Бүгдэд нь мэнд.
Миний бие хэдэн өдрийн өмнө Индиана мужийн Блүүмингтон хотноо Индианагийн их сургуульд магистрт суралцахаар ирсээн. Шинэ газар ирээд цагийн зөрүү дөнгөж гараад, төвхнөчих санаатай л үзээд байна. Даваа гарагаас хичээл эхэлнэ. Олон жилийн дараа сургуулийн босго алхав аа, ингээд.
Энэ удаа, ажил хичээлдээ шамдах үе тулсантай холбоотойгоор төлөвлөх, төлөвлөгөөтэй байх тухайд хэдэн эшлэл хуваалцъя.
САНАА
Төлөвлөлтийн мөн чанарыг АНУ-ын Ерөнхийлөгч асан Эйзенхаур хэлчихсэн юм билээ. Дэлхийн 2-р дайнд Холбоотнуудын армийг удирдсан тэрбээр ийн хэлжээ:
Тулалдаанд бэлдэхэд, гаргасан төлөвлөгөө барагтай хэрэгждэггүйг би олж харсан. Гэхдээ л төлөвлөх нь маш чухал.
Төлөвлөнө гэдэг тодорхойгүй ирээдүйд бэлдэх үйл. Ингэснээр бид тодорхой зүг чигтэй болж, өөртөө итгэлтэй, эмээлт багатай болдог.
Ерөөс ирээдүйд юу тодорхой вэ гэвэл юмс бидний бодсон төлөвлөсөн шиг шулуун дардан болж өнгөрөхгүй байх л болов уу.
Ромын философич-хаан Марк Аврелий өглөө босоод тэмдэглэл хөтөлдөг байж. Тэрбээр тухайн өдөр болох зүйлсийг тэмдэглэж өөрийгөө бэлддэг байсан гэдэг. Тэр өдөр хэнтэй уулзахаа, өөрт нь ямар ямар хүндрэл учирч болох тухай, тэр болгонд хэрхэн хариу үзүүлэхээ бодож бясалгадаг байжээ.
Стойкууд алив зүйл буруугаар эргэж болно гэдгийг урьдчилан төсөөлж, өөрсдөдөө сануулдаг байв (premeditatio malorum). Тэд энэ сөрөг төсөөллөө гутранги үзэл гэж харалгүй харин ч ирээдүйд итгэлтэй өөдрөг байх нэг арга гэж үздэг байсныг тэмдэглүүштэй.
Өөр хэдэн эшлэл:
Автор Марк Мансон:
Төлөвлөхийн гол санаа нь юу хийхээ яг таг мэдэх тухай биш юм. Энэ бол өөртөө би юу хийж байгаагаа мэднэ гэж итгүүлэхийн нэр. Үр дүнд нь чи өгзгөө хөдөлгөж ямар нэгийг хийх болно.
Автор Жэймс Клир:
“Бүтэлгүйтэл үнэтэй тусах бол нарийн төлөвлө.
Бүтэлгүйтэл хямд тусах бол хурдан хөдөл.”
“Насанд хүрэгч шиг бодож төлөвлөж, хүүхэд шиг итгэж хүлээхээс илүү зүйл үгүй”.
Яагаад ч юм энэ үг надад гүн туссан шүү.
Хийхээ хийчихээд үр дүнг нь цагаан цайлганаар итгэж хүлээхгүй бол энэ хатуу орчлонг чинь өөрөөр яаж ч туулах билээ дээ хө.
Ганзогийн товшлолыг уншсанд баярлалаа. Тус товхимол үнэгүй хүрч байгаа билээ. Хэрвээ танд бичвэрүүд таалагдсан бол, ямар нэг хэрэгтэй санаа өгсөн бол хоёр аргаар намайг дэмжээрэй: 1) Энэхүү Товшлолыг сошиал медиад хуваалцах 2) Манай Арвис Паблишингаас эрхлэн гаргасан номуудаас худалдаж авах → www.arvispublishing.com
Ёсолсон,
Ганзо