САНАА
Өнөөдрийн Товшлолдоо англи хэл сайн сурахыг хүсдэг бүх л хүнд тус болох нэгэн чухал яриа/лекцийг товчлон хүргэсү. Энэ бол алдарт багш, бичээч, шүүмжлэгч Уиллиам Зинссерийн 2009 онд, Колумбиагийн их сургуульд сэтгүүл зүйгээр суралцахаар ирсэн магистрын гадаад оюутнуудад хийсэн “Writing English as a Second Language” хэмээх яриа/лекц юм.
Хоёрдогч гадаад хэл - англи хэлээр бичих нь
Хоёрдогч хэлээр эвтэйхэн бичиж сурах нь ямар хэцүү болохыг би төсөөлөх ч үгүй байна. Би лав өөрийгөө чадна гэж хэлж чадахгүй. Тиймдээ ч энэ хэцүү даалгаврыг хүлээн авсан та бүхнээр би бахархаж байна. Англиар сайн бичих тухайд, гадаад оюутнуудад хэн ч хэлж өгдөггүй хэдэн зарчмыг хэлээд тайлбарлаад өгчих юм бол тэдний айдас түгшүүрийн дийлэнх нь алга болж мэднэ.
Хэл хэл өөрийн онцлогтой. Нэг хэл дээрх сайн бичвэр нөгөө хэлээр тиймгүй байж болно. Та бүхний зууралдах гэж буй энэ англи хэл гээч юугаараа онцлог юм бэ? Англи хэл та бүхний төрөлх хэл шиг сонсголонтой, уран яруу биш байж мэдэх ч энгийн агаад хүчтэй болохоор нь би энэ хэлэнд эргэж буцалтгүй дурласан юм. Хэрвээ зөв л ашиглах юм бол баялаг үгийн сантай англи хэлээр илэрхийлж болохгүй утга, санаа гэж нэгээхэн ч үгүй билээ.
Эхлээд, бяцхан түүх. Англи хэл нь хоёр сурвалжаас бүтсэн. Нэг нь эртний Ромын чамин хэл – латин. Нөгөө нь Англи болон Хойд Европынхны энгийн хэл – англо-саксон. Латин гаралтай үгс бол таны дайсан болох бол англо-саксон гаралтай үгс таныг чөлөөлнө.
Тэгвэл латин гаралтай үгсийг яаж ялгах вэ? Ерөнхийдөө, тэдгээр нь -ion төгсгөлтэй implementation, maximization, communication, -ent төгсгөлтэй development, fulfillment зэрэг урт, сүржин үгс байдаг. Эдгээр үгс нь хэн нэгэн ямар нэг юм хийж буй тодорхой үйл явдлыг бус бүдэг ойлголт, абстракт санаануудыг илэрхийлдэг. Жишээ: “Prior to the implementation of the financial enhancement.” Энэ бол “Бид мөнгө санхүүгийн асуудлуудаа засахаас урьдаар” л гэсэн санаа.
Итгэхэд хэцүү ч энэ бол Америкийн эрх мэдэлтнүүдийн байнга ашигладаг хэл юм. Засгийн газрын эрхтэн дархтан, бизнес, боловсрол, эрүүл мэндийн салбарын удирдлага, мэргэжилтнүүдийн ярьдаг хэл. Эдгээр латин үгс тэднийг чухал, нөлөөтэй болгож харагдуулна гэж тэд боддог. ТВ-ийн цаг уурч жишээ нь зүгээр л бороо орно гэлгүй “you’re experiencing a precipitation probability situation” гэх вий.
Энд ирээд та хэд гар утас, компьютер авах, банкны зээл хөөцөлдөх, эрүүл мэндийн даатгал авах зэрэгт баахан бичиг заавартай нүүр тулж байгаа. Энд төрсөн хүмүүс л тэрхүү сүржин хэллэгтэй зааварчилгаануудыг ойлгодог байх гэж бодож байгаа бол би ч бас тэдгээрийг ойлгодоггүй гэдгээ өчье.
Эдгээр урт латин үгс Америкийн өдөр тутмын хэлэнд гүн нэвчсэн болохоор та бүхэн ингэж л бичих ёстой юм байлгүй гэж бодож мэднэ. Ийм хачин ойлгомжгүй бичвэр, захидлуудыг би “Bullshit File”-даа хадгалдаг ба түүнээсээ ганц нэг жишээ хэлье.
Нью Йоркийн нэгэн гишүүнчлэлт клубийн ерөнхийлөгчөөс ирсэн захидал: “Dear member: The board of governors has spent the past year considering proactive efforts that will continue to professionalize the club and to introduce efficiencies that we will be implementing throughout 2009.” Тэд клубээ илүү сайжруулах гэж хичээнэ ээ л гэж хэлэх гээд байгаа нь энэ.
За урт, сүржин нэр үгс муу юм бол сайн нэр үгс нь юу юм бэ? Сайн нэр үгс бол амьдралын үндэс суурь болсон зүйлсийг илэрхийлдэг богино, энгийн, англо-саксон үгс юм: house, home, child, chair, bread, milk, sea, sky, earth, field, grass, road гэх мэт.
Англиар бичихэд туслах, сайн нэр үгсээс гадна өөр нэг зэвсэг бол богино, энгийн, англо-саксон үйл үгс юм. Актив үйл үгс. Пассив биш актив үйл үгс ашиглавал бичвэр чинь автоматаар илүү тодорхой, халуун дулаан, эрчлэг хүчтэй байх болно.
–John saw the boys.
–The boys were seen by John. Энэ өгүүлбэр дээрхээсээ сул, бас гурван үгээр илүү байна. Эхнийх дээр Жон хөвүүдийг нэг удаа харсан гэдэг нь тодорхой байгаа бол сүүлийнх дээр ямар давтамжтай, яаж харсан нь тодорхойгүй. Актив үйл үгс өгүүлбэрт хүч нэмж урагшлуулдаг.
Миний хайртай зохиолчдын нэг бол Хенри Дэвид Торо. Торо нэг актив үйл үгийн араас нөгөө актив үйл үгийг ашигладаг тул бичвэр нь энгийн агаад хүчтэй байдаг. Өгүүлбэр бүхэнд та түүний юу хэлэх гэснийг ойлгоно. Алдартай “Walden” номоос нь нэг өгүүлбэр жишээлье:
I went to the woods because I wished to live deliberately, to front only the essential facts of nature, and see if I could not learn what it had to teach, and not, when I came to die, discover that I had not lived.
Энэ гайхалтай богино, актив үйл үгсийг хар даа: went, wished, front, see, learn, die, discover. Юу хэлж байгааг нь ойлгохын сацуу бид түүний талаар, сониуч хийгээд эрч хүчтэй чанарыг нь мэдэж авч байна. 44-хөн үгэнд багтах өөрийн намтар. 39 үг нь ердөө л нэг үетэй!
Одоо англиар сайн бичихэд хэрэг болох 4 зарчмын тухай: Ойлгомжтой байдал (Clarity), Энгийн байдал (Simplicity), Товч байдал (Brevity), Хүнсэг байдал (Humanity).
Эхлээд, ойлгомжтой байдлын тухай. Хэрвээ бичиж зүйл чинь тодорхой, ойлгомжтой биш бол бичээд хэрэггүй.
Хоёр, энгийн байдал. Би өөрийн таалсан, богино үгстэй энгийн өгүүлбэрийг уншиж өгөхөд гадаад оюутнууд намайг тоглож байна гэж боддог. Нигерийн нэг оюутан ийм өгүүлбэр бичвэл намайг тэнэг гэж бодно шүү дээ гэж билээ. Торо шиг тэнэг, И.Б.Уайт шиг, Библи (King James Bible) шиг тэнэг гэж үү? Минийхээр, Америкийн хамгийн гайхалтай бичээч Абрам Линкольн ч бас гойд энгийн хэлээр бичдэг байв. Түүний хэв маягийг дагадаг Барак Обама ч гайхалтай бичээч.
Гурав. Товч байдал. Богино үг уртаасаа үргэлж илүү. Богино өгүүлбэр уртаасаа үргэлж дээр. Now гэж хэлж болох газар currently гэхийн хэрэггүй. Help гэж хэлж болох газар assistance гэхийн хэрэггүй. Энэчлэн, numerous биш many. Facilate биш ease… Харилцан ярианд ашиглахад эвгүй, төвөгтэй үгсийг бичихдээ ч битгий ашигла. Бичнэ гэдэг цаас, дэлгэцэн дээр л ярилцана гэсэн үг.
Эндээс дөрөв дэх зарчим урган гарна – Humanity. Хүнсэг байх. Өөрөөрөө байх. Бичихдээ өөр хэн нэгэн болох гэж бүү хичээ. Чиний бүтээл, бүтээгдэхүүн бол чи өөрөө. Чухал сонсогдох, харагдах гэсэндээ хүнээ бүү үгүй хий… Бичих чадвар бусдыг хуулснаар хөгждөг. Бидэнд хуулах, үлгэр авах хүмүүс хэрэгтэй. Хэв маягийг нь өөриймшүүлэхийг хүсэж буй бичээчдийг сайн унш. Би бол ингэж л бичиж сурсан.
Сүүлийн санаа. Бичнэ гэдэг дараалалтай үйл. Өгүүлбэр Б өгүүлбэр А-г дагах ёстой. Өгүүлбэр В өгүүлбэр Б-г. Эцэст нь чи Өгүүлбэр Я-д хүрнэ. Бичихийн хэцүү нь бичихдээ биш бодохдоо байдаг. Хэрэв та өгүүлбэр бүрийн дараа зогтусаад “Одоо уншигч юу мэдэх ёстой вэ?” гэж асууж заншвал бичихүйн ихэнх асуудлыг шийдэж чадна.
Тэгэхлээр “нэг өгүүлбэрт нэг л санаа” гэсэн зарчмыг мөрдөгтүн. Нэг бичээд эхлэхээрээ бид хадуурч өгдөг. Цэгийн оронд таслал тавьж, шилжилт хийх элдэв үгс (and, while) ашиглан, нэг л мэдэхэд буцан гарах замгүй зэлүүд газар луу давхиад орчихдог.
Ингээд дууслаа. Намайг давтаад хэлээрэй:
Богино нь уртаас дээр.
Энгийн нь зөв.
Урт латин үгс бол дайсан.
Англо-саксон актив үйл үгс бол хамгийн сайн найз.
Нэг өгүүлбэрт нэг л санаа.
За хураангуй маань хэтэрхий товч, ойлгомжгүй байгаагүй гэж найдъя. Боломжоороо л товчиллоо. Эх бичвэр нь нэлээд урт ч илүү ойлгомжтой, олон сонирхолтой жишээтэй шүү. Та бүхэн болбол бүтнээр нь уншаад үзээрэй. Ташрамд дурдахад, зохиогчийн “On Writing Well” гэх классик нь номын дэлгүүрүүдээр цөөнгүй харагддаг.
Ганзогийн товшлолыг уншсанд баярлалаа. Тус товхимол үнэгүй хүрч байгаа билээ. Хэрвээ танд бичвэрүүд таалагдсан бол, ямар нэг хэрэгтэй санаа өгсөн бол хоёр аргаар намайг дэмжээрэй: 1) Энэхүү Товшлолыг сошиал медиад хуваалцах 2) Манай Арвис Паблишингаас эрхлэн гаргасан номуудаас худалдаж авах → www.arvispublishing.com
Ёсолсон,
Ганзо
Холбогдох: Твиттер
***
Арвисын шинэ номууд: Таван тойргийн судар & Галатеа