САНАА
Өнөөдрийн Товшлолд Бэн Каснокагийн нэгэн эсээг хураангуйлъя.
“Happy Ambition: Striving for Success, Avoiding Status Cocaine and Prioritizing Happiness”
Бэн Каснока:
Орчин үед хүмүүс маш их ажилладаг болов. Амжилтад хүрсэн хүмүүс ч мөнхийн амбицтай байж зогсолтгүй ажилласаар байдаг. Би ч тэдний нэг. Эдгээр хүмүүс ажиллах хэрэгтэйгээсээ илүү ажиллаж гэр бүл, эрүүл мэнд, нөхөрлөл, амралт гээд олон зүйлийг зольж байдаг. Яагаад? Юу тэднийг жолоодно вэ? Энэ асуултад тэд би хийж буй зүйлдээ дуртай гэж хариулах вий. Эдийн засагч Тайлер Ковен нэгэн лекцдээ улс нийгэм урьдынхаас хавьгүй хөгжиж цэцэглэсэн байтал бид яагаад урт цагаар ажиллаад байдаг тухай ярьсан байсан. Тэрээр ийн хэлж: “Эдийн засгийн датанаас хэлж болох нэг том дүгнэлт бол: хүмүүс ажиллах үнэхээр дуртай.”
Хүмүүс илүү их мөнгө, илүү амжилтын төлөө аз жаргалаа яагаад золиолсолсоор байдаг вэ?
Үүний хариулт нь “статус” гэж хэлж болох юм. Статус гэдэг бол та бидний нийгэмд эзлэх байр суурь. Нэр хүнд, хүндлэл, мөнгө, эрх мэдэл гэх мэт. Орчин үед статусыг илэрхий харуулах зүйл нь мөнгө болоод буй.
Статусын төлөөх хүчтэй тэмүүлэл нь хувь хүнд амьдралаа сайжруулах, эргэн тойрноо өөрчлөх сэдэл болдог. Алайн де Боттон “Status Anxiety” номдоо “статус нь биднийг өөрсдийн авьяас чадамжид хүрэх, аливааг сайн хийх, сонин хачин дэмий зүйлсээс татгалзах, нийгмийн гишүүдийг нэгдмэл үнэ цэнтэй болгох хөшүүрэг болдог” хэмээжээ. Гэхдээ статусд суурилсан амбиц хэтийдвэл хортой. Статус гэдэг яг л гал мэт: Гэрийг чинь халааж, хоолыг чинь хийж өгч чадна, сайн удирдахгүй бол гэрийг чинь шатааж, өөрийг чинь алж ч мэднэ.
Бидний эргэн тойронд албан ба албан бус онооны самбарууд байсаар байдаг. Тэр самбарт нэрээ дээгүүр бичүүлэгмэгцээ бид допамин авдаг. Гэвч энэ бол түр зуурын л таатай мэдрэмж. Ямарваа амжилт бидэнд урт хугацааны ханамж өгнө гэж боддог ч тиймгүй байдаг. Бид өөрсдийн зорилгод хүрмэгцээ дахиад л шинэ зорилго тавин улайрдаг. Яг л “Mad Men” цувралд Дон Дрэйперийн хэлдэг шиг: “Аз жаргал гэж юу юм бэ? Энэ бол илүү их аз жаргал хэрэгтэйг ойлгохын өмнөх агшин юм.”
Өөрөөр хэлбэл статусд суурилсан амбиц нь эцэстээ биднийг донтуулдаг, сэтгэл ханамжгүй болгодог.
Буддизмд ч гэлээ, амьдрал бол үл ханахуй гэдэг шүү дээ. Бид байнгын хүсэл шуналаас өөрсдийгөө чөлөөлж байж аз жаргалд хүрнэ.
Тэгэхээр яах вэ? Амбицыг аз жаргалтай хослуулах учиртай.
Амбицаар яахав аз жаргалтай байхад л болно гэж бодвол өрөөсгөл болно. Гилберт Брим "Ambition: How to Manage Success and Failure Throughout Our Lives" номдоо “manageable difficulty” гэх ойлголтын тухай бичсэн байдаг. Тэрээр, хүний аз жаргалын нэг гол сурвалж нь “хэтэрхий хэцүү ч биш, хэтэрхий амархан ч биш зүйлсийг хийх” байдаг гэжээ. Өөрийгөө сорьсон, тэгсэн хэрнээ даван гарах боломжтой зүйлийг хийх нь хүнд сэтгэл ханамж өгдөг байх нь. Хэтэрхий хэцүү ч биш, хэтэрхий амархан ч биш.
Энэ мэт өөрийгөө сорьсон зүйлсийг хайх зуураа статусын талаар бодож үзэхээ ч орхих хэрэггүй. Амбицтай карьер хөөх зуураа давуу сул талуудыг нь эргэцүүлж явдаг хүмүүс олон. Тэд хурдан хэмнэлтэй ажиллахыг сонгож, бас жаргалтай байж чадаад байдаг.
Сэтгүүлч Райан Авент “Бид яагаад ийм их ажилладаг вэ?” гэсэн нийтлэл бичсэн нь бий. Үүндээ тэр ажлын хэнээнийхээ давуу сул талуудын тухай бичиж, гаргаж буй золионыхоо тухайд эерэг бодолтой байдгаа дурдсан байдаг. Түүний бичсэнээр, өвөө эмээгийнх нь хувьд ажил гэдэг амьжиргаа залгуулах л зүйл байв. Ажил гэдэг нь хагас бүтэн сайнд амьдралаа таашаах мөнгөө ажлын өдрүүдээр олох хэрэгсэл байв. Тэр үед эдийн засаг өөр, ажил нь сонирхолтой биш, бие махбодыг ядраадаг зүйл байжээ. Харин өнөөдөр боловсролтой хүмүүсийн хувьд ажил гэдэг урьд байгаагүйгээр оюуны сэргэлт, таашаал өгөх боломжтой болоод байгаа юм. Тэр хэрээр хүмүүс ажилдаа дурлах нь элбэгшив. Аав ээж нь түүнээс ажлыг нь асууж, урт цагаар ажилладагт нь санаа зовно. “Харин би ажил гэхээр айдентити, хүрээлэл, зорилго зэргийн талаар бодож байдаг. Энэ зүйлс надад утга учир, мотиваци өгдөг. Өөрөөр хэлбэл ажил гэхээр би ажлын тухай биш амьдралынхаа тухай бодож байдаг” гэжээ.
Миний хувьд (Бэн):
–Өөрийгөө сорьсон амаргүй зорилгуудад төвлөрснөөр буй болдог утга учиртай амьдралыг хүсэж байна.
–Бас аз жаргалтай амьдралыг хүсэж байна. Ихэнх өдөр нь таатай мэдрэмжтэй байдаг, тааруу өдрүүдийг тэгсгээд давчихдаг тийм амьдралыг.
Эндээс ийм асуулт тавигдана: Амжилтын төлөөх уралдаан (rat race)-д автчихгүйгээр, өөрөөр хэлбэл өөрийн статусд хэт төвлөрөхгүйгээр хэрхэн өөрийгөө хэрхэн ахиулж хөгжүүлэх вэ, хэрхэн амбицтай байж зорилгодоо хүрэх вэ?
Үүний хариулт болох стратегийг би “Happy Ambition” гэж томьёолсон юм. Үүний бүрдэл хэсгүүд гэвэл:
Статусын тухай бодож бясалга
Энэ нь өөрийн оюун санааг гадаад хүчин зүйлсэд мэдрэг бус, өөрийн юу бодож буйд илүү анхаардаг болгон дасгалжуулахыг хэлнэ.
Цөөн зорилго тавь. Ажлаа хийх үйл, ур ухаанд дурла. Зорилгод бус үйл явцад төвлөр
“Аян зам өөрөө шагнал нь” Стив Жобс
Статусыг нь харьцуулахад хэцүү ажил сонго, хэмжихэд хэцүү зорилго тавь
Жишээ нь тамирчин болъё гэвэл таныг бусадтай харьцуулахад маш хялбар байна.
Эргэн тойрныхон чинь чиний амбицыг хэлбэржүүлнэ. Тиймээс хүрээллээ болгоомжтой сонго
Та хамгийн их харилцдаг таван хүнийхээ дундаж нь.
Портфолио бүрдүүлснээр өөрийн айдентитиг (хувь шинжийг) солонгоруул
Хэрвээ чи бүх өндгөө нэг сагсанд хийх аваас тэр сагсаа л анхаарах болно. Портфолио бүрдүүлнэ гэдэг нь хэд хэдэн чиглэлээр ажиллахыг хэлнэ.
Өрөөлтэй бус өөртэйгөө өрсөлд
Машины “dashboard” буюу хянах самбарыг бод доо. Энэ самбар дэргэдүүр сүнгэнэх бусад машины бус өөрийн машины хурд, үзүүлэлтүүдийг харуулдаг. Тэгэхээр онооны самбар (leaderboard) бус, хянах самбар ашигла.
Байгаа газраасаа нүү, жижиг цөөрөм дэх том загас бол
Миний бусдад зөвлөдөг нэг стратеги бол, карьерынхаа эхэн үед тухайн салбарынхаа төв болсон газар ажиллаад үз. Технологи бол Цахиурын хөндий, санхүү бол Нью Йорк, кино бол Лос Анжелес гэх мэт. Тэнд бусдаас суралц, танилын сүлжээ үүсгэ. Тэгээд, өрсөлдөхөд амаргүй байвал чөлөөтэй нүүгээд жижиг цөөрмийг зорь.
Гэснээр хураангуйгаа гүйцээе. Уг эсээ нь нэлээд урт болно. Болбол бүхэлд нь уншвал сонирхолтой болов уу. Энэ нийтлэлийн агуулгатай уялдах нэг фэйсбүүк пост бас саяхан харсан. Өдрийн сонины сэтгүүлч Бааска эгчийнх: Линк
Ганзогийн товшлолыг уншсанд баярлалаа. Тус товхимол үнэгүй хүрч байгаа билээ. Хэрвээ танд бичвэрүүд таалагдсан бол, ямар нэг хэрэгтэй санаа өгсөн бол хоёр аргаар намайг дэмжээрэй: 1) Энэхүү Товшлолыг сошиал медиад хуваалцах 2) Манай Арвис Паблишингаас эрхлэн гаргасан номуудаас худалдаж авах → www.arvispublishing.com
Ёсолсон,
Ганзо
Холбогдох: Твиттер
***
Арвисын шинэ номууд: Таван тойргийн судар & Галатеа