Товшлол #58: Үйлд. Амбицтай байхаас үүдэх алдааг гарга.
Баасан, бямбад Товшлолоо биччихье гэж тэмдэглэл сэлтээ баахан харж байгаад сэдвээ шийдсэн ч юмгүй бүтэн сайнтай залгасан нэгэн бээр өглөө жаахан бухимдуу сэрлээ. Тэгээд дараах үг өгүүлбэрүүдийг холбох болов.
САНАА
Ер нь бидний аливаа ажлыг хойш тавьдаг, эхлүүлдэггүй нэг шалтгаан бол “сурах, судлах” явдал байдаг. Жишээ нь, энэ удаа миний хувьд товшиж болохоор сэдэв цөөнгүй байсан авч нэг л дутуу санагдаад ахиад жаахан унших, судлах хэрэгтэй гэж бодогдоод товшиж эхлэхгүй удаж байгаа юм. Нэг талаар ойлгож болохуйц боловч нөгөө талаар нэг сэдвээ зоригтой барьж аваад бичээд эхэлсэн бол эртээ чулуу болсон байх өндөр магадлалтай.
Энэ тухайд Жэймс Клирийн “Atomic Habits” номд сонирхолтой хэсэг байдгийг эргэн саналаа.
Тэрбээр номдоо “Motion vs. Action” гэсэн санааг илэрхийлсэн нь дээрх зураг. Эхний бөөрөнхий “Motion” гэсэн санааг, дараах сум нь “Action”-г илэрхийлжээ.
Motion (Хөдлөл) vs. Action (Үйлдэл)
Жэймс Клир:
Хөдлөлийн үе шатанд бид төлөвлөж, стратеги гаргаж, суралцаж байдаг. Энэ бүхэн бүгд зөв сайн зүйлс, гэвч эдгээр нь үр дүнг үйлдвэрлэхгүй. Үйлдэл харин үр дүнг авчрах алхам юм.
Жишээ нь:
Хэрвээ би нийтлэл бичих 20 санаа ноорогловол энэ нь Хөдлөл юм. Харин бичээд нийтлэлээ гаргавал Үйлдэл болно.
Хэрвээ би бизнестээ борлуулалт хийх зорилгоор 10 хүнтэй имэйл харилцаа үүсгэвэл энэ нь Хөдлөл юм. Харин тэд бүтээгдэхүүн үйлчилгээг маань худалдан авч үйлчлүүлэгч болбол Үйлдэл болно.
Хэрвээ би хоолны сайн дэглэм барих зорилгоор уг сэдвээр хэд хэдэн ном уншвал Хөдлөл болно. Харин үнэхээр эрүүл хоол идэж эхэлбэл харин Үйлдэл болно.
Асуудал нь, хөдлөлд оршиж буй үедээ бид өөрсдөдөө, би ахиц гаргасаар байна гэж итгүүлэхэд хялбар байдаг. “Би үйлчлүүлэгч болчих боломжтой 4 хүнтэй харилцаж байна. Зөв л явж байна”, эсвэл “Би нийтлэл бичих хэд хэдэн санаа гаргасан. Одоо нэг учир нь олдох байх” гэх мэт.
Хөдлөлийн шатанд үнэхээр юм хийж бүтээгээд байгаа мэт санагдана. Үнэндээ бид ямар нэг юм хийхээр бэлдээд байгаа нь л тэр. Бэлтгэл маань нэг төрлийн хойш суух шалтаг болоод байвал ямар нэг өөрчлөлт хэрэгтэй байна гэсэн үг. Энэ үед яах вэ?
1. Үйлдлийг хуваарьтаа оруул
Даваа, пүрэв гараг бүр би сайтдаа шинэ нийтлэл оруулдаг. Гараасаа юм гаргадаг болохоор энэ өдрүүдэд дуртай гэж. Сайхан мэдрэмж.
Харин даваа, лхагва, баасанд би төмөр өргөдөг. Би энэ өдрүүдэд бэлтгэлээ төлөвлөдөггүй, хийдэг.
Байнга хийх ёстой буюу амьдралын хэв маягаа өөрчлөх зорилтуудад, долооногийн хуваарьтаа үйлдэх цаг оруулах нь хамгийн зөв алхам.
2. Хөдлөлөөс үйлдэлд шилжих огноог зоо
Зарим зорилтын тухайд бол, үйлдлийг өдөр тутмын юм уу долооногийн хуваарьтаа зоох нь тэр болгон тохирдоггүй. Ялангуяа, та нэг л удаа тохиох зүйлийг хийж буй бол: Ном бичиж гаргах, шинэ бүтээгдэхүүн танилцуулах, хүнд шалгалт өгөх, том төсөл хүлээлгэж өгөх гэх мэт.
Эдгээр нь эхлээд төлөвлөлт, бэлтгэл гарцаагүй шаардана. Эцсийн үр дүнг гаргахын тулд өмнө нь олон үйлдэл хийх ёстой болно. Жишээ нь, номынхоо бүлэг бүрийг бичихэд долооногийн хуваарь гаргана. Харин номоо хэвлүүлж нээлт хийх дөхөхөд ямар маркетинг хийх вэ, хаагуур хаагуур явж сурталчлах вэ гэх мэт логистикийн олон асуудал мандаж, үүнд хэдэн сар ч зарцуулж магадгүй болдог.
Энэ тохиолдолд, зүгээр л огноо тавих нь хамгийн зүйтэй юм билээ. Өдөр сонгоод олонд зарла. Том төсөл юм уу нэг удаа хийгдэх зориултуудад энэ нь хамгийн зөв алхам. Хатуу огноо зоосноор өөрийгөө хөдлөлөөс чөлөөлж, үйлдэлд хөтөл.
Хөдлөлийн шатанд та төлөвлөнө, стратеги гаргана, суралцана. Бүгд зөв зүйлс ч эцсийн үр дүнг авчрахгүй. Үйлдэл авчирна.
Тэгэхлээр, та одоо ямар нэгийг хийж байна уу? Эсвэл түүндээ бэлдэж байна уу?
Та хөдлөлд оршиж байна уу? Эсвэл үйлдэл хийж байна уу?
Өөр эшлэлүүд:
“Үйл хөдлөлийг амжилттай бүү андуур.”
–Домогт дасгалжуулагч Жон Вүүден
“Бүх л үйлдэл эрсдэлтэй. Тэгэхээр, хянамгай байх нь аюулаас зугтаах биш ( угаас боломжгүй), харин эрсдэлийг тооцоолж шийдмэг үйлдэхийн нэр юм. Амбицтай байхаас үүдэх алдааг гарга. Хойрго суухаас үүдэх алдааг бүү гарга.”
–Никколо Макиавелли
Ганзогийн товшлолыг уншсанд баярлалаа. Тус товхимол үнэгүй хүрч байгаа билээ. Хэрвээ танд бичвэрүүд таалагдсан бол, ямар нэг хэрэгтэй санаа өгсөн бол хоёр аргаар намайг дэмжээрэй: 1) Энэхүү Товшлолыг сошиал медиад хуваалцах 2) Манай Арвис Паблишингаас эрхлэн гаргасан номуудаас худалдаж авах → www.arvispublishing.com
Ёсолсон,
Ганзо