттер
***
Арвисын шинэ номууд: Таван тойргийн судар & Галатеа